Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.АМАРСАЙХАН: НАЛАЙХЫН ЗАМ-ХӨГЖЛИЙН ЗАМ БАЙХ БОЛНО

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Зам тээврийн хөгжлийн сайд А.Энх-Амгалан, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар болон албаны бусад төлөөлөгчид оролцлоо.

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх энэхүү замыг гүйцэтгэгчээр "Синохайдо Лимитед Корпорейшн" компани ажиллажээ. Нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг сайтайг танилцуулгын үеэр онцоллоо. Түүнчлэн эсрэг урсгалын машины гэрэлд гялбахаас сэргийлсэн 60 см өндөртэй хашлагатай, гурван цэгт хяналтын камер, хурд хэмжигчийг байрлуулжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ: "Налайхын зам 60 гаруй жил болсны улмаас хуучирч, эвдрэл ихтэй, осол гарах эрсдэл өндөртэй байсан билээ. Тиймээс шинэчлэх шаардлага зайлшгүй байлаа.
Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан бол одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барихыг хичээдэг болсон. Энэ зун бороо хур ихтэй байсан тул замын ажилд 29 хоног алдсан ч монгол, хятадын ажилчид хичээнгүйлэн ажилласны үр дүнд хугацаандаа ашиглалтад оруулж байна. Энэхүү ажилд гар бие оролцсон бүх хүнд талархлаа илэрхийлье.
Гэхдээ энэ зам нь хурдны зам биш гэдгийг анхаарах ёстой. Замын хөдөлгөөний дүрмээ чанд сахихыг иргэддээ анхааруулж байна. Бусдыг хүндлэн дураараа биш дүрмээрээ зорчихыг хүсье. Алтан шаргал зам нь өлзийтэй сайн байх болтугай" хэмээн уриалсан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан: "Санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, богино хугацаанд чанартай ажиллах зохион байгуулалтыг хийж дэмжсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд талархлаа илэрхийлье.

Нойтон бороо, халуун өдөр, сэрүүн оройд хүчээ дайчлан ажилласан нийт ажилтан, албан хаагчдадаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье. Энэ бол хөгжлийн зам юм. Учир нь Тэрэлж, Цонжин Болдог гэхчлэн цаашлаад манай улсын түүх дурсгалын олон чиглэлд энэ замаар зорчих болно.
Мөн эрүүл мэнд спортын зам гэж болно. Учир нь энд Яармагийн гүүрээс Налайх, Цонжин Болдог хүртэлх дугуйн аялал хийх боломжтой болж байна" гэдгийг онцлов.

Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх замыг шинэчлэх төсөл нь 2020 оны долдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг суурь асфальто хучилтаар нээж байгаа бөгөөд хөдөлгөөн зохион байгуулалттай холбоотойгоор хэвтээ тэмдэглэлийг ирэх онд өнгө хучилтийн ажлыг хийх хүртэл түр хийсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан