Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын менежментийг эхлүүллээ

Монгол Улсын агаарын тээврийн салбарт хийгдсэн хамгийн том бүтээн байгуулалт болох Төв аймгийн Сэргэлэн суман дахь Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлыг өнөөдөр нээж, нисэх буудлын менежментийг эхлүүллээ.

Нисэх онгоцны шинэ буудлын менежментийг “Концессын гэрээ”-гээр Япон улстай хамтран хэрэгжүүлнэ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын менежмент төсөл”-ийг “хөрөнгө оруулах-ашиглах-шилжүүлэх” нөхцөлөөр Монгол, Японы хамтарсан компанитай концессын гэрээ байгуулахыг зөвшөөрсөн.

Үүний дагуу Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессоор Монголын талаас “Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК, Японы консорциум буюу “Жапан Эйрпорт Менежмент” ХХК-ийн хамтарсан “Нью интерэйшнл эйрпорт” ХХК-д  шилжүүлэх ёслолын арга хэмжээ ийнхүү өнөөдөр болов.

Концессын гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан, Япон, Монголын хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн удирдлага гарын үсэг зурсан юм. Концессын гэрээний хэрэгжих хугацаа 15 жил бөгөөд концесс эзэмшигчид гэрээ хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын дотор  өөрийн хөрөнгөөр бэлтгэл ажлаа ханган шинэ нисэх буудлын үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын менежментийг концессын гэрээгээр шилжүүлснээр Азидаа нисэх буудлын үйлчилгээгээр тэргүүлэгч Япон улсын менежмент /НОУ-ХАУ/, үйлчилгээний соёлыг өндөр түвшинд нэвтрүүлэх, нислэгийн урсгал, зорчигчдыг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг чухал ач холбогдолтой. Шинэ нисэх буудал ашиглалтад орсноор цаг агаараас шалтгаалсан нислэг саатал эрс багасах аж.

Концесс эзэмшигчдэд Япон Улсын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдсан шинэ нисэх буудлын барилга, байгууламжаас агаарын навигацийн үйлчилгээний барилга байгууламж, агаарын хөлгийн засвар үйлчилгээний байгууламж, шатахууны байгууламжаас бусад барилга байгууламж, түүний инженерийн шугам сүлжээ, холбогдох тоног төхөөрөмжийг ашиглуулахаар гэрээнд тусгасан байна.

Энэхүү арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн Засаг дарга О.Амарсайхан, ИНЕГ-ын удирдлага, Японы талаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато, манай улсад ирээд буй Япон улсын Зам, тээвэр, дэд бүтэц, аялал жуулчлалын яамны дэд сайд Шинохара Яшихиро, Монгол-Японы хамтарсан “Нью Улаанбаатар интернэйшнл эйрпорт” компанийн удирдлага, манай улсад суугаа БНХАУ, Энэтхэг улсын Элчин сайд нар, олон улсын байгууллага, иргэний нисэхийн төлөөлөл оролцсон юм.

Ийнхүү 2006 онд эхлүүлсэн төсөл 13 жилийн дараа буюу энэ жил ашиглалтад орлоо.  

ШИНЭ НИСЭХ БУУДЛЫН ШАЛГАХ НИСЛЭГИЙГ “МИАТ” ТӨХК ҮЙЛДЛЭЭ

Мөн өнөөдөр Хөшгийн Хөндий дэх Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмыг нислэгээр шалган батлах шалгалтын нислэгийг Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК-ийн EA-CXV бүртгэлийн дугаартай В737-800 агаарын хөлгөөр Ч.Нямсайхан даргатай нисэх бүрэлдэхүүн амжилттай хийж гүйцэтгэлээ.

Тус нислэгээр уламжлалт навигацид тулгуурласан нарийвчлалтай болон нарийвчлалтай бус ойртолтын журмуудыг /ILS RWY 29, LOC RWY 29, VOR/DME RWY 29, VOR/DME RWY 11 гэх мэт/ шалгасан байна.

“МИАТ” ТӨХК тус нисэх буудалд зориулан шинээр зохиосон хэрэглэлийн нислэгийн журмуудыг  батлах нислэгээр шалгаж холбогдох дүгнэлтийг ИНЕГ-т хүргүүлэх юм байна. Дээрх шалгалтын нислэгийн бэлтгэл ажлыг хангахад ИНЕГ-ын Агаарын навигацын бодлого зохицуулалтын хэлтэс, Шинэ нисэх буудлын Агаарын навигацын үйлчилгээний Ажлын хэсэг болон бусад холбогдох нэгжүүдтэй хамтран ажилласан юм. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан