Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ё.ОТГОНБАЯР: БАГАДАА ҮНДЭСНИЙ ТЕЛЕВИЗЭД ХӨТЛӨГЧ ХИЙДЭГ БАЙЛАА
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяртай улс төржөөгүй яриа өрнүүллээ.

-Аав ээж тань аль нутгийнх вэ. Аавыг тань яруу найрагч Р.Чойномын өмгөөлөгч байсан гэж сонссон?
-Манай аав МУИС-ийн хуулийн ангийг хуульч мэргэжлээр төгссөн. Ажил мэргэжлийнхээ онцлогийн дагуу Р.Чойномын өмгөөлөгчөөр ажилласан юм билээ. Мэдээж хэрэг улс төрийн томоохон хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлөх амаргүй байсан биз. Тэр үед аав маань энэ хүнийг хэрэг хүлээх чадваргүй хэмээн хэлж байсан гэдэг. Дараа нь эсэргүү хэмээн нутаг заагдаад явахад нь ч хэлж байсан гэдэг юм. Ээж маань нийслэлийн 18 дугаар сургуульд Монгол хэл, уран зохиолын багш, хичээлийн эрхлэгч, намын үүрт ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан буурай бий. Намайг дөрөвдүгээр ангид байхад аав маань Дорноговь аймаг руу илгээлт аван явж, би ээжтэйгээ үлдэж, өссөн. Миний ээж Булган аймгийн Хангал сумынх. Би Булганаар овоглодог нь ийм учиртай.
-Та ОХУ-д сургууль төгссөн байх аа. Тухайн үед дипломатч мэргэжлээр хэр олон хүн төгсч байв?
-Москвагийн олон улсын харилцааны дээд сургуульд хамгийн дээд тал нь 90 орчим оюутан сурдаг байлаа. Дипломатч гэхээр л манайхан гадаадад сургууль төгсөнө гэж ойлгодог. Ер нь, Монгол Улсын төрийн байгууллагын гадаад харилцаанд ажиллах хүмүүсийг тэнд сургадаг байсан. Гэхдээ жилд 10 гаруй хүнийг л Гадаад харилцааны яам ажилд авдаг байлаа.
Уг нь, аравдугаар ангиа төгсөөд онолын физикийн ангийг сонгоно гэж байтал тэр жил Монголд хуваарь нь ирээгүй. Тэгээд намайг инженерийн анги ав гэсэн. Гэтэл Гадаад харилцааны яамнаас дуудаад “Сурлага сайтай хүүхдийг дипломатч мэргэжлээр сургана. Чамд ийм санал тавьж байна, чи явах уу” гэж хэлсэн. Би ч зөвшөөрлөө. Ганцхан цэргийн алба хаах ёстой гэсэн шаардлага тавигдсан юм. Учир нь, дипломатчаар суралцах гэж байгаа хүн цэргийн алба хаасан байх ёстой байдаг. Тиймээс Баянчандманийн 282 дугаар ангид цэргийн алба хаахаар явсан даа. Би хоёр удаа конкурс өгсөн хүн. Эхлээд аравдугаар ангиа төгсчихөөд шалгалт өгснийхөө дараа сургуульд явахдаа бэлтгэж цэргийн алба хаасан. Гадаадад сургах хүүхдүүдийг тэр үед нэг жил цэргийн алба хаалгадаг байлаа. Намайг албаа хааж байхад  тэр хүүхдүүдээс ирж шалгалт авахдаа надаас бас авчихсан хэрэг.
-Хойно сурч байсан оюутнууд наймаа хийдэг байсан тухай яриа бий. Наймаанд гүйж байсан уу?
-Би нэг ч удаа наймаа хийж байгаагүй. Миний бурхан болчихсон хамаатны ах маань намайг ерөөсөө наймаа хийлгэдэггүй байлаа. Чамд зарах юм байвал ахдаа өгчих. Ах нь зараад өгье. Чи ийм том сургуульд сурч байж, наймаа хийж байгаад хөөгдчихвөл яана гээд ерөөсөө халгаадаггүй байж билээ. Би ч ахаараа заруулсан барааныхаа мөнгийг аваад л явдаг байлаа шүү дээ.
-Мэдээж яамны захиалгаар явсан юм чинь сургуулиа төгссөний дараа ажлын байр бэлэн байсан биз дээ?
-Би сургуулиа улаан дипломтай төгссөн. Төгсч ирэнгүүтээ Гадаад харилцааны яамны Азийн хэлтэст Өмнөд Азийн орнуудыг хариуцсан ажилтнаар орсон. Шриланк, Малдив, Бангладеш зэрэг зургаан орныг хариуцдаг байсан.
-Таныг Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдохоосоо өмнө намаас хөндий байсан гэж бодож байлаа. Ер нь, намын ажилд хэдэн оноос идэвхтэй оролцож эхлэв?
-Би Ерөнхий сайдын зөвлөхөөр томилогдохоос өмнө Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн хэлтэст ажиллаж байсан. Ерөнхий сайдын зөвлөх гэдэг нь хагас улс төрийн ажил. Энэ ч утгаа нь авч үзвэл тэр үеэс л улс төрд орсон гэж хэлж болно. Эл ажлыг хийж байх үедээ Мянганы сорилтын санг Монгол Улстай холбох, ОХУ-д төлөх их өрийн талаар гээд томоохон төслүүд дээр ажиллаж байлаа. Уг ажлаа сайн гүйцэтгэсэн гэж үзсэн үү 2004 оны сонгуулийн өмнө намайг Монгол ардын намын ерөнхий нарийн бичгийн даргаар томилсон. Тухайн үеэс л өөрийгөө улс төрд орсон гэж бодож явдаг.
-Тэгэхээр хэдэн онд намын гишүүн болсон бэ?
-1987 онд одоогийн МАН буюу хуучнаар МАХН-д элссэн. 1995 онд гадаад харилцааны ажилтнуудыг нам бус байх ёстой гэсэн учраас намын гишүүнчлэлээсээ түдгэлзсэн ч 2004 онд улс төрийн ажилд орохдоо гишүүнчлэлээ сэргээсэн юм.
-Улстөрчид загас барих, сагс тоглох, сүүлийн үед бодибилдингээр хичээллэх болж. Таны хувьд?
-Би Энэтхэгт олон жил амьдарсан. Миний нэгдүгээр гадаад хэл хинди шүү дээ. Тус улсын шашин, философийг их уншдаг байлаа. Өөрөө ч маш их шүтлэгтэй. Энэ утгаараа ан гөрөөнд дургүй. Загас ч барьдаггүй. Харин ном унших, интернэтэд суух дуртай. Хамгийн  сүүлд Казакстаны эрдэмтний бичсэн “Чингис хаан ба түүний залгамжлагчид” номыг уншлаа. Уг номд Алтан ордны болон Цагаадайн улсын түүхийг нэлээд дэлгэрэнгүй бичсэн байна билээ. Бид 1990 оноос өмнө Орос ах нар хорьдог байснаас ч тэр үү, Монголынхоо түүхийг одоогийн хил хязгаар тогтоосон байдлаар нь уншдаг байлаа. Тиймээс хоёр хөршийн нутаг дэвсгэр дэх Монгол угсаатныхаа тухай бараг мэддэггүй байсан.
-Хэдэн жилийн өмнө МҮОНТВ-ийн 40 жилийн ойгоор та сууж байсан. Телевизэд ажиллаж байсан хэрэг үү?
-Дөрөвдүгээр ангид байхдаа МҮОНТВ-ийн “Багачуудаа сайн байцгаана уу” нэвтрүүлгийг хөтөлдөг байсан юм. Намайг тэр үед хичээлээс машинаар аваад буцааж хүргэж өгдөг байлаа. Тухайн үед сургуулийн хүүхэд машинаар зөөлгөх чинь ховор үзэгдэл шүү дээ.
-Яаж яваад нэвтрүүлэг хөтлөх болсон юм бэ?
-Намайг гуравдугаар ангид байхад Монголын радиод ажилд авсан. Манай аав тэр үед Соёлын яамны Хэвлэлийн нэгдсэн редакцид ажилладаг байв. Энэ редакц ном редакторлох ажил хийнэ. Аав маань гэртээ номуудаа аваад ирчихнэ. Тэр номнуудыг нь эхлээд би уншина, дараа нь аав хянана. Ном нэг бүрийг аавдаа чанга дуугаар уншиж өгдөг байсан учраас ярианы хэмнэл сайжирчихдаг юм билээ. Ингээд Монголын радиод шалгалт өгтөл тэнцчихсэн.
Өөрөөр хэлбэл, аавдаа ойлгомжтой уншиж өгөхийн тулд үг болгоныг нь тод хэлсээр байтал тод хэллэгтэй болчихсон юм шиг байна лээ. Нэвтрүүлэгч хүн үг, үсэг бүрээ тод хэлэх ёстой. Тэнд ажиллаж байхад надад нэг л том бэрхшээл байсан. Учир нь, номоо аавдаа уншиж өгөхдөө цэг, таслал бүрийг нь хэлдэг байв. Дараа нь нэвтрүүлэг хөтлөхдөө тэрийгээ хааяа хэлчих гээд байдаг. Тэгээд радиогоос намайг телевиз руу шилжүүлж байсан юм.
Одоо бодоход тэнд ажиллаж байсан он жилүүдээс надад хоёр зүйл л сэтгэлд маш тод үлджээ. Ээж маань намайг халимаг тавихыг зөвшөөрсөн. Тэр үеийн хүүхэд 6-7 дугаар анги хүртлээ халимаг тавьдаггүй байлаа. Хоёрт нь анх удаа хөдөлмөрийн хөлс авсан. Улиралд 125 төгрөг гэдэг тухайн үед маш их мөнгө шүү дээ. Одоогийн “Голомт” банкны төв байгаа газарт “Пончик”-ны ресторантай. Нэг пончик 20 мөнгө, хоёр төгрөгөөр 10-ыг авна.
-Их завгүй хүүхэд байжээ. Тэгэхээр дэггүйтэх ч зав гараагүй юм шив дээ ?
- Хичээл номоо л хөөсөн хүүхэд байлаа. Гэхдээ тийм ч номхон дөлгөөн хүүхэд байгаагүй ээ. Яагаад гэхээр сургуулиа төгсчихөөд хувийн хэргээ уншсан чинь цагаан сахилгагүй гэж тэмдэглэчихсэн байсан юм. Хулигаан биш ч хааяахан дүрсгүйтчихдэг байж дээ.  
-Хүүхдүүд чинь том болцгоосон биз дээ?
-Манайх хоёр хүүхэдтэй. Том хүү маань намайг 25, бага 30 настай байхад төрсөн юм. Эхнэртэйгээ арван жилээсээ л үерхэж эхэлсэн. ЭМШУИС-ийн эмчилгээний ангид сурч байхад нь бид хоёр гэр бүл болж байлаа. Захиа бичилцэж байгаад л нэг гэрт орсон доо.
-Сүүлийн жилүүдэд дипломатч нарыг намд зүтгэсэн жилээр нь томилоод байна уу гэсэн шүүмжлэл дагадаг болсон. Энэ талаар?
-Хамгийн сүүлийн томилгоог харахад мэргэжлийн дипломатч арай олон орсон харагдана билээ. Гэхдээ Элчин сайдууд мэргэжлийнх эсвэл улстөрчид байна хэмээн туйлширч болохгүй. Улс орны гадаад бодлогод нөлөөлөхүйц томоохон гүрнүүдэд улс төрчдийг дипломатчаар томилж болно. Учир нь, хоёр орны улс төрийн харилцаанд томоохон эрх ашиг байдаг. Манай С.Баяр дарга гэхэд ОХУ-д Элчин сайдаар томилогдож байхдаа мэргэжлийн бус л хүн байсан шүү дээ.
Гэтэл тэр хүн их өрийн асуудлыг цэглэхэд томоохон үүрэг гүйцэтгэсэн. Нөгөө талаар танил талаа хараад мэргэжлийн бус хүн томилж байгаа бол шүүмжлэх хэрэгтэй. Элчин сайдыг хэн дуртай нь хийгээд байдаг юм биш. Монгол Улсын эрх ашиг, нэр төрийг хамгаална, тухайн улсад амьдарч буй иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэнэ. Сүүлийн үед би нэг зүйлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Нэг улсад дөрвөн жил суусан Элчин сайдыг өөр улсад шууд шилжүүлээд томилчихдог. Гэтэл тэр хүнийг эх орондоо байхгүй дөрвөн жилд улс орон, нийгмийн амьдрал өөрчлөгдсөн байдаг юм шүү дээ. Ийм үед нь дахиад өөр улсад дөрвөн жил томилчихож байгаа юм. Мэдээж мэдээлэл технологи хөгжсөн эрин үед тэд цахим хуудсаар дамжуулан мэдээлэл авдаг л байх.
Гэхдээ л өрөөсгөл санагддаг. Намайг Гадаад харилцааны яаманд ажиллаж байхад тухайн хүн гадаадад Элчин сайдаар ажиллаад дараа нь дотоодод ирж хоёр жил ажиллах зарчим үйлчилдэг байлаа. Одоо энэ байдал алдагдаж, улс улсын нийслэл дамнаж сэлгээд, нисч явдаг хүмүүс олон болчихжээ.
С.Заяа
0 Сэтгэгдэл
luibarchin xulgaich ger buleere
тийм байхаа нууц амраг нь ТВ5 ийн өглөөний нэвтрүүлэг хөтөлдөг Наранцэцэг гэдэг хүүхэн байдаг тэрэндээ байшин авч өгсөн гэсэн хөөрхий
340 SAYA DOLLAR HUSSAN HULGAICH, 21-R ZUUNII TOP HULGAICH
za za orovdchihloo kkkkkkkkkkkkk
ТАНЫГ ХҮНДЭЛЖ ЯВДАГ ШҮҮ. ХЭЛМЭГДҮҮЛЭЛТЭНД БУУЖ ӨГЧ БОЛОХГҮЙ ШҮҮ. ТЭВЧЭЭРТЭЙ БАЙГААРАЙ. АМЖИЛТ АМЖИЛТ
Хамгийн их уншсан