Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгаас зүтгүүлж буй хууль цааш явахгүй нь
Аливаа асуудал, хуулийн төсөлд санал зөрөлдөх, маргаж мэтгэлцэх зарчмаар асуудлыг шийдэх нь ардчилсан парламентат ёс. Мэдээж хэрэг хүн бүхнийг нэг хэвэнд цутгаж, сэтгэх чадварыг жижил төстэйгөөр суулгаагүй. Өөрөөр хэлбэл, прог­раммчлагдсан машин биш гэсэн үг. Тий­мээс ч өөрийн үзэл бодлыг хам­гаалснаас бусдынхтай тэрсэлддэг. Энэ л зарчмаар манай парламент ажил­лаж байна. Маргалдаж цэц булаал­даад л, бухимдаж уурлахаараа завсар­лагаа аваад л. Өчигдөр болсон бүтцийн байгууллагын хуралдаан ч үүнийг гэрчлэв.
Тодруулбал, Аюулгүй байдал га­даад бодлогын байнгын хорооны хурал­даанаар Төрийн нууцын жаг­саалт батлах тухай хуульд өөрч­лөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх байв. Гэвч эл асуудалд “ах”, “дүү” нам бүлгийн зөрчилдөөн үүсч, МАН-ын бүлэг дахин завсарлага авлаа. Түрүүчийн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар уг төслийг оруулах үед хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн. Гэхдээ дахин өргөн барих эрх нь Засгийн га­зарт үлдсэн юм. Тухайн үед хувь хүний нууцыг нийтэд дэлгэх нь буруу, нууцлалаас хассанаар гадагш задруулахгүй байх боломж алга гэсэн шалтгаанаар унагасан хэрэг. Энэхүү маргаан өчигдөр ч мөн адил үргэлжлэв.

Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ж.Энхбаяр нар иргэдийн хувийн мэдээллийг нууцын жагсаал­таас гаргах нь иргэдийн хувийн мэдээллийг нууцлах хуультай зөрчилдөж, төрд харшлах үйлдэл болно хэмээн үзэж байлаа. Эрхэм гишүүн Ж.Энхбаяр “Иргэдийн хувийн мэдээллийг нууцын жагсаал­таас гарган нууц биш болгосноор Монгол Улсын иргэдийн мэдээллийг гадаадын байгууллагууд авч ашиглах боломж бүрдэнэ. Тэр байтугай банкны гүйлгээ, гар утасны төлбөр, ураг төрлийн мэдээлэл, эрүүл мэндийн байдлын талаархи мэдээлэл ч нийтэд ил дэлгэгдэх боломжтой. Ингэж иргэдийнхээ мэдээллийг нээлттэй болгохын оронд харин ч улам хамгаалж, нууцлах нь дээр” хэмээн бухимдав. Харин төсөл танилцуулагч Ч.Сайханбилэг “Засгийн газар зөвхөн төрийн хүнд суртлыг арилган, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилготой уг хуулийн төслийг боловсруулан, парламентад өргөн барьсан. Өнөөдөр нэг хүний мэдээлэл таван байгууллагын төв­шинд өөрөөр тэмдэглэгдсэн байдаг. Үүнээс болж багагүй асуудал үүсч иргэдэд чирэгдэл үүссэнээс гомдол санал гарч байгаа. Тиймээс уг асуудлыг нэг болгох зорилготой. Гадаадын улс орнууд ч ийм л жишгээр иргэндээ үйлчилдэг. Бид ч тэр жишгийг дагах цаг болсон” гэж хариу барьсан юм. Жагсаалтаас гаргах зүйлд иргэдийн дэлгэрэнгүй мэдээлэл бараг тэр чигээрээ багтаж байгаа аж. Тэгэхээр нэгэнт төрийн нууцад хамаарахаа болихоор хэн ч үүнийг ашиглах боломж бүрдэн, гадагш гаргахад ямар нэгэн хариуцлага тооцох механизмгүй болох сул тал үүсч байна.

Тэгвэл үүнийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг тайлбарлахдаа дээрх мэдээллийг Төрийн нууцын жаг­саалтаас гаргаснаар нийтэд ил болохгүй, төрийн  байгууллагууд чиглэл чиглэлийнхээ дагуу мэдээлэл, лавлагаандаа ашиглана гэсэн. Гэхдээ хэрхэн чандлан хадгалж, гадагш задруулахгүй байх талаар ямар нэгэн тодорхой зохицуулалт огт байхгүй нь хэлэлцүүлгийн явцад ил болов. Мөн хакеруудын довтолгооноос ч хамгаалах талаар хуульд тусгаагүй байлаа. Нууцын жагсаалтаас гарга­сан мэдээллийн сан руу мэдээлэл технологи, компьютерийн чиглэлээр сурч буй дурын оюутан халдах боломжтой гэдгийг гишүүд анхаа­руулсаар байлаа. Гэвч хамгаалалт хаалт хийж, хяналт тавих асуудлаар тодорхой хариулт огт байсангүй.

УИХ-ын гишүүн М.Батчимэг дээрх бүхнийг хөндөж, тавьсан дөрвөн асуултдаа хариу авч чадаагүйдээ бухимдаж, Засгийн газрын захир­гаанд байдаг байгууллагууд ажлаа төгс хийж чадахгүй бай­гааг шүүмжлэв. Үүнээс гадна Ч.Сай­ханбилэг гишүүнтэй ч маргаад авлаа. Тэрээр “Засгийн газраас өргөн барьсан төсөлд иргэдийн мэдээллийг нээлттэй болгохоор тусгаж. Гэхдээ хэрхэн хамгаалах нь тодорхой бус байна. Мөн төрийн байгууллагууд иргэдийн мэдээллийг ашиглахдаа хэрхэн холбогдож, ямар зохицуулалтаар ашиглах нь алга. Уг нь, үүнийг жагсаалтаас хасах замаар бус Нууцын тухай хуульдаа өөрчлөлт оруулах аргаар ярих ёстой. Түүнээс иргэдийн тодорхой хэмжээний мэдээллийг хасах маягаар буюу дангаар нь авч хэлэлцэх нь буруу. Хэрэв ийм маягаар явуулах гэж байгаа бол миний хувьд дэмжих боломжгүй. Хувь хүмүүс утасны дугаар, гэрийн хаяг, эцэг эхийн овог гэх мэт зүйлсээ ил болгохыг хүсэхгүй бол яах вэ. Энэ бол хувь хүний нууц шүү дээ” гэв. Энэ мэтээр эсэргүүцэх нэгэн байхад дэмжиж буй нь ч байлаа. Тодруулбал, УИХ-ын дэд дарга Л.Цог, Ц.Цолмон гишүүн дэмжсэн юм. З.Энхболд даргын хувьд би дэмжиж байна гэсэн гуравхан үг хэлсэн бол Л.Цог гишүүн “Үргэлжлүүлэн хэлэлцэх явцдаа зарим асуудлыг шийдэж болно. Нууцын тухай хуультай хамтатган хэлэлцье гэвэл холбогдох байгууллагаас нь төслөө оруулаад ир л дээ. Тэгээд л хэлэлцээд явъя” гэсэн. Гэвч эцэст нь МАН-ынхан санал хураавал цааш хэлэлцээд явахыг ойлгон “Ер нь, энэ маягаар маргаж мэтгэлцэн явбал цааш хэлэлцэхээр болох нь. Тиймээс манай бүлэг завсарлагаа үргэлжүүлэх бодолтой байна.

Өмнө нь, тав хоногийн завсарлага авсан бол одоо гурав хоногоор сунгах хүсэлтэй байна” гэж Н.Энхболд хэлэв. Нэгэн ийм хүсэлт гаргасан болохоор Дэгийн тухай хуулийн дагуу хүсэлтийг ёсоор болголоо. Магадгүй энэхүү хуулийн төсөл гараанаас гарах гэж дуншсаар байтал завсарлагааны хонх цохих биз. Тиймээс хаврын чуулга­наар оруулж ирэхдээ гишүүдийн хэ­лээд байгаа бүх зүйлийг тусган дахин оруулж ирэх нь зөв биз. Үүнийг хууль санаачлагч Засгийн газар ч анхааралдаа авах нь зүйтэй болов уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан