Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр “УБТЗ” ХНН үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын өдөр

Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг үүсч хөгжсөний 70 жилийн ойн баярын өдөр өнөөдөр тохиож байна. 1949 оны зургадугаар сарын 6-ны өдөр БНМАУ, ЗСБНХУ-ын Засгийн газрын хооронд хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийг байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар энэхүү түүх эхэлсэн байдаг. “Улаанбаатар төмөр зам” ХНН үүсэн байгуулагдсан түүхэн үйл явдал нь манай улсад төмөр замын тээврийн салбар эрчимтэй хөгжих нөхцөлийг бүрдүүлсэн төдийгүй Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг хурдасгах гол хөшүүрэг болсон билээ.

70 жилийн түүхтэй энэ их айлаас өдгөө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар 14, гавьяат тээвэрчин 29 төрөн төрөн гарсан нь төмөр замчдын хөдөлмөр зүтгэлийн тод жишээ гэлтэй. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Засгийн газар манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд УБТЗ-ын оруулж буй хувь нэмрийг өндөр үнэлж сүүлийн хоёр жил дараалан Монгол Улсын шилдэг 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгаруулсан билээ.

Тэгвэл өнөөдөр УБТЗ-ын хөгжлийн 70 жилийн түүхийг бүтээсэн ахмад үе, тэдний алдар гавьяаг нэр төртэй залгамжлан авч яваа төмөр замчид баярын хурлаа “Шангри-Ла” зочид буудлын “Их танхим”-д хийж байна.

Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов, Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Чепурной, ОХУ-ын Дорнод сибирийн Төмөр замын орлогч дарга А.Парщиков, БНХАУ-ын Хөх хотын Төмөр замын дарга Жан Зи И, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл, УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа гээд олон хүндтэй зочид уригдан оролцов.

Халуун дотно яриа, урлагийн тоглолтоор үргэлжилж буй тус арга хэмжээний эхэнд УБТЗ-ын хүндэт зочдын дэвтэрт Монгол Улсын Их Хурлын гишүүн, ЗТХ-ийн сайд Б. Энх-Амгалан, ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов нар УБТЗ-ын хамт олонд баяр хүргэж амжилт хүсч, сэтгэгдлээ бичлээ. Энэ үеэр тэдний баярын сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.

И.К.Азизов:ОХУ-ын төрийн бүх байгууллагыг төлөөлж дурсамжийн дэвтэрт тэмдэглэл үлдээлээ

/ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд/

-70 жилийн ойн тохиож байгаа УБТЗ бол манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол тулгуур болсоор ирсэн. Миний хувьд ОХУ-ын төрийн бүх байгууллагыг төлөөлж дурсамжийн дэвтэрт тэмдэглэл үлдээлээ. Энэхүү тэмдэглэлдээ УБТЗ ХХН-ийнхэнд ажлын амжилт, урт удаан, дахин 70 жил наслахыг хүссэн ерөөлийг бичиж үлдээлээ. Түүхт ойн баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсад ажиллаж байгаа орос хүмүүстээ болон Монголын ард түмэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. Мөн хамтын зүтгэлийн амжилтын бэлгэ тэмдэг болж ирсэн төмөр замын байгууллагын хамт олонд бүгдэд нь 70 жилийн ойн баярын мэнд хүргэе.

Б.Энх-Амгалан:Монголын төмөр зам хөгжлийнхөө хоёр дахь шат руу орж байна

/УИХ-ын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд/

-Төмөр зам маань энэ жил 70 жилийнхээ ойг хийж байна. Энэ ойн босгон дээр Монголын төмөр зам хөгжлийнхөө хоёр дахь шат руу орж байна гэж хэлмээр байна. Яагаад ингэж хэлж байна вэ гэхээр өмнө нь бид ОХУ-аас тусламж авч төмөр замаа өргөтгөх талаар ярьдаг байсан бол Монгол Улс маань өөрсдөө төмөр замаа тавьж байна. Үүний тод жишээ нь Алтанширээтийн 25 км төмөр замыг өөрсдийн хүчээр, дотоодын эх үүсвэрээр барьж ашиглалтад оруулсан. Цаашдаа Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг ашиглалтад оруулна. Энэ замыг дагасан олон стратегийн орд эдийн засгийн эргэлтэд орно. Дээр нь энэ замыг дагасан стратегийн ордуудын дэлхийн зах зээл дээрх үнэ өснө. Мөн хувьцааны ханш өснө. Тийм учраас монголчуудын маань тавьж байгаа зам хамгийн их ач холбогдолтой гэж хэлмээр байна.

Монгол Улс гадаад худалдаагаа нэмэгдүүлье гэвэл дэд бүтцээ сайжруулах ёстой. Тэр дундаа ачаа эргэлтийг нэмэгдүүлье гэвэл төмөр замаа улам сайн хөгжүүлэх хэрэгтэй.

Д.Жигжиднямаа: 70 жилийн түүхийн явцад бүтээсэн амжилтууд чамгүй их

/УБТЗ-ын дарга/

-Одоогоос яг 70 жилийн тэртээ буюу 1949 оны зургадугаар сарын 6-нд Монгол Улс, ОХУ-ын хувь нийлүүлсэн УБТЗ-ын ХНН-ийг байгуулах гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Өнөөдөр баярынхаа хурлыг хийж байна. Ойн арга хэмжээ бүтэн жил үргэлжилж байгаа. Бид төмөр замчдынхаа дунд урлаг, спортын наадам, олон улсын форум, чуулга уулзалтууд, онол практикийн хурал гээд олон арга хэмжээ зохион явуулсан.

УБТЗ-ын 70 жилийн түүхийн явцад бүтээсэн амжилтууд чамгүй их. Хамгийн гол нь зам дагаж хөгжил ирдэг гэдэг үг бий. УБТЗ-ыг дагаад Монгол Улсын томоохон хот суурин газар, үйлдвэрийн газрууд сүндэрлэсэн, уурхайнууд бий болсон. Төмөр замын хөгжилтэй холбогдуулаад монголчуудын ажилчин анги үүсэх эх үүсвэр тавигдсан гэж үзэж болно. Эдгээрийг хамгийн гол үр дүн гэж зоригтой хэлж чадна.

Цаашид баярын үйл ажиллагаа үргэлжилнэ. Тухайлбал, төмөр замчдынхаа наадмыг хийнэ. Хамгийн гол бүтээн байгуулалтын ажлууд маань ч өрнөнө. Өнгөрсөн оны тогтоосон дээд амжилтыг давуулан биелүүлэх ийм зорилт тавин ажиллаж байна.

Дашрамд сонирхуулахад, өнөөдөр Монгол-Оросын найрамдлын хөшөөнд УБТЗ-ын удирдлага, ахмадууд, төмөр замчид цэцэг өргөж, гурван үеийн хэлхээ хөшөөний нээлтийг хийв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан