Билгийн

Доллар (USD)

2839.0

Улаанбаатар

+20°C
ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ТУХАЙ ХУУЛИЙН “ШҮҮСИЙГ ШАХАВ”

Шинэчлэн найруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл буцаасан батлагдахгүй явсаар. Өмнөх парламентын үеэс эхлэлтэй уг хууль хоёр жил гаруй дуншиж байна. Энэ хуулийг хэзээ батлаж, Монголын сэтгүүл зүйн салбарыг цэгцлэх бол гэсэн хүлээлт ч нийгэмд хэдийнэ үүсчихсэн. Оны өмнө УИХ-ын чуулганаар эл хуулийн төслийг хэлэлцсэн боловч замынх нь дунд юм. Ерөнхийлөгчөөс санаачлан өргөн барьсан эл хуулийн төслийг өчигдөр УИХ-ын хоёр ч Байнгын хороо хэлэлцлээ. Тухайлбал, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хууль, тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага гэсэн хэсэгт буюу 19 дүгээр зүйлийн талаар хэлэлцэж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэв. гишүүд хэвлэлийн эрх чөлөөг боомилох явдалтай тэмцэх, олон нийтийн үнэнийг мэдэх эрх чөлөөг буруугаар ашигласан тохиолдолд сэтгүүлч болон тухайн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, түүний эздэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах асуудлыг ихэвчлэн хөндөж байлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Цог “Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нийгэмд маш их аюул учруулдаг болоод байна. “Оюу толгой” компани бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй гэрээ байгуулж, мөнгө өгч байгаа учраас үнэн мэдээлэл иргэдэд хүрэхгүй байна. Тиймээс энэ хаалтын гэрээ гэх аймшигтай үзэгдлээс татгалзахгүй бол мөнгөтэй хүмүүсийн гарт орох нь. Ийм гэрээ хийсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрхийг нь хасдаг болъё” гэв. УИХ-ын  гишүүн З.Баянсэлэнгэ “Хуулийн төсөлд тусгасан хариуцлага сулдсан гэж бодож байна. 1-3 сая төгрөгөөр торгоно гэсэн нь бага байна. Торгуулийн хэмжээгээ нэмэх шаардлагатай. Хуулиа удаа дараа зөрчсөн хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагааг нэг жилийн хугацаатай зогсоох, хэрэв сэтгүүлч хуулиа хоёроос дээш удаа зөрчсөн бол мэргэжлээрээ ажиллах эрхийг нь нэг жилээр хасах тухай санал оруулмаар байна” гэж байлаа. Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “З.Баянсэлэнгэ гишүүний хэлснээр сэтгүүлчийг шийтгэх юм бол энэ хуулийн агуулгад халдсан явдал болно” хэмээв. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль бол зайлшгүй хэрэгтэй хуулийн нэг. Өмнө нь хэлэлцэхгүй байсан шалтгаан нь Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай хуультай хамт батална гэж хойшлуулсаар ирсэн” хэмээн өнгөрсөн хугацаанд хуулийг хэлэлцэхгүй байсан шалтгааныг тайлбарлалаа.
Энэ мэтээр УИХ-ын гишүүд уг хуулийг Хэвлэл мэдээллийн хэрэгслийн тухай, Контентын тухай, Өргөн нэвтрүүлгийн тухай зэрэг хуулиудтай багцаар нь оруулж цогцоор нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байв. Гэвч тэдгээр хуулийн төслийг боловсруулан оруулж ирэхийг хүлээж, цаг алдахгүйн тулд эн түрүүнд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслөө баталж, улс төрчдийн зэвсэг, гүтгэлэг доромжлолын хэрэгсэл болж буй хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздэд хүлээлгэх хариуцлага, тухайн  хэрэгслийн үйл ажиллагааг түдгэлзүүлэхээс авахуулаад зогсоох хүртэл асуудлыг дараа дараачийн харгалзах хуулиар шийдээд явъя гэсэн байр суурьт нэгдсэн юм. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаархи Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 33 саналыг хэлэлцсэн юм. Мөн УИХ-ын зарим гишүүнээс гаргасан хуулийн төслийн зүйл заалттай холбоотой долоон саналыг хэлэлцлээ. Энэ мэтээр хуулийн зүйл заалтын найруулгын асуудлыг ярилцсан. Нэг үгээр хэлбэл, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн “шүүсийг шахаж” дууслаа. Харин одоо чуулганы хуралдаанаар хэлэлцэж,  батлах ажил л үлдэж байна.

Б.Алтан

0 Сэтгэгдэл
Сэтгэгдэл бичих
Хамгийн их уншсан