Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

 З.Энхболд: Ерөнхийлөгч ОУВС-тай гэрээ хийгээгүй, гэрээ хийсэн Ч.Хүрэлбаатар хариуцна биз

 Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Олон улсын валютын сантай хийсэн гэрээ зөрчигдсөн хэмээн хариуцлага хүлээх бол гэрээг хийсэн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариуцах хэрэгтэй хэмээн livetv.mn сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.

он солигдох мөчид Монгол Улсын Ерөнхийлөгч тэтгэврийн зээлийг тэглэх талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж гарсныг дуулгасны дагуу өнгөрсөн баасан гарагт УИХ-ын чуулганаар “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” хуулийн төслийг баталсан.

Хуулийн төслийг баталснаар зургаа хүртэлх сая төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон юм.

Хуулийн төслийг батлахтай зэрэгцээд Олон улсын Валютын сангийн Монгол Улсыг хариуцсан Ажлын хэсгийн ахлагч “Монгол Улс ОУВС-тай байгуулсан гэрээгээ зөрчсөн. Тэтгэврийн зээлийг цуцлах энэ санал 2017 онд ОУВС-тай Засгийн газар тохиролцон хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөртэй нийцэхгүй байна” гэсэн мэдэгдлийг хийсэн.

Хуулийн төсөл хэрэгжсэнээр ДНБ-нд эзлэх өрийг хоёр хувиар нэмж, инфляц, төгрөгийн ханшид дарамт учруулна гэдгийг анхааруулаад байгаа билээ. 

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд livetv.mn сайтад байр сууриа илэрхийлэхдээ “Тэтгэврийн зээлийг тэглэсэн нь зөв. ОУВС-тай гэрээ хийсэн Ч.Хүрэлбаатар хариуцдаг юм байгаа биз. Ерөнхийлөгч гэрээ хийгээгүй шүү дээ. МАН-ыхан л гэрээ хийсэн шүү дээ. Гэрээ хийх шаардлагагүй байсан. ОУВС-гийн үгэнд орж гэрээ хийгээд есөн татвар нэмээ биз дээ. Өөрсдийнх нь асуудал шүү дээ, ҮАБЗ-д хамаагүй. ОУВС-гийн үгээр яваад сайхан болдог бол болохоор боллоо, болохгүй байгаа биз дээ. Амьдралгүй шийдвэр гаргадаг. 2012-2016 оны хооронд УИХ, Засгийн газар ОУВС-гаас мөнгө аваагүй шүү дээ. Авахаар ийм балай, балай шаардлагаа тавьдаг. Тиймээс нээлттэй зах зээлд Самурай, Чингис бондоор зээл авсан. Угаасаа түүхий эдийн үнэ өссөн үед ОУВС уруу ордог нь буруу. Ч.Хүрэлбаатарын буруу. Бурууг нь МАН сонгуулийн үр дүнгээр төлнө шүү дээ. Юм болгон төлбөртэй” гэжээ.

Төрийн тэргүүнийг төлөөлдөг эрхэм 2017 онд хийсэн хөлбөрөлтгүй дагаж мөрдөх үүрэгтэй гэрээг ҮАБЗ-д хамаагүй хэмээн мэдэгдчихлээ. Монгол Улсын эдийн засагтай салшгүй холбоотой асуудлыг намын харьяаллаар дүгнэж, төлөөсийг нь МАН ирэх сонгуулиар хүртэнэ гэсэн нь тун хариуцлагагүй мэдэгдэл боллоо. З.Энхболдын хэлсэнчлэн юм болгон төлбөртэй юм бол тэтгэврийн зээлийг тэглэх шийдвэрийн "төлбөр" нь юу вэ асуулт урган гарч байна. 

 

2 Сэтгэгдэл
Ингэж муруйдалсан ярилцлага өгч болох уу.монгол улс гэрээ хийсэн шүү дээ.Тэгэхээр монгол улсыг төлөөлдөг ерөнхийлөгчид яахаараа хамаагүй байдаг юм.
Энэ нэг төрийн хорлонтой хүн байх юмаа
Хамгийн их уншсан