Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын гишүүний өмнөөс санал өгсөн гишүүнийг хорьдог болох уу

Манай парламент дээрээс ирсэн тушаалаар бус харин өөрийн сонгогчдын эрх ашгийн үүднээс шударгаар санал хураадаг болоод цөөхөн хэдэн жил өнгөрч байна. Бүр тодруулбал 1992 оноос хойш манай улсад жинхэнэ утгаараа парламент бий болж чадсан. Тэгэхээр ердөө 20 жил л шударга гэж болохоор төвшинд саналаа өгч байгаа туршлага багатай парламент гэж үзэж болно. Олон зууны түүхтэй Өрнөдийн парламентын хажууд нялхаараа. Үүнээс ч болоод тэр үү гишүүд нь хувийн ажлаа хөөцөлдөөд хуралдаандаа суухгүй байх, бусдын өмнөөс санал өгөх гэх мэт “нялхсын өвчин” туссан.

Цаашдаа ард түмний эрх ашгийг жинхэнэ ёсоор төлөөлөхийн тулд  юуны түрүүнд дээр дурдсан нялхсын эмгэгээс салж, илаарших шаардлагатай. Үүнийг бүх гишүүд биш юмаа гэхэд дийлэнх нь сайн ойлгож байгаа нь гарцаагүй. Тиймдээ ч өөрсдөө байсхийгээд л янз бүрийн “эмийн жор“ санал болгодог. Жишээлэхэд, санал хураалтыг шударга, хариуцлагатай болгох үүднээс хурууны хээ ашиглах жор байна. Даанч манай гишүүдийн дийлэнх нь энэ жорыг “нялхасын өвчнийг” эдгээхэд хангалтгүй гэж үзсэн бололтой.

Уг саналыг дэмжээгүй ч өөр илүү сайн жор санал болгосонгүй. Тэгэхээр “нялхсын өвчний” эсрэг эмийн жор бэлтгэх амаргүй ажилд нь дэм болох үүднээс илүү боловсронгуй, туршлагатай парламентуудын ашигладаг аргыг танилцуулъя. Манайхан гадаадын улс орнуудын парламентаас туршлага судлахдаа хэзээний мундаг байсан даа. Яагаад дахиад “будаа идэж” болохгүй гэж...

Англи

Бий болсноосоо хойш нэгээр тогтохгүй олон зууныг туулсан, хамгийн ахмад парламент болох Английн парламентад хэрхэн санал хураадгийг эхлэн сонирхох нь зөв байх. Английн парламентад зөвхөн биечлэн санал өгөх боломжтой. Ямар ч электрон төхөөрөмж энэ тэрийг ашигладаггүй. Санал хураалт ямагт нээлттэй явагддаг. Эхлээд спикер зөвшөөрч байгаа гишүүдийг, дараа нь эсэргүүцэж байгаа хүмүүсийг саналаа өгөхийг дуулгана. Ингэхэд доод танхимын гишүүд нь «Aye» буюу “тийм”, эсвэл «Nay» буюу үгүй гэж чанга дуугаар хэлнэ. Дээд тэнхмийн гишүүд нь «Content» буюу “Зөвшөөрч байна”, эсвэл «Not-Content» буюу зөвшөөрөхгүй байна гэж чанга дуугаар хэлдэг. Спикер нь санал яаж хуваарилагдаж байгаагаар шийдвэрээ гаргана. Харин санал тэнцүү хуваагдсан, эсвэл спикер аль тал нь давамгайлсныг тогтоож чадаагүй тохиолдолд давтан санал асуулга явуулна. Энэ санал асуулгын үеэр гишүүд нь өөрийн баримталж байгаа үзлийн дагуу спикерийн баруун, эсвэл зүүн талд нь гарч зогсдог.  Ингэхэд тэдний тоог туслахууд нь гаргаж дүнг спикерт танилцуулна. Би байсан бол тэр талд нь гарч зогсох байсан юм гээд санал өгөх боломжгүй. Заавал өөрийн биеэр байх ёстой.

Герман

Бундестагийнх нь гишүүд зөвхөн өөрөө л санал өгөх эрхтэй. Түр гарсан хүний өмнөөс санал өгөхийг хатуу хориглосон байдаг. Саналаа өгөхдөө элетрон төхөөрөмж мөн л ашигладаггүй. Ердийн байдлаар гараа өргөж, эсвэл суудлаасаа босч санал өгдөг. Спикер нь гараа өргөсөн хүмүүсийн тоогоор эцсийн шийдвэрээ гаргана. Спикерээс гадна хоёр туслах гараа өргөсөн гишүүдийг тоолдог болохоор “тааж буудах”, эсвэл санаатайгаар будлиулах боломжгүй. Нэн чухал асуудлаар санал хураах үед гишүүдийн нэрийг бичсэн цаасыг эсэргүүцсэн, түдгэлзсэн, дэмжсэн хайрцгуудад хийж саналаа өгдөг.

Америк

Харин Америкийн Конгресст таван аргаар санал хураадаг. Дуугарч санал хураах үед гишүүд нь амаар буюу дэмжсэн эсвэл үгүй гэж чанга хэлнэ. Энэ үед саналыг дэмжиж буй эсэхийг чангаар нь шийдвэр гаргадаг. Салгаж санал өгөхөд гишүүд суудлаасаа өндийж туслахууд тоог нь гаргана. Тоологч нарын тусламжтай санал хураах үед гишүүдийн дотроос тоолох хүнийг гаргаад тэдний дундуур гарч саналаа өгч тоолуулдаг. Нэр дуудан санал хураах үед эсэргүүцсэн, дэмжсэн саналуудыг тусгайлан тэмдэглэж авдаг. Энэ санал хураалтыг заримдаа электрон төхөөрөмж ашиглан явуулдаг аж. Нэр бүхий хуудсаар нууц санал явуулах нь зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулиар л ашигладаг. Санал хураах үед гишүүдийг цуглуулахын тулд санал хураалт эхлэхээс гучин минутын өмнө хонх дуугарч удахгүй саналаа өгөх хэрэгтэй болсныг мэдэгддэг.

Польш

Манай Ерөнхийлөгч саяхан айлчилсан Польшийн парламент буюу Сеймд саналаа өгч байгаа гишүүн заавал тэнхимд өөрийн биеэр ирсэн байх ёстой. Гишүүдийг өөрийн картаа бусдад дамжуулахыг хориглодог. Тэнхимд байхгүй гишүүний өмнөөс санал өгөхийг Польшийн сонгогчид луйврын хэрэг хийсэнтэй адилтган авч үздэг болохоор ийм үйлдэл хийж байгаад баригдсан хүн дараагийн сонгуулиар парламентад орох боломжгүй болдог. Гишүүд санал хураалтын үеэр тэнхимд байгаагүй бол торгодог. Жишээлэхэд, нэг өдрийн дотор нийт санал хураалтын 30 хувьд нь оролцоогүй бол ажилдаа ирээгүй гэж бүртгээд цалингаас нь тодорхой хэмжээнд суутгадаг. Өөр гишүүний өмнөөс санал өгсөн нэг гишүүний бичлэг арваад жилийн өмнө олон нийтийн хүртээл болж, хэргийн эзэн гишүүн захиргааны шийтгэл сонсч, дараагийн сонгуульд ялагдал хүлээжээ.

Франц

Парламентын гишүүд өөрийн бүлгийн гишүүний өмнөөс санал өгөхийг албан ёсоор зөвшөөрсөн байдаг. Энэ нь сонгуулийн системийн онцлогтой нь холбоотой. Парламентын гишүүд үнэмлэхүй олонхийн мажоритар системээр сонгогддог болохоор өөрийн сонгогдсон тойрогтоо байнга ажиллах зайлшгүй шаардлагатай. Тэгэхээр парламентын хуралдаанд тогтмол суух боломжгүй юм. Францын парламентад долоо хоног бүрийн лхагва гарагт санал хураалт явагддаг болохоор тухайн өдөр хуралдаанд сууж чадахгүй болсон гишүүн бүлгийнхээ нарийн бичгийн даргатай холбогдон өөрийн өмнөөс санал өгөх эрхийг бүлгийн өөр гишүүнд шилжүүлэхийг мэдэгддэг. Хариуцлага өндөр болохоор хувийн ажил хийж яваа нь мэдэгдвэл шууд л албан тушаалтай нь ярьдаг болохоор гарцаагүй өөрийг нь сонгосон тойрогт байхаас өөр аргагүй.

Санал болгох нь

Товчхондоо бол эдгээр орны парламентууд санал хураалтыг шударга явуулах бүх шаардлага, нөхцөлийг хангасан гэж болно. Эргэх холбоо, хариуцлагын тогтолцоо олон жилийн туршид бараг өөгүй болтлоо боловсронгуй болсон. Гэхдээ улс болгоны парламентын ажлын журам ийм төгс биш. Манайхтай адил “нялхсын өвчин”-тэй парламент бүхий орон ч бас байна. Энэ бол Украины парламент буюу Дээд Рада. Радад өөр гишүүдийн өмнөөс санал өгөх нь хэрээс хэтэрсэн болохоор ийм зөрчил гаргавал эрүүгийн хэрэг үүсгэж найм хүртэлх жилээр хорих санал гаргасан. Үүнээс гадна парламентад бүлгэм бүлгэмээрээ бөөгнөрөн суудгийг болиулах санал ч бас гарсан. Ингэж бөөгнөрөн суухаар эзгүй гишүүний өмнөөс санал өгөх таатай нөхцөл бүрдүүлж байна гэнэ. Тэгээд гишүүдийг тус бүрт бүлгэм бүлгэмээр нь хольж суулгах замаар энэ асуудлыг шийдэх санал ч гарсан.

Манайхаар бол АН-ын гишүүний хажууд МАН-ын гишүүн, түүний хажууд МАХН-ын гишүүн, цаана нь ИЗНН гишүүн, тэгээд бие даагчид гэх мэтээр суулгана гэсэн үг. Бас манайхтай адил хурууны хээгээр саналаа өгөх санал ч гарсан байна.
Эндээс үзвэл манайхан Польшийн Сеймд хэрэглэгддэг торгууль, Америкийн Конгресст ашигладаг санал хураалтыг мэдэгдсэн хонх дуугаргах аргыг Украины Радад санал болгоод байгаа сөөлжүүлэн суулгах аргатай хослуулаад хэрэглэвэл дээр юм биш үү, эрхэм УИХ-ын дарга, дэд дарга, гишүүд ээ. Өөрсдөө унадаг дугуй шинээр бүтээх гэж толгойгоо гашилгаж байснаас туршлагыг хэрэгжүүлж үзвэл ямар вэ.
0 Сэтгэгдэл
хурууны хээгээр л хууль баталдаг болох хэрэгтэй
Хамгийн их уншсан