“Нийслэлийн төсөв-2027” иргэдийн оролцоотой нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр нийслэлийн нутгийн захиргааны Хангарди цогцолборт зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт нийслэлийн есөн дүүргийн иргэдийн төлөөлөл оролцож, төсөвт тусгах саналаа хэллээ. Иргэд тулгамдаж буй асуудлууд болох авто замыг шинэчлэх, зогсоол барих, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт, ногоон байгууламж, орон сууцны фасад шинэчлэлтэй холбоотой саналуудаа илэрхийлэсэн байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэл ирэх оны төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилж буй энэ хариуцлагатай цаг үед иргэний санал хүсэлт, дуу хоолой хамгийн чухал. Тиймээс 2027 оны төсвийг иргэдийнхээ бодит хэрэгцээ шаардлагад тулгуурласан, амьдралын чанарыг нь сайжруулахад чиглэсэн ”Иргэн төв”-тэй төсөв болгохын төлөө иргэдийн оролцоог бүрэн хангаж, санал бодлыг нь тусгаж байна. Нийслэл 2027 оны төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй байдлыг тэргүүн эгнээнд авч үзнэ. Төсвийг сайн төлөвлөлт, төсөвлөлт, гүйцэтгэл, хяналт, үр дүн гэсэн зарчмаар хуваарилна.
Торлог замууд буюу зөвхөн төв замаараа явахгүй, хороолол дундах орц гарцтай замуудыг барина.
Нийслэлийн 2027 оны төсвийн зорилго иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, тэр дундаа авто замын түгжрэлийг шийдэхэд чиглэнэ. Судалгаагаар нийт иргэдийн 78 хувь түгжрэлийг бууруулах нь Улаанбаатар хотын хамгийн тулгамдсан асуудал гэж хэлсэн. Түгжрэлийг бууруулахын тулд авто зам барих, нийтийн тээвэр, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх, унадаг дугуй унах нөхцөлийг бүрдүүлэх, их багтаамжийн тээврийг нэвтрүүлнэ. Торлог замууд буюу зөвхөн төв замаараа явахгүй, хороолол дундах орц гарцтай замуудыг барина. Архивын ерөнхий газраас Тэмээтэй хөшөө хүртэл ART буюу орчин үеийн трамвайг явуулна. Нэг явахдаа 310 хүн суулгах боломжтой. BYD компанитай гэрээ байгуулж, “Sky shuttle” их багтаамжийн тээврийн хэрэгслийг гүүрэн замаар Зунжингаас 7 буудал, 32-ын тойрог хүртэл барина” гэв.
НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Сүх-Очир нийслэлийн 2027 оны төсвийн төслийг иргэдэд танилцууллаа. Нийслэл 2027 оны Иргэн төвтэй төсөвт Улаанбаатар хотын оршин суугчдаас нийгмийн тандалтын судалгааг 2026 оны долоодугаар сард авсан. Судалгаагаар хотын иргэдэд нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудлууд, хотоос үзүүлдэг үйлчилгээнүүдэд хандах иргэдийн сэтгэл ханамж, цаашид хэрэгжүүлэх бодлогын хандлагыг тодорхойлсон. Нийслэлийн төвийн зургаан дүүргийн иргэд, 2000 гаруй оролцогч судалгаанд хамрагдсан. Иргэд замын түгжрэл, агаарын бохирдол, шударга ёс буюу авлига, хээл хахуулиас ангид байх, инфляцын өсөлтийг хамгийн тулгамдаж буй асуудал гэж нэрлэжээ.
Нийслэлийн 2027 оны төсвийн төсөлд хөрөнгө оруулалтын саналыг нийслэлийн харьяа 45 байгууллагаас ирүүлсэн. Нийт 661 төсөл, арга хэмжээний санал өгсөн. Үүнээс хоёр шатлалаар эрэмбэлж, 132 төсөл, арга хэмжээ шалгарсан. Салбараар нь авч үзвэл, хот байгуулалт, дэд бүтэц, нийтийн тээвэр, авто зам, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, хот, нийтийн аж ахуй, төрийн үйлчилгээ, байгаль, агаар орчин, нийгмийн үйлчилгээ зэрэг салбарт хөрөнгө оруулалт хийх юм.
Түүнчлэн нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгө оруулалтын төсөлд цахим санал асуулга явуулсан. Нийгмийн салбарт 32627 иргэн, хот байгуулалт, дэд бүтцийн чиглэлээр 46094 иргэн, хот тохижилт, байгаль орчны асуудалд 96155 иргэн саналаа ирүүлжээ. Нийт 174,876 иргэнээс нийслэлийн Орон нутгийн хөгжлийн сангийн 2027 оны хөрөнгө оруулалтад санал авсан байна. Мөн иргэдэд нийслэлд хэрэгжүүлж буй 16 мега төслийг танилцууллаа.
























