Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын тухай хуулийг төслийг маргааш үргэлжлүүлэн хэлэлцэнэ
УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах зорилготой Улсын Их Хурлын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн М.Зоригт нарын гишүүд санаачилсан юм. Энэ хуулийн төсөлд намын бүлгүүд УИХ-ын чуулганы хуралдаанд бүлгийнхээ гишүүдийн ирцийг 50-аас дээш хувиар хангах. Хэрэв найман удаа ирц хүрээгү тохиолдолд УИХ дахь намын бүлгийг албан ёсоор татан буулгах тухай заасан. Энэ нь УИХ дахь цөөнхийн бүлгийг нэлээд бухимдуулж байгаа юм. Мөн цөөнхийн бүлэг ч Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, байнгын хороодын гишүүдийн тоог нэмэх тухай хуулийн төсөл санаачилсан. Эл хуулийн төслүүдийг хамтад нь хэлэлцэнэ, хэлэлцэхгүй хэмээн багагүй хэрэлдсэн ч тус тусад нь хэлэлцэхээр болсон. Харин өнөөдрийн хуралдаанаар М.Зоригт нарын санаачилсан хуулийн төслийг хэлэлцсэн ч ажлын цаг дууссан гэсэн шалтгаанаар маргаашийн хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо. Хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт авсан юм. Үүнийг бүрэн эрхээр нь хүргэе.
Д.Дэмбэрэл: 76 гишүүн нэгдмэл байдалтай ажиллах зарчимтай. Тиймээс хатуу байдлаар тэдэн хувь гээд заачихвал хүнд байдалд орчих юм биш үү. Авсан суудлын 50 хувь гээд заавал УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй л байдалтай байна. Тиймээс үүнийг ингэж заах нь хэрэг байна уу. Нэг удаагийн асуудлаас болоод хуулиа өөрчлөнө гэдэг байж болохгүй юм биш үү. Тэр өдөр манай намын бүлэг хуралдсан. Харин олонхийн бүлэг хүлээж байна гэдэг нэрээр ажил хийгээгүй. Гэтэл биднийг ажил хийгээгүй гэдэг нэрээр яллаад байна. Хэтэрхий гоомой хөнгөн хандаад байгаа юм биш үү. Бүлэг гэдэг бол Үндсэн хуулиар баталгаажсан зүйл. Гэтэл үүнийг ирц хүрээгүй гэдэг шалтгаанаар буулгана гэдэг байж болох уу?
М.Зоригт: Ганц удаагийн хурлаас үүдээгүй ээ. УИХ-ын гишүүдийн ирцийн талаар сонгогчид ч хэлж байдаг. Үүнийг олон байдлаар шийдэж болно л доо. Гишүүдийн цалинг хасах байдлаар шийдэж болно. Хамгийн гол нь нэгдсэн байдлаар, хамт олонд хариуцлага тооцох хэрэгтэй гэж бодсон. Энэ хуулийн төслөөр бүлгийн үүргийг тодорхой зааж өгсөн.
Д.Эрдэнэбат: Нэг л яруу тод жишээг хэллээ. 23 хуралдсан. АН бүлгийн ирц 2, АН-8 удаа байгаа юм. Тиймээс ганц удаа гэж хэлж болохгүй. Биднийг олон нийт харж л байна л даа. Хувь хүн, гишүүний бүрэн эрхийг халдахгүйгээр хариуцлагажуулах асуудал юу вэ гэхээр бүлэгт хариуцлага тооцох нь зөв юм. Заавал бүлэггүй болгох гээд байгаа юм биш дээ. Энэ бол хатуурхал биш.
Д.Дэмбэрэл: Эв нэгдлийн зарчмаар явъя. Ийм хувь хэрэггүй.
Д.Эрдэнэбат: Ганцхан зүйлийг ойлго. 50 хувийн ирц хангах нь бидэнд боломжтой зүйл. Бид хариуцлагаа өндөржүүлж байгаагаа нийгэмд харуулах ёстой юм.
Д.Лүндээжанцан: Парламент ёс гэдгийг судалдаг ухаантай хүн. Нөхдүүдийг ойлгож байна. УИХ-ын тухай хуульд намын бүлгийг татан буулгах заалт бий. Гэхдээ ирц бүрдэхгүй байлаа гээд бүлэг татан буулгадаг практик дэлхий дээр алга. Үндсэн хуулийн дордуулсан долоон заалтад энэ ирцийн асуудал орж өөрчлөгдсөн юм. Гэтэл өнөөдөр үүнийгээ дахин сэргээхийг шаардаад байна. Цөөнхийн ирц муу байвал олонхид ашигтай, олонхийн ирц муу байвал цөөнх нь бах таваа хангаж байдаг юм. Энэ нь хаа, хаанаа инээдэмтэй байна. Тиймээс татаад авчихаж болохгүй юу?
М.Зоригт: Лүндээжанцан гишүүний асуудлыг ярьсан. Татаж авахгүй.
С.Бямбацогт: М.Зоригт нараас өмнө бид өргөн барьсан юм. Өнөөдөр АН-ын бүлэг ирцгүй л сууж байна. Үүнээс үүдээд бид хурууны хээгээр санал өгдөг байх хуулийн төслийг өргөн барьсан. Гэтэл хэлэлцэхгүй байна. Хэрэв Зоригт нарын төслийг хэлэлцэх гэж байгаа бол бидний өргөн барьсан хуулийг хамт хэлэлцэе.
Бие даагч, ИЗНН-ын гишүүдэд ямар хариуцлага тооцох юм. Бүлэг татан буулгах нь Үндсэн хуулийн хууль зөрчиж байгаа юу.
Д.Эрдэнэбат: Үндсэн хуульд найман гишүүнтэй бол бүлэг байгуулна гэсэн заалт байхгүй. Хэрэв Дэгийн тухай хуульд олон зүйл оруулж байна. Тэгвэл үүнийг хойш нь тавиад Хаврын чуулганаар хамт ярьж болж байна. Хурууны хээгээр санал өгдөг байдлыг нэвтрүүлэхэд бэлтгэх ажил олон байгаа. Тиймээс тус тусад нь гэвэл үүнийг одоогийнхоор явахаас өөр аргагүй.
Ц.Цолмон: Намууд төрийн дээр гараад байна гэж шүүмжилдэг. Төрийн дээр гараад байгаа шалтгаан нь бүлэг байгаа юм. Бүх юм бүлэг рүү ордог буруу жишиг. Гэтэл өнөөдөр бүлэг рүү улам л оруулаад байна. Үр дүн нь хуралд ирдэггүй гишүүд улам ирдэггүй болно. Тиймээс хуралд ирэхгүй байгаа гишүүдэд хариуцлага тооцдог байдлыг илүү оруулж өгөх ёстой. Тухайлбал, хуралдаа ирээгүй бол гишүүдийг эргүүлэн татдаг, хэдэн гишүүн татагдсанаас шалтгаалж, бүлгийн хувь заяагаар ярьдаг байх хэрэгтэй. 50 хувийн ирцийг ямар байдлаар гаргах юм. Ирснээс нь 50 хувь тооцох уу, бүлгээс нь 50 хувь байх уу. Үүнийг бодсон уу?
Д.Эрдэнэбат: Гишүүдийн хариуцлагын тухай бодсон. Цалин руу нь халдаж болохгүй байна. Ганцхан болж байгаа нь бүлэг. Тиймээс зөв юм руугаа явахыг л хүсч байгаа юм.
Б.Бат-Эрдэнэ: Хуулийн төслийг харахад их сонин зүйл байна. Парламентын засаглалд ирц хамгийн чухал зүйл. Байнгын хороонд цөөнхийн төлөөлөл үнэндээ алга.
Н.Батцэрэг: Наймаас дээш ирцээ хангаагүй бол бүлэг татан буулгана гэж байна. Тэгвэл найм гэдэг тоог ямар байдлаар гаргасан юм бэ. Муу үр дагаврыг судалсан уу.
М.Зоригт: Найм гэдэг бол тавиу боломжийн тоо юм болов уу гэж бодсон. Нэг жилийн хугацаанд 50 хувь гэдэг бол тийм ч том тоо биш  ээ.
Н.Энхболд: Энэ хуулийг санаачилсан сэдэл нь их сонин. Бид үүнээс айх юмгүй ээ. УИХ-ын гишүүн бол ард түмний төлөөлөл. Үгээ ямар ч байдлаар илэрхийлж болно. Тиймээс эрхэнд нь халдаж байна. Монголын парламент ийм хууль гаргах гэж байгаа нь эмзэглэл төрүүлж байна.
Д.Эрдэнэбат: Бүлэг тараамаар санагдаад тараах гээд байгаа юм биш. Энэ хууль батлагдлаа гээд хэн нэгний эрхийг хязгаарласан юм байхгүй ээ. Бүлгийг нь харж байж чуулганд орно гэдэг аргыг танайхан хэрэглээд байгаа юм. Энэ нь өөрөө парламент ёсонд байж болохгүй зүйл.
Н.Энхболд: Сэдлийн таамаг зөв байж ээ. Цорын ганц заалт чинь биднийг ийм байдалд хүргээд байна л даа. УИХ бол улс төрийн үйл ажиллагаа ямар ч хэлбэрээр явуулж болно.
А.Бакей: Үндсэн хуульд наймаас дээш суудал авсан нам эсвэл бүлэг байгуулж болно гэж заасан. Энэ нь бүлэг байгуулж ч болно, байгуулахгүй ч байж болно
Д.Эрдэнэбат: Улс төрийн үйл ажиллагааг ямар ч хэлбэрээр явуулж болно гэж та хэллээ. Тэгэхээр ямар ч хэлбэрээр явуулж болохгүй ээ. Ямар ч хамаагүй хэлбэрээр явуулах нь ийм байдалд хүргээд байна л даа. Та нарын буйдантай суулт чинь хууль зөрчсөн шүү дээ.
Ц.Нямдорж: Баабар нийтлэлдээ мөн ч үнэн бичиж. Би ийм хөгийн зүйл анх удаа үзлээ. Би ажил тасалж үзээгүй. Энэ хууль бол бие даагчдыг яв, ИЗНН-ын хоёрыг яв гэж хэлж байгаа юм. Энэ бол инээдэм биш. Хүчирхийлэл. Энэ бол дахиад л хүчирхийлэл. Тархины дайн явж байна. Өчүүхэн зүйлийг сэтгэлээрээ ойлголцож болмоор юм. Ардчилал хаана байгаа юм. Юунаасаа айгаад байгаа юм. Би таван удаа Өршөөлийн тухай хуульд суусан. 6000 хүний хувийн хэргийг нэг бүрчлэн уншиж үзсэн үү.
Д.Эрдэнэбат: Таныг 20 жил суусан хашир хүн гэж мэднэ. Гэхдээ би долоон сар энэ танхимд суухдаа хуульгүйгээр явдаг юм байна гэдгийг мэдэрлээ. Ажил тасалж болдог юм байна гэдгийг ойлголоо. Хүүхдийн коршок нь хоймортоо гарчихсан, хөнжил гудас нь үүдэндээ оччихсон айл шиг болжээ. Шударга ёсыг бий болгохгүйгээр бид урагшаа явахгүй ээ.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан