Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЕТГ-ын дэд дарга Г.Байгалмаа нарын таван хүнийг СЕХ-ны гишүүнээр томилохыг дэмжив

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.01.08/ хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв.

Энэ үндсэн дээр Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд заасны дагуу Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос Бямбажавын Ганбатыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлж буйг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулсан юм.

Нэр дэвшигч Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй, 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,  1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга, 2014-2018 онд Дэлхийн банканд експерт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр  ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд Төрийн байгуулалтын байнгын хорооноос түүнийг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр улируулан томилуулах санал гаргажээ.

Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Гочоосүрэнгийн Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгожээ Энэ талаарх Ерөнхийлөгчийн санал, нэр дэвшигчдийн товч намтрыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм.

Мөн Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлжээ. Нэр дэвшигч Д.Баяндүүрэн нь 2019 оны 11 дүгээр сарын 29-нд болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 93.7 хувийн санал авсан бөгөөд тэрбээр 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байгаа юм. Харин нэр дэвшигч О.Амгаланбаатар нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 64.7 хувийн санал авсан бөгөөд 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа аж.     

Танилцуулгатай холбогдуулан гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд  Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигч тус бүрээр санал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ. Мөн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөхийг дэмжив.

Ингээд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, энэ талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан