
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа оруулсан мэдээллийг нь уншигч танд хүргэж байна.
“Урт хугацааны хөгжлийн бодлого боловруулах ажлын хэсгийн 2 дахь уулзалт өнөөдөр үргэлжилж байна. Энэ хүрээнд 13 яам, 5 агентлагийн цаашдын хөгжлийн бодлого, төсөөлөлтэй танилцана.
Өнгөрсөн баасан гарагт Сангийн яам, БХЯ, ГХЯ, БСШУСЯ, ЭМЯ, УУХҮЯ, БХБЯ, ЭХЯ, ЗТХЯ, Үндэсний статистикийн хорооны боловсруулсан салбар тус бүрийн өнөөгийн үйл ажиллагаа, тулгамдаж байгаа асуудал, салбар дундын уялдаа холбоо, холбогдох санал, дараагийн 25 жилийн хөгжлийн төсөөлөлтэй танилцсан. Алдаа, оноог нь тал талаасаа ярилцсан.
Өнөөдрийн хувьд үлдсэн яам, агентлагийнхантай уулзахаас одоогийн байдлаар ХНХЯ, БОАЖЯ, ХХААХҮЯ-ны цаашдын хөгжлийн бодлого, төсөөлөл, тооцооллыг сонсож, санал солилцож, зарим үүрэг, чиглэлийг өглөө.
МУ-ын дараагийн 25 жилийн урт, богионо хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулахын тулд яам, агентлагуудыг нэг зүгт харуулж, ойлголтын зөрүү, ажлын давхардлыг арилгах нь юу юунаас чухал байгаа юм. 2045 он гэхэд манай улсын хүн ам 5 сая болох статистик байгаа. Тэгэхээр энэ өсөлтийг одооноос бид зөв тооцоолж, үүнд бэлдэх ёстой.
Нийгмийн дундаж давхаргыг 75 хувиас дээш болгож тэлэх, хүн өмын өсөлтийг төрөөс бодлогоор дэмжих, утааг арилгах, замын ачааллыг бууруулах, төвлөрлийг сааруулахын тулд хот төлөвлөлт, дагуул хотуудыг оновчтой төлөвлөх, түүнийг дагасан дэд бүтцийг тодорхойлох, гэр хорооллыг бодлогоор хумих, улс орны ЭЗ-ийн тэргүүлэх чиглэлийг оновчтой тодорхойлох, уул уурхайн баялгаас олж буй орлогоос энэ бүх бодлогоо санхүүжүүлэх зэрэг маш олон хэтийн зорилт руу бүгд тэмүүлэх цаг болсон байна.
Ирээдүйн хөгжлийн бодлогоо одоо л амжиж төлөвлөхгүй бол байдал улам хүндрэх нь ээ. Тийм учраас үүнийг нэг цэгт төвлөрүүлэхийг ажлын хэсгийнхэн зорьж байна” гэжээ.
























