
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн үйлчилгээг түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор Сангийн яам, гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төв хамтран төрийн үйлчилгээний цахим төлбөр тооцооны системийг нэвтрүүлж байна. Энэ дагуу иргэд Улсын бүртгэлийн ерөнхий газраас үзүүлдэг 38 төрлийн үйлчилгээ, лавлагааны төлбөрийг “Цахим төлбөрийн баримтын систем” буюу ebarimt аппликейшн ашиглан гар утаснаасаа интернет банкаар төлөх боломжтой гэсэн үг юм. Ингэснээр иргэд заавал банкинд очих, цаг алдах, гүйлгээ хийх бүртээ шимтгэл төлөх зэрэг хүндрэл арилж байна. Цаашид 185 төрлийн үйлчилгээ болон гааль, татвар, эрүүл мэнд, соёл урлагийн байгууллагуудад үе шаттай нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Товч мэдээ
- Япон Улсын Чюүбү, Канто, Тохоку бүсийг дайрсан “Хагибис” хар шуурга, хүчтэй аадар борооны улмаас олон хүний амь эрсдэж, эд материалын их хохирол учирсантай холбогдуулан 100 мянган ам.доллартай тэнцэх хэмжээний хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов. Энэ сарын 15-ны байдлаар 68 хүний амь эрсдэн, 15 хүн сураггүй алга болж, 212 хүн гэмтэж бэртжээ. Аврах, сэргээн босгох ажиллагаанд 110 гаруй мянган албан хаагч оролцож байна.
- Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийн Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.
- “Эдийн засгийн удирдлагыг дэмжих хөтөлбөр”-ийн хоёрдахь шатны Хөгжлийн бодлогын санхүүжилтийн хүрээнд Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан Санхүүжилтийн хэлэлцээр болон Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хооронд байгуулсан Зээлийн гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
- Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэсний геологийн алба байгуулснаар геологийн судалгааг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн хоорондоо уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулна. Салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах болон улс орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцөл бүрдэх юм.
























