Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Давосын чуулга уулзалтад 50 гаруй орны төрийн тэргүүн иржээ

Жил болгон Швейцарийн Давос хотноо болдог Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт нэгдүгээр сарын 23-нд нээлтээ хийлээ. Энэхүү чуулга уулзалт анх 1971 онд Өрнөд Европын өрсөлдөх чадварыг сайжруулах асуудлыг хэлэлцэхээр тус тивийн шилдэг 450 компанийн тэргүүн цуглаж, “Европын менежментийн чуулга уулзалт” нэртэйгээр явагдаж байсан юм. Өдгөө Давосын чуулга уулзалт зөвхөн Европ гэлтгүйгээр дэлхийн эдийн засаг ба улс төрийн тулгамдсан асуудлуудын талаар албаны бус, чөлөөт нөхцөлд үзэл бодлоо солилцох, тохиролцоонд хүрэх олон улсын хамгийн том арга хэмжээ болоод байгаа билээ. Иймд Давост тухайн жилийн дэлхийн эдийн засгийн хөгжлийн гол чиглэл, асуудлыг товлодог гэж болно. Уулзалтын төсвийг гишүүдийн хураамжаас бүрдүүлж, гишүүд гэж бүртгэгдсэн дэлхийн хамгийн том 1000 гаруй компани бий. Гишүүд нь уулзалтын зохион байгуулагчдад жил болгон 52,6 мянган ам.доллар төлөхөөс гадна уулзалтад оролцохын тулд нэмж 19 мянган ам.доллар төлнө. Зохион байгуулагчид нь жил болгон санхүүгийн байдал, менежментийн чанар ба нэр хүнд гэсэн шалгуураар гишүүд, оролцогчдыг сонгож сэлгээ хийнэ. Улс орнуудыг дэлхийн эдийн засагт гүйцэтгэж байгаа ач холбогдлоор нь сонгох бол төлөөлөл нь оролцох компанийн жилийн эргэлт нь таван тэрбум ам.доллараас дээш байх ёстой.

Уулзалтын хүрээнд 300 орчим хуралдаан, семинар, дугуй ширээний ярилцлага, төрийн тэргүүн нарын зангиагүй уулзалт явагддаг. Протокол хөтөлдөггүй, илтгэл мэдэгдлүүдийг албан ёсоор бүртгэж, тэмдэглэж авдаггүй, дүгнэлт тогтоол гэх мэт зүйл гаргадаггүй болохоор албан ёсны төвшинд шийдэгдэх боломжгүй олон асуудлын талаар өрсөлдөгч талууд чөлөөтэй уулзан ярилцаж, ээдрээг шийдэх арга замаа хэлэлцэн тохиролцох таатай боломж бүрддэг. Ийм ч болохоор энэхүү чуулга уулзалтад их гүрнүүдийн тэргүүн, чухал салбарын сайд нар, үндэстэн дамнасан корпорацын ерөнхийлөгч нар, алдартай эдийн засагч, улстөрч, судлаач, эрдэмтэд хүрэлцэн ирдэг.

Энэ жилийн чуулга уулзалтад дэлхийн 100 гаруй улсын Засгийн газар, бизнес элит, олон нийтийн байгууллагуудын төлөөлөл, 50 орны төр засгийн тэргүүн оролцож байна. Үүний дээр дэлхийн хамгийн том 900 компанийн захирал, иргэний нийгмийн 100 гаруй байгууллагын төлөөлөгч, дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг 200 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийн дарга, шашны 16 тэргүүн оролцож байна. Эдгээрээс нэр заан дурдвал Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, Италийн Ерөнхий сайд Марио Монти, Польшийн Ерөнхий сайд Дональд Туск, Германы канцлер Ангела Меркель, Оросын Ерөнхий сайд Д.Медведев, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун, Олон улсын валютын сангийн зохицуулагч захирал Кристин Лагард, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Жим Ен Ким, Европын төв банкны тэргүүн Марио Драги, Олон улсын худалдааны байгууллагын Ерөнхийлөгч Паскаль Лами.
Давосын чуулга уулзалт жил болгон голлон анхаарч байгаа сэдвийг тусгасан тодорхой уриан дор болдог. Өнгөрсөн жилийн уулзалт “Агуу их хувирган өөрчлөлт. Шинэ загваруудыг бүрэлдүүлэхүй” уриатай байлаа. Энэ урианы хүрээнд эдийн засгийн гүн хямралд орсон Европын орнуудын асуудлыг анхаарч байсан. Улмаар Европыг хямралаас гаргах гол арга нь төсвийн хэмнэлтийг дээд зэргээр чангалах гэсэн нэгдсэн дүгнэлтэд дийлэнх нь хүрсэн. Үүний дагуу ч Грек, Испани, Итали гээд Европын олон оронд төсвийн ажилчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг хасахаас эхлээд хатуу хэмнэлтийн бодлого явуулж байгаа.

Энэ жилийн буюу 43 дахь удаагийн чуулга уулзалтын уриа нь “Тогтвортой эрчим”. Чуулга уулзалтыг санаачилж, өдгөө хүртэл удирдаж байгаа профессор Клаус Шваб нь энэ талаар хэлэхдээ “Тогтвортой байна гэдэг нь өөрчлөгдөж байгаа нөхцөл байдалд дасан зохицож, гэнэтийн цохилтуудыг даан гарч дараа нь нөхөн сэргэхтэйгээ зэрэгцэн урдаа тавьсан чухал зорилгодоо хүрэхийг хэлнэ. Дэлхий нийт гэнэтийн бөгөөд удаан хугацаанд үргэлжилсэн эдийн засгийн асуудал гэсэн шинэ бодит байдалтай бид тулгараад байна. Үүнээс болж олон орон эдийн засгийн маш хатуу хэмнэлтийн бодлого явуулахаас өөр аргагүй болсон” гэжээ.
Цаашлаад “Шинэ нөхцөл байдалд зохицон өсөхийн тулд эрч хүч хэрэгтэй, өөрөөр хэлбэл зоригтойгоор алсыг харж илүү зоримог үйлдэл хийх хэрэгтэй. Эрч хүч ба тогтвортой байдал гэсэн хоёр чанар нь тус тусдаа явбал хангалтгүй юм. 2013  онд тулгарсан асуудлуудыг амжилттай шийдэхийн тулд улс төрийн болон бизнес удирдлагуудад энэ хоёр хүчин зүйл хоёул шаардлагатай болно” гэлээ. Энэхүү урианы хүрээнд чуулга уулзалтад явагдах  мэтгэлцээн нь гурван гол чиглэлд явагдах аж. Эдгээр нь “Таагүй нөхцөл байдал удирдахуй”, “Эдийн засгийн эрчийг сэргээхүй”, “Нийгмийн тогтвортой байдлыг бэхжүүлэхүй”.

Дэлхийн олон орны удирдагч, алдартай хүмүүс цугласан болохоор Давост аюулгүй байдлыг хангах онцгой арга хэмжээ аваад байна. Давос хот орчмын агаарын орон зайг өчигдрөөс эхлэн хааж, 80 км-ийн тойрог дотор бүх төрлийн онгоц ба нисэх төхөөрөмжийн нислэгийг хоригложээ. Зөвхөн чуулга уулзалтын зочдын онгоц л Швейцарийн Цэргийн нисэх хүчний командлалаас тусгай зөвшөөрлийг урьдчилан авсаны дараа л энэ тойрог дотор нисч болно. Хотын дотор аюулгүй байдлыг хангахад цагдаа нараас гадна Швейцарийн армийн дөрвөн мянга гаруй цэргийн албан хаагч оролцож байна. Цэрэг, цагдаа нар хотыг бүрэн бүслэн хамгаалтад авсан төдийгүй хот руу хүргэдэг бүх зам, жимийг хяналтандаа оруулж, хотыг ус ба цахилгаанаар хангадаг дэд бүтцийг ч өндөржүүлсэн хамгаалалтад авчээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан