ТЕГ болон ЦЕГ-ын хамтарч өнгөрсөн сарын 29-ний шөнө тусгай ажиллагаа явуулсныг уншигчид мэдэж байгаа байх.
Уг тусгай ажиллагааны үр дүнд Монгол Улсад цахим болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдэх зорилгоор жуулчны визтэйгээр нэвтэрсэн БНХАУ-ын 800 орчим иргэнийг саатуулж, тэдний хэрэглэж байсан өндөр хүчин чадал бүхий 1,000 орчим комьпютер, ухаалаг гар утас, 10 мянга гаруй үүрэн холбооны дата сим картууд, онц их хэмжээний бэлэн валют, тансаг зэрэглэлийн автомашинуудыг хураан авсан.
Дээрх иргэдийн хувьд 2019 оны 8 дугаар сараас Монгол Улсад бага багаар нэвтэрч 2019 оны 10 дугаар 29-ний байдлаар 800-д хүрсэн. Үүнд тагнуулын байгууллагаас тухай бүр хяналт тавин ажиллаж байсан, зохион байгуулагч гэх этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээлж байсан юм.
Тэгвэл энэ үйл явдлын талаар УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан дөнгөж сая мэдээлэл хийв.
Тэрбээр “10 дугаар сарын 12-15-ны хооронд Хуан гэдэг хятад Засгийн газрын Шадар сайдтай уулзсан байна. Алтанбулаг, Цагааннуурын чөлөөт бүсийн дарга нар хамтдаа уулзалт хийжээ. Цахим казино ажиллуулах зорилгоор Засгийн газрын өндөр албан тушаалтнууд хятадуудыг хүлээн авч уулзсан байна. “Тэгээд ажиллуулж болно. Та бүхэн ирж туршилт хий” гэсэн байна. Манайд ирсэн 800 хятад Камбожоос хөөгдөж ирсэн юм байна. Энэ хүмүүсийг оруулж ирсэн хэргээр 461 дүгээр ангид Уулаа, Баяраа гэдэг хоёр хүн хоригдож байгаа юм байна. 53 халхавч компани байгуулж ГХЯ, ТЕГ-т хүсэлтээ гаргаж жуулчин нэрээр оруулж иржээ. Хуан гэдэг хятад баривчилгаа болохын өмнөх долоо хоногт урагшаа гарсан байна. Хоёр туслах нь Замын-Үүдээс зугтаж гарах гэж байгаад баригдсан байна. ТЕГ-ын дарга, ГХЯ-ныхан үүнийг анхнаас мэдэж байжээ. Оруулж ирэхдээ ч, гаргахдаа ч зохион байгуулалттай байсан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор арав гаруй хүн 461-т хоригдоод шалгагдаж байна” гэлээ.