Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 14 дүгээр хуралдаан өнөөдөр (2026.08.20) боллоо. Хурлаар сурагчдын аюулгүй зорчих орчныг бүрдүүлэх зорилгоор “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна гэв.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, автомашины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэл үүсдэг учраас тус аяныг зохиохоор болжээ. аяныг зохион байгуулахдаа олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлнэ гэлээ.
Нийслэлийн засаг дарга Б.Пүрэвдагва “Эхний ээлжид алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн хурд сааруулагчтай байх шаардлага тавьж байна” гэв. Мөн сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан жолооч нарт тооцох хариуцлагын асуудлыг эргэж харахыг үүрэг болгосон. Тус аяныг зохион байгуулахдаа олон улсын сайн туршлагыг нэвтрүүлнэ гэлээ.
Мөн “Сэлбэ таван шатлалт усан сан” төслийн газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх талаар дахин судлах асуудлыг хэлэлцсэн. “Сэлбэ сэргэлт” төслийн хүрээнд хэрэгжиж буй үерийн ус хуримтлуулах усан сангийн ажлыг үргэлжлүүлэхэд газар чөлөөлөлтийн асуудал хүндрэл учруулж байна. Энд амьдарч буй айл өрхүүд газрын гэрчилгээгүй тул чөлөөлөхөд хүндрэлтэй байна гэж албан тушаалтнууд хэлэв.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга Г.Мөнхбаатар “Энэ ажлын нөлөөлөлд нийт 39 нэгж талбар өртсөнөөс нийслэлийн Засаг даргын хоёр удаагийн захирамжаар найман нэгж талбарыг нөхөх олговортойгоор чөлөөлсөн бөгөөд хоёр нэгж талбарыг нөхөх олговоргүй чөлөөлж, 29 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна. Үерийн барилга байгууламжийн нөлөөлөлд өртөөгүй боловч орц, гарц хаагдах эрсдэлтэй 24 нэгж талбар, газар эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээгүй 51 айл байгаа бөгөөд газар дээрээ олон жил амьдарсан, өрхийн амьжиргааны түвшин доогуур зэрэг шалтгааны улмаас албадан чөлөөлөх ажил хүндрэлтэй байна” гэв.
Зөвлөлийн гишүүд санал хэлж, төслийн трассд өөрчлөлт оруулалгүйгээр газрыг чөлөөлөх боломжийн талаар дахин судалж, танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болголоо.
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

























