
Ерөнхий сайд Н.Учрал төсвийн тодотгол, "ЭТТ" ХК-ийн хувьцаа, шатахууны үнэ ба нийлүүлэлт болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Улс орнууд аливаа асуудлаа хоосон улс төржилт, зөрчилт, тэмцлээр бус дотоод эв нэгдлээрээ даван туулдаг. Ирэх өвөл их хүйтэн болно. Тиймээс бид дотоод эв нэгдлээрээ, улс төрийн намуудын зөвшилцлөөр давж гарна гэдгийг бусад улс төрийн нам болон ард иргэддээ уриалж байна" гэлээ.
2026 оны 7 дугаар сарын байдлаар төсвийн тэнцвэржүүлсэн орлого 17.3 их наяд төгрөг, нийт зарлага 19.5 их наяд төгрөг болж, төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөгт хүрч, батлагдсанаас 2 дахин өсөөд байгаа аж. Өнөөдөр өргөн барьсан 2026 оны улсын төсвийн тодотгол үнийн өсөлт, эрчим хүч, түлш шатахууны тасалдал доголдлоос ард түмнээ, улс орноо хамгаалах, болзошгүй хүнд цохилтыг зөөллөх тооцоолол юм. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж, цалин тэтгэвэр нэмэх зэрэг хэрэгтэй зүйлд зориулах хэрэгцээ шаардлага үүссэнийг Ерөнхий сайд сэтгүүлчдэд хийсэн мэдээллийнхээ үеэр онцоллоо.
Тэрбээр, хэлэхдээ “Монголчууд, монгол айл өрхүүд, Монгол Улс бүхлээрээ түлш шатахууны доголдол, тог цахилгааны тасалдал, үнийн өсөлтөд нэрвэгдэж, цалин орлого, тэтгэврийн худалдан авах чадвар муудаж байгаа. Монгол хүн, монгол айл өрх, Засгийн газар, Монгол Улс бүхлээрээ өдөр тутамд тулгарч буй хүндрэл бэрхшээл бүхнээрээ амсаж, мэдэрч тулгарч байна. Бизнесийн өртөг зардал нэмэгдэж ашиг багассан. Нүүрсний экспорт, уул уурхайн салбарын өсөлт тогтвортой байгаа ч энэ өсөлтийг инфляц идэж байна. Худалдаа, үйлчилгээний идэвх суларч, аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлого нь багассан, төсвийн орлого төлөвлөснөөс 1.4 их наядаар дутуу төвлөрч байна. Төр зардлаа хэмнэсэн шиг хэмнэж иргэдээ үнийн өсөлтөөс хамгаална. Мөнгө хаана байна вэ гэдэг асуулт гарч ирнэ.
Томилолт сургалт, сурталчилгаа, тавилга хогшил, машин техник, зөвлөх үйлчилгээ, элдэв тэтгэмж, шагнал, хурал форум, баяр ёслол, илүүц тээвэр шатахууны зардлыг бүхлээр нь танаж, бүсээ чангалсан шиг чангалаад 1.4 их наяд төгрөгийг хэмнэсэн шиг хэмнэнэ” гэсэн юм.
1.4 их наядын төсвийн тодотголын хэмнэлтийг,
- Урсгал зардлаас буюу сайд нарын багцаас 433,4 тэрбум
- Нийслэлийн үнэт цааснаас 758 тэрбум
- Хөрөнгийн зардлаас 249,5 тэрбум нийт 1.4 их наяд 40.9 тэрбумаар бүрдүүлнэ.
- Хэмнэсэн зардлаараа харин,
- Боловсролын салбарын дутагдсан цалингийн зардал 674,5 тэрбум
- Эрүүл мэндийн салбарын цалинг 11 дүгээр сараас 20% нэмэгдүүлэх 90.0 тэрбум
- 11 дүгээр сараас соёл спорт, бусад төрийн үйлчилгээний салбарын цалинг 50%, шинжлэх ухааны салбарын цалинг 35% нэмэгдүүлэх 80.1 тэрбум
- Ахмадуудад ирэх 11 дүгээр сараас суурь тэтгэвэр олгоход 196,3 тэрбум
- Улаанбуудай, хүнсний ногоо, шатахууны нөөц нэмэхэд 150 тэрбум
- Эрчим хүчний үнэ нэмэгдлээс иргэдээ хамгаалах дэмжлэгт 107,3 тэрбум
- Эрчим хүчний салбарт их засвар, тоног төхөөрөмжийн шинэчлэлд 92.7 тэрбум
- Нэг ангид 35-аас дээш хүүхэд суралцуулахгүй байх зорилгоор “Гэрт ойр сургууль” хөтөлбөрт 50 тэрбумыг тус, тус зарцуулахаар төлөвлөжээ.
























