Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АТГ: Ховд аймгийн төрийн байгууллагын нэр бүхий 1 албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар шаардлага хүргүүллээ Эрдэнэс Тавантолгой: Ногдол ашгийн 256,000 төгрөгийг ирэх сард олгоно Төв цэнгэлдэхийн газраас бусдад олгох захирамж гаргасан үе үеийн Засаг дарга нарыг АТГ-т шалгуулна ЦХХХ-ны сайд Н.Учрал: Ардчиллын баян бүрд хэмээн нэрлэгддэг манай улс мэдэх эрхийг хангуулахад технологи ашиглаж байна "Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ирэх онд ашиглалтад оруулна" Ногоон автобусны сонсголыг удирдах Түр хорооны даргыг сонгоно Эмээлтийн махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоов Улаанбаатарт 3 градус дулаан байна Д.Мөнх-Эрдэнэ: СӨХ-ны төлбөрөө зургаан сараас дээш төлөхгүй бол Монголбанкны зээлийн мэдээллийн санд бүртгэх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 11 улсын компани санал ирүүлэв
Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацааг ирэх сарын 09-нөөр тогтлоо

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2019.07.18) хуралдаан 10 цаг 42 минутад хувийн 57.9 ирцтэй эхэлж, хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтлоо.

Байнгын хорооны хуралдаанаар эхлээд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм.

Байнгын хорооны дарга С.Бямбацогт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Улсын Их Хурлын 62 гишүүн гарын үсэг зурж, 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд мөн сарын 18-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн нэг дэх хэлэлцүүлгийг дэмжиж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн.

Гишүүдээс өргөн мэдүүлсэн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж эхлээд байгаа. Хэлэлцүүлгийг хоёр дахь шатанд Улсын Их Хурлын гишүүд, Байнгын хороод, ажлын хэсгээс зарчмын зөрүүтэй 69 санал гаргаснаас 60 саналаар нь санал хураалт явуулаад байна. Энэ хооронд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, энэ талаарх үндэслэл, тайлбараа чуулганы нэгдсэн хуралдаан дээр илэрхийлсэн. Иймээс үүссэн шинэ нөхцөл байдалтай уялдуулан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх хугацаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан талаар гишүүдэд танилцуулсан юм.  

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зохих хэсгийг үндэслэн боловсруулсан уг тогтоолын төсөлд Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байх тул Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тогтоохоор тусгажээ. Мөн уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийллээ. Байнгын хорооны дарга С.Бямбацогт гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй нийцүүлэн аль аль заалтыг нь авч үзэж боломжтой эсэхийг судлах, төслийг олон нийтэд тайлбарлаж таниулах, санал авах хэлэлцүүлэг өрнүүлэх үүднээс гишүүдийг тойрогтоо ажиллах боломж бололцоог хангахаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тогтоохоор төсөлд тусгасан.

Мөн Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд баримтлахаар заасан үндсэн зарчмыг хангахад чиглэгдэж байгаа. Тухайлбал, Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд Үндсэн хуулийг дээдлэн сахих, түүний тогтвортой байдлыг хамгаалах; ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах; бодитой, ил тод байх үндсэн зарчмыг баримтлахаар заасан. Энэ зарчмыг хангахдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төсөл санаачлах үеэс эцэслэн батлах хүртэл бүхий л үйл ажиллагаанд иргэд, улс төрийн нам, олон нийтийн бусад байгууллагын оролцоог хангах; иргэдэд төслийн талаар саналаа чөлөөтэй илэрхийлэх бололцоог олгох, түүнчлэн төслийн хэлэлцүүлгийн үе шат хооронд Улсын Их Хурлын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх, төслийн хэлэлцүүлгийн үе шат хоорондын хугацааг иргэд, тэдгээрийн хамт олон, байгууллагад санал бодлоо илэрхийлэх боломж олгохуйцаар тогтоохоор заасан байна.

Эдгээр зарчмуудыг хангасны үндсэн дээр Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналыг гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй хамтатган хэлэлцэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай болсон. Ингэхдээ Ерөнхийлөгчийн төслийг гишүүдээс өргөн мэдүүлсэн төсөлтэй саналын түвшинд зэрэгцүүлж хэлэлцүүлэх боломжтой гэж үзсэн. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.4 дэх хэсэгт “чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно” гэж заасан. Тиймээс энэ хугацаанд Улсын Их Хурлын 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг болон ажлын дэд хэсгүүд хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, саналын талаарх тайлбар, үндэслэлээ боловсруулах, холбогдох судалгаа тооцоо, лавлагаа, мэдээлэл бэлтгэх чиглэлээр тасралтгүй ажиллана. Мөн зөвшилцлийн ажлын хэсэг зөвшилцөж нэгдсэн ойлголцол, байр суурьтай болох ажлууд хийгдэнэ гэдгийг хэллээ.

Харин тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Эрдэнэбат, Н.Цэрэнбат, Д.Хаянхярваа, Н.Энхболд нар болон Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Үг хэлсэн гишүүд Улсын Их Хурлын гишүүдээс өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр хэлэлцүүлгийн шатанд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа өргөн мэдүүлсэн учраас уг төсөл, саналыг судалж боловсруулах, саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх шаардлагатай байх тул Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацаа тогтоохыг дэмжиж буйгаа илэрхийллээ. Мөн гишүүдийн ихэнх нь Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл тогтоохоор тогтоолын төсөлд тусгасан нь давчуу байгаа тул хугацааг арай тавиу тогтоох нь чухал гэсэн байр суурьтай байгаагаа хэлж байв.

Ингээд гишүүдийн гаргасан саналын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хугацааг 2019 оны 8 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл тогтоохоор санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон 11 гишүүний 10 нь буюу 90.9 хувь нь дэмжив. Мөн уг тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж батлуулахыг гишүүдийн 90.9 хувь нь дэмжлээ.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан