Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Нээлттэй сонсгол”-ыг ирэх сард зохион байгуулах үүрэг өгөв

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр сайжруулсан түлшний хэрэглээ болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцсан УИХ-ын гишүүд болон холбогдох байгууллагын төлөөлөлтэй уулзаж, үүрэг чиглэл өглөө.

Уулзалтад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга, Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсгийн ахлагч М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, С.Жавхлан, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан болон БОАЖЯ, ЭХЯ, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар зэрэг холбогдох байгууллагын төлөөлөл оролцов.

УИХ-ын даргын 2017 оны 212 дугаар захирамж, 2019 оны 81 дүгээр захирамжаар тус тус агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгавар, УИХ болон Засгийн газраас гаргасан холбогдох тогтоол шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх үүрэг бүхий Ажлын хэсгүүд байгуулагдсан.

Ажлын хэсгийн гишүүд болон УИХ-ын дарга өнгөрөгч амралтын өдрүүдээр гэр хорооллын айл өрхүүдээр орж сайжруулсан түлшний хэрэглээтэй танилцсанаас гадна мэргэжлийн хүмүүсээр зөвлөгөө мэдээлэл өгүүлж, түлшний талаарх иргэдийн санал бодлыг сонсож ажилласан юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар сайжруулсан түлш үр дүнгээ өгч байгаа ч иргэдийг мэдээллээр хангах ажил дутмаг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээгээр санаатай болон санамсаргүйгээр цацаж байгаа зөрүүтэй мэдээллээс болж иргэд айдас, эргэлзээ, болгоомжлолтой байгаа нь ажиглагдсан. Утаа, агаарын бохирдол мэдэгдэхүйц буурч байна. Гэхдээ хүний амь нас эрсдэх ёсгүй. Энэ ажилд төр, иргэн, иргэний нийгмийн байгууллагууд гээд бүх нийтийн хамтын хүчин чармайлт чухал байгааг хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэлээ.

Сүүлийн гурван жилд угаартаж амь насаа алдсан тохиолдлын статистикийг дурдахад улсын хэмжээнд 2016 онд 9 тохиолдол бүртгэгдэж 14 хүн нас барсан,  2017 онд 15 тохиолдол гарч 10 хүн нас барсан, 2018 онд 10 тохиолдол гарснаас 12 хүн нас баржээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар албаны хүмүүсийн мэдээллийг сонссоны дараа “Улаанбаатар хот хамгийн хүйтэн нийслэл. Гэр хороолол ихтэй учраас өөрийн гэсэн онцлог шийдэл хэрэгтэй. Сайн технологи, шилдэг шийдлийн олон хувилбарыг зэрэгцүүлж хэрэгжүүлэх нь үр дүнд хүрэх магадлалтай. Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал. Цаашид нэг ч хүний амь хохирох ёсгүй” хэмээн онцлов.

Тэрбээр, Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, Засгийн газарт дараах чиглэлийг өгсөн юм. Үүнд,

1.     Үндэсний хорооны шийдвэрийн хэрэгжилтийн уялдаа холбоог хангах, зохих хяналтыг тавих чиг үүрэг бүхий улс төрөөс хараат бус төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, сэтгүүлчид, иргэдийн төлөөллийг оролцуулсан Ажлын алба байгуулж, ажиллуулах,  

2.     Агаарын бохирдол болон сайжруулсан түлшний хэрэглээний талаарх мэдээлэл сурталчилгааг эрчимжүүлэх,

3.   Амны хаалт, агаар шүүгч, цэвэршүүлэгч, агаарын бохирдлыг хянах төхөөрөмжийн стандартыг хангах,

4.  Азийн хөгжлийн банкнаас гаргасан “Улаанбаатар хотын агаарын бохирдлын эсрэг тэмцэлд ялах нь” нэртэй судалгаанаас гаргасан зөвлөмжийг судлан үзэж, богино болон урт хугацааны бодлогын арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлэх. Тухайлбал, судалгааны дүгнэлтэд тусгагдсан түүхий нүүрснээс татгалзаж, цэвэр нүүрсний салбарт хувийн хэвшлийг татан оролцуулах, цахилгаан зуух, халаалтыг дэмжих, орон сууцжуулах зэрэг урт хугацааны бодлогоо орхигдуулалгүй хэрэгжүүлэх,

5. Дагуул хотыг бий болгох, хотыг дахин төлөвлөх асуудлыг хойшлуулалгүй шийдэх зэрэг ажлыг зохион байгуулахыг даалгалаа.

Дээрх ажлуудад хяналт тавьж ажиллахыг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг ахлагчтай Агаарын бохирдлыг бууруулах ажлын хэсэгт даалгаж, ирэх сард “Нээлттэй сонсгол” зохион байгуулахыг үүрэг болгов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан