Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МоАХ-ны Удирдах зөвлөлийн СОНОРДУУЛАХ бичиг

Тэртээ 30 жилийн өмнө буюу 1990 оны 2 дугаар сарын 18-нд Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурал хуралдан "Монгол орны хөгжлийн нийгэм, улс төр, эдийн засаг, оюун санааны болон ёс суртахууны гүн хямрал, гарах арга замын тухай" үндсэн, “Хуулийн шинэчлэл хийх нь манай хувьсгалын амжилт ялалтын баталгаа мөн" хавсралт илтгэл, МоАХ-ны дүрэм, мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлаж “Сүсэг бишрэлийн эрх чөлөө", “Монголын төр улс сэргэн мандсаны 800 жилийн ойн тухай" байр сууриа тус тус тунхагласан юм

Түүнчлэн Монголын ард түмэнд хандаж уриалга, БНМАУ-ын Ардын Их хурал, МАХН-ын Төв хороонд өргөн барих бичиг гаргасны зэрэгцээ Монголын Ардчилсан намыг /МоАН/ байгуулснаа зарласан билээ.

МоАХ-ны Анхдугаар Их хурлын түүхэн ач холбогдол өндөр бөгөөд Монголчуудын мэлмийг дахин нээж урам зоригийг нь бадраасан юм.

Энэхүү түүхт ойг тохиолдуулан Анхдугаар Их хурлын төлөөлөгчдөд хүндэтгэл илэрхийлэхийн ялдамд доорхи асуудлуудаар байр сууриа илэрхийлж байна.

НЭГ. Ард түмэн дэмжсэн ардчилагчдын тэмцлийн үр дүнд 30 жилийн өмнө ЗХУ-ын хараат байдлаас ангижирсан Монгол улс алгуур БНХАУ-аас хамааралтай болсон нь туйлын эмгэнэлтэй.

Хэдийгээр Монгол улсын Үндсэн хуулинд саяхан Монгол улсын Ерөнхийлөгчийн шууд санаачилгаар тусгаар тогтнолын талаар санал асуулга явуулахыг хориглох заалт орсон ч төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх дээд дунд төвшинд бидний тусгаар тогтнолыг ил далдаар мөнхөд үгүйсгэгч харь үндэстний эрх ашгийг улайм цайм хамгаалагчид гүн шигдэцгээж улс төр, хууль. эдийн засаг, соӨл боловсролын тогголцоог нийтэд нь чадавхгүйдүүлж байна.

Ийм ноцтой нөхцөлд “Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал”-ын дагуу одоогоор хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бүх хуулиудыг эргэж хянах, монгол хүний генофондыг эрүүлжүүлэх, ургийн овгийн хэрэглээг хянах, төрийн албаны мерит зарчмыг угсаа гарлын кодтой хамт ашиглах, бүх шатны боловсролын байгууллагуудаар дамжуулан хүүхэд, залуучуудад үндэсний үзэл, монгол бс суртахууны дархлаа тогтоох, монгол чамбай контентууд бүтээж, “ зөөлөн хүчний бодлого”-оос сэргийлэх нь маш чухал.

ХОЁР. Монголчуудын амьдралын чанар эрс доройтож, баялгийн тэгш бус хуваарилалтаас үүдсэн орлогын ялгаа хэт холдон, ядуурал гаарсан нь хүний улстөр, иргэний эрх эдийн засгаар баталгаажаагүйн тод илрэл мөн.

Ганцхан сарын хил хориогоор хэцүүддэг эсвэл дураар авирлахыг нь хазаарлангуут хөрөнгө оруулалтаа татахаар сүрдүүлдэг гадны луйварчид, бодлогоо тулгадаг олон улсаар халхавчилсан байгууллагуудын өмнө сөхөрдөг Монголын эдийн засгийн хэврэг бүтцийг олон тулгууртай болгож хувиргах, улс орноо үйлдвэржүүлэх, нийгмийн халамжийн тогтолцоонд эрс реформ хийх, хөдөлмөрийн дотоод зах зээлээ чадавхжуулж хамгаалах, шинжлэх ухааны салбарыг шинжлэх ухаанжуулан тэргүүлэх секторуудыг нь хөрөнгөжүүлэх зэрэг тоймтой арга хэмжээ яаралтай авах нь зүйтэй.

ГУРАВ. Нэг талаас социализм коммунизмын үзэл санааг арилгаагүй буюу декоммунизацийн бодлого тууштай явуулаагүйгээс нөгөө талаас хөрөнгөжсөн коммунистууд, неолиберализмыг хэт шүтсэн ардчилагчид хуйвалдан улсынхаа язгуур эрх ашгийг умартсанаас ард иргэд хуучин нийгмээ санагалзан, ардчиллын ололтуудад эргэлзэж эхэлсэн нь бодит үнэн.

Улмаар нөлөө бүхий намуудын дээд удирдлага шинэ номенклатур давхрага үүсгэн клиентелист сүлжээг бэхжүүлсэн нь тун аюултай бөгөөд аюулын гогцоог Монголын Ардчилсан Холбооны Анхдугаар Их хурлаас мэндэлсэн МоАН-ын залгамж өнөөгийн АН-ын лидерүүд таслалгүй чивчрүүлсэн нь харамсалтай.

Энэ ч үүднээс Монголын Ардчилсан Холбоо шудрага ёсны зарчмыг дээдлэн “Ардчиллыг байнга тордож мөн чанараар нь төлөвшүүлэх, бодит хяналт тавих үйл хэрэгт сэрэмж алдсандаа, ардчиллын лидер гэгдэх нөхөд маань өөрсдөө ардчиллын үнэт зүйлсийг хөсөрдүүлэхэд оролцож, наад зах нь ёс суртахууны алдаа гаргасанд нь тэдний өмнөөс ард түмнээсээ уучлал албан ёсоор гуйж байна” хэмээн өнгөрсөн оны 12 дугаар сарын 10-нд мэдэгдсэн билээ. Бид ардчилал нэрийн дор бугшсан идээ бээрээсээ эртхэн салах ёстой.

Улс төрийн нам, ашгийн бус байгууллагын эрх зүйн орчныг эрүүлжүүлэх нь нийгмийн уналт доройтлыг засах эерэг хүчин зүйл мөн гэж үзэн Монголын Ардчилсан Холбоо цаашид аль нэг улс төрийн хүчнээс хараат, хавсарга төдий ойлгогддог, ойлгуулдаг хандлагаас эрс ангижирч Монгол үндэстэн, Монгол улсынхаа эрх ашгийг эн тэргүүнд эрхэмлэн ажиллах болно.
Бид нийт ард түмэндээ хандаж МАНАН бүлэглэл, тэдний бойжуулж буй хөдөлгөөнүүдээс сэрэмжлэн, тараа таниулсан үл бүтэх этгээдүүдэд дахин хууртагдалгүй СОНГУУЛИЙН ХУВЬСГАЛ ХИЙХИЙГ албан ёсоор уриалж байна.

 

УДИРДАХ ЗӨВЛӨЛ

3 Сэтгэгдэл
Маш зөв сонордуулга байна, АН дотор бас зөвөөр дүгнэдэг ухамсар байгаад талархья
Сонгууль болохоор нохойд барьдаг мод хэрэгтэй болох шив.
Зөв дөө хө !
Хамгийн их уншсан