Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СУРАГЧДЫН ЭКОЛОГИЙН ХИЧЭЭЛИЙГ ШИНЭЧЛЭХ АЖИЛ ЭХЭЛЛЭЭ
Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны хувьд 2013 он экологийн боловсролыг дэмжих жил. Тэгвэл саяхан Боловсрол, шинжлэх ухааны яамтай санамж бичиг баталж, экологийн боловсролын хөтөлбөрийг боловсруулах ажил эхэллээ. Гурван талт санамж бичигт БОНХЯ, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга нараас гадна Швейцарийн хөгжлийн агентлагийн төлөөлөгч Феликс Феллманн гарын үсэг зурж баталсан юм. Ийнхүү гурван талаас хүлээн зөвшөөрсөн санамж бичгийн дагуу сурагчдын шинэ боловсролын хөтөлбөр бий болох учиртай. Тодруулбал, байгаль орчныг хамгаалах, хайрлаж, гамнах тухай зан үйл болоод мэдлэг ухагдахууныг сурах юм. Монголчууд эртнээс байгальтай зүй зохистой харьцах, аливаа баялгийг гамнаж хэмнэх уламжлалыг дагаж ирсэн. Харин сүүлийн үед залуус, хүүхдүүдийн дунд байгалиа хайрлах болон экологийн тухай мэдлэг ч тааруухан байгааг мэргэжилтнүүд хэлдэг.

Санамж бичгийг 2013 оны есдүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд хэрэгжүүлнэ. Товлосон өдөр болтол “Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих төсөл” хэрэгжих юм. Уг төсөл нь экологийн хичээлийн агуулгыг шинэчлээд албан болон албан бус сургалтаар хүүхдүүдэд экологийн мэдлэг олгох гол зорилготой. Талууд энэ оны зургадугаар сар гэхэд боловсруулж дууссан байхаар заасан. Гэхдээ ажил нь хугацаандаа амжихааргүй болсон ч зорьсон үр дүн гарах хүртэл санамж бичиг хүчинтэйд тооцно гэжээ. Зургаан сарын хугацаанд экологийн боловсролын одоогийн байдалд дүн шинжилгээ хийж, эко-сургууль санаачилгын үнэлгээний тайланг харгалзан шаардлагаа тодорхойлно. Мөн стратегийн ач холбогдол бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө боловсруулах аж. Үүний дараа ирэх хичээлийн жил буюу есдүгээр сарын нэгний өдрөөс сурагчдад зааж эхлэх юм байна.

БОНХЯ нь уг төсөлд экологийн боловсролын агуулга, хичээлийн сэдэв асуудлыг боловсруулах ажлыг гүйцэтгэнэ гэж Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд хэллээ. Харин БШУЯ-ны хувьд сургалтын хөтөлбөрт албан болон албан бусаар суулгах, заах арга зэргийг мэргэжлийн талаас боловсруулах аж. Гуравдагч тал болох Швейцарийн хөгжлийн агентлаг манай улсын байгаль орчны салбарт сүүлийн таван жил хамтран ажиллаж байгаа. Энэ удаагийн төслийг 2016 он хүртэл үргэлжлүүлэх бөгөөд ШХА хөрөнгө оруулагчийн үүрэгтэй оролцож буй юм.
“Тогтвортой хөгжлийн боловсролыг дэмжих төсөл” нь экологийн асуудалд түлхүү анхаарч байгаа. Гэсэн хэдий ч Монголын боловсролын шинэчлэлд анхдагч алхам хийж байгаа гэж болно. Сурагчдад уламжлалт байгаль хамгаалах ухаан, хэмнэлттэй эрүүл хэрэглээ, зан үйл, уламжлалыг таниулснаар гэр бүл, аав ээжүүд нь ч мөн ялгаагүй байгаль хамгаалахад суралцана гэж мэргэжилтнүүд үзэж байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан