Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Чинзориг: Конгрессын үеэр алдаа гаргахгүйн тулд бэлтгэлийг чамбай хангах ёстой

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болох Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн дөрөвдүгээр конгрессыг зохион байгуулах хорооны хурал “Шангрила” зочид буудлын их танхимд боллоо.

Хурлыг нээж Конгрессыг зохион байгуулах үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ конгресс болоход 20-иодхон хоног үлдээд байгааг онцлон дурдаад өнгөрсөн хугацаанд Үндэсний хороо хурлын бэлтгэлийг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагын талаарх ойлголт, мэдээлэл авч бэлтгэл ажлын хүрээнд ямар ажил төлөвлөн хэрэгжүүлэхээ ярилцан төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад анхаарч ажилласныг товч танилцуулав.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Конгресст онцгой анхаарал хандуулж байгаагийн илэрхийлэл болгож Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулахаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэхүү конгресс нь манай улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөгжлийг дэмжихэд түүхэн ач холбогдолтой арга хэмжээ” хэмээсэн.Түүнчлэн Зохион байгуулах хорооны даргын хувьд Нийслэлийн Засаг дарга, Гадаад харилцааны дэд сайд, харилцаа холбооны мэдээллийн технологийн газрын дарга, Барилга хот байгуулалтын болон Зам тээврийн яамны холбогдох удирдлагатай биечлэн уулзаж, конгрессын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг даалгавар өгч ажилласан байна.

Энэ удаагийн хурлаар Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх IV конгрессыг Монгол Улсад зохион байгуулах бэлтгэл ажлын явцын талаарх мэдээллийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр хийлээ.Ази, Номхон далайн бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв тухайн улсын Засгийн газар бусад олон улсын байгууллагуудтай хамтран дөрвөн жил тутамд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг зохион байгуулдаг уламжлалтай.

Анхны конгресс 2008 онд Тайландын Бангкокт, удаах нь "Хүн бүрийг хамт олонтой болгоно" сэдвийн дор 2011 онд Филиппиний Манила хотод, гурав дахь нь "Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд" сэдвийн дор 2015 онд Японы нийслэл Токио хотод болсон. Монгол Улсад зохион байгуулах IV конгрессыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд илүү анхаарал хандуулж буй илэрхийлэл болгож "Эдийн засгийн тогтвортой хөгжилд хөгжлийн бэрхшээлийг тэгш хамруулах" гэсэн сэдвийн дор явуулахаар болсон. Одоогийн байдлаар уг хуралд Ази, Номхон далайн бүсийн орнуудаас 200 гаруй, Монголоос 400 орчим хүнийг оролцуулахаар төлөвлөсөн байна.

Оролцогчдын 40-өөс доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байх бөгөөд тэдэнд зориулсан хүртээмжтэй орчинг зайлшгүй бүрдүүлэх шаардлагатайг Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр танилцуулгадаа онцлон дурдсан юм.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Конгрессын бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулгадаа Конгрессын бэлтгэл ажлын хүрээнд 10 байршилд нийт 150 замын гарцыг налуу болгон өөрчилж, 2967 ам метр явган хүний замыг засч сайжруулах, 11800 м хэвтээ тэмдэглэгээний ажлыг хийх зарим уулзвар гарцанд дуут дохио байрлуулах, явган хүний гарцыг гэрлэн дохиотой болгох зэргээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих бүхий л нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгааг ярьсан.

Мөн нийтийн тээврийн 50 автобусыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд бууж суухад хүндрэлгүй байхаар шинээр тоноглосон байна. Энэ бүхэн хэдийгээр Конгресст зориулан хийж буй ч цаашдаа нийслэл хот хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй дэд бүтцийг бий болгох ажлын эхлэл хэмээсэн.Конгрессийг зохион байгуулах хүрээнд зочид буудал, үйлчилгээний ажилчдад сургалт явуулж, хуралдааны үеэр ажиллах сайн дурынхныг сонгон шалгаруулж, сургалтад хамруулж байгаа ч “Хөвсгөл” болон “Туушин” зочид буудлын удирдлагууд зочид хүлээн авахаа мэдэгдсэн ч ажилтнуудаа сургалтад хамруулахгүй байгааг анхаарахыг С.Чинзориг сайд хотын удирдлагаас хүслээ.

Хотын дарга С.Амарсайхан энэ талаар анхаарч, холбогдох газруудад мэдэгдэж, сургалтад хамруулахаа хэлсэн юм.Энэ удаагийн хуралд Конгрессын гадаад харилцаа, ёслолын үйл ажиллагаа, анхаарах асуудлын талаар ХНХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Г.Анар, Конгрессын үеэр ажиллах Дохионы орчуулгын багийн ажлын явцын талаарх Сонсголын бэрхшээлтэй иргэдийн соёлын төвийн тэргүүн Ж.Дуламсүрэн танилцуулж, гишүүдийн асуултад хариуллаа.

Хурлын төгсгөлд Үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Конгрессын бэлтгэл ажилтай холбоотой хурал, уулзалт бүхий асуудалд дэмжлэг үзүүлэн хамтарч ажиллаж буй “Тэгш нийгэм холбоо” ТББ, тус холбооны тэргүүн Л.Энхбуянт, Конгрессыг зоион байгуулах үндэсний хороо болон Олон улсын хорооны ажлыг хооронд нь холбох гүүр болон ажиллаж, мэдээллээр ханган, олон улсад сурталчлах, гадаадаас зочид төлөөлөгчдийг оролцуулах зэрэгт дэмжлэг болж хамтран ажилласан ЖАЙКА олон улсын байгууллагын “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийн ахлах зөвлөх Чиба Хисао, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаадын иргэн харьяатын газар, Гаалийн ерөнхий газар зэрэг байгууллагуудаас төлөөлөн идэвх санаачлагатайажиллаж буй ажилтан, албан тушаалтнууд, “Түгээмэл хөгжил төв” ТББ-ын тэргүүн Ч.Ундрахбаяр зэрэг хүмүүст талархал илэрхийлээд үлдэж буй хугацаанд үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж, Засгийн газраа төлөөлөн зохион байгуулалтын ажлын хариуцан ажиллаж буй үндэсний хорооны гишүүд Конгрессын үеэр ямар нэг алдаа дутагдал гаргахгүйн тулд бэлтгэл ажлыг маш чамбай хангах ёстой гэдгийг дахин анхааруулж, Конгрессын бэлтгэлийг хугацаанд нь хийж гүйцэтгэхийг үүрэг болголоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан