Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн нууцыг “цоожтой авдар”-т хийх зохицуулалт
ОХУ, Белорус, Франц зэрэг орон төрийнхөө нууцыг хамгаалалтад авах зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүсээ насан туршид нь цалин өгч, өөр газар ажиллуулдаггүй аж. Гэтэл манайд эсрэгээрээ хэрэгждэг. Манай улсад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан гурав, дэд Ерөнхийлөгч асан нэг, УИХ-ын дарга асан долоо, Ерөнхий сайд асан 16 хүн ажиллаж байжээ. Улсын нууц, аюулгүй байдалтай холбоотой ажил эрхэлж асан хүмүүсийг ажлаа хүлээлгэж өгснийх нь дараа хуульд заасан хугацаанд төрийн тусгай хамгаалалтад байлгаж байгаад дараа нь тухайн хүн улс төрөөс хөндийрсөн бол тэр чигт нь орхидог. Өөрөөр хэлбэл, тэдний мэдлэг, чадвар, ажлын туршлагыг ашиглах талаар төрийн ямар ч бодлого, зохицуулалт байхгүй гэсэн үг.

Төрийн удирдах алба хашиж байсан хүмүүс сүүлийн жилүүдэд төрийн томилгоогоор болон хувийн сонголтоо хийж уул уурхайн компаниуд болон дотоод, гадаадын төрийн бус байгууллагад ажиллах болсон. Ганц жишээ татахад л Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Баганбанди, Сангийн сайд асан П.Цагаан /одоо Ерөнхийлөгчийн тамгын газрын даргын алба хашиж байгаа/ нар Оюу толгой компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж буй. Тэд 2010 оны зургадугаар сараас хойш дээрх албан тушаалыг хашиж байна. Тэд өөрийн тархин дахь мэдээллээ ашиглан тус компанийн бодлого, шийдвэрт нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Учир нь, ҮАБЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан хүмүүс төрийн бүхий л нууц, чухал мэдээллийг мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, тэднээр дамжуулаад төр өөрийн бий болгосон мэдээлэл, туршлага, үйл ажиллагааныхаа чиглэлийг бусдад ашиглуулж байна гэсэн үг. Нөгөө талаар төрийн өндөр дээд албанд олон жил зүтгэсэн хүмүүст ямар нэг бизнесийн орлого байх нь ховор аж. Ийм нөхцөлд тэд мэдлэг чадвар, туршлага мэдээллээ ашиглаж амьдрахаас өөр аргагүй болдог байна.
Аливаа улс орны халдашгүй дархан байдал, тусгаар тогтнол нь төрийн нууц мэдээллийг гадагш гаргахгүй, нийтэд дэлгэхгүй байхтай салшгүй холбоотой.

Тиймээс төрийн хар хайрцагны бодлогыг нэгэн үе барилцаж байсан ийм хүмүүсээ улс орны эрх ашигтай холбоотой мэдээллийн нууц байдлыг хадгалах зорилгоор монголын төр хамгаалалтад авах цаг хэдийнэ болжээ. Энэ тухай УИХ-ын гишүүн Г.Уянга Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловруулж, УИХ-аар хэлэлцүүлэхээр болсон. Уг хуулийн төсөлд Үндэсний аюулгүй байдлын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг тус зөвлөлийн тэргүүний зөвлөхөөр ажиллуулах орон тоог бий болгох, улмаар туршлагатай хүмүүсийг төрийн бодлого боловсруулахад татан оролцуулах талаар тусгажээ. Мөн ҮАБЗ-ийн тэргүүн шаардлагатай гэж үзвэл уг зөвлөхөөс зөвлөмж авч болно. Түүнчлэн зөвлөх нь ямар ч асуудлаар ҮАБЗ-ийн тэргүүнд зөвлөмж гаргах эрхтэй болох юм. Нэг ёсондоо дээрх хүмүүсийг ийм албан тушаалд томилсноор тэд ямар нэгэн компанид ТУЗ-ийн дарга, гишүүн, зөвлөх болон бусад албан тушаал хаших, зөвлөгөө өгөх, хувийн компани байгуулан ажиллуулах эрхгүй болох юм. Ингэснээр төрийн нууцтай холбоотой мэдээлэл “цоожтой авдар”-т хадгалагдана гэсэн үг. Энэ ч утгаараа Монгол Улсад төрийн өндөр албан тушаал хашиж явсан хүмүүсээ хамгаалах, тэдний мэдлэг чадвар, туршлагыг төрийн бодлого тодорхойлоход ашиглах асуудал эрхзүйн түвшинд зохицуулагдах учиртайг Г.Уянга гишүүн төсөлдөө тусгасан аж. Харин ҮАБЗ-ийн зөвлөхийн цалин хангамж нь Засгийн газрын  гишүүний тухайн үеийн цалинтай тэнцэх хэмжээнийх байх юм. Мөн бусад баталгаагаар хангагдана. Хэрэв энэ хуулийн төслийг Байнгын хороогоор “шүүсийг” нь шахаад УИХ-аар хэлэлцээд баталчихвал Монгол төрийн нууц ямар нэг байдлаар алдагдахгүй болох нь. Гэхдээ буруутай үйлдэл хийсэн хүнд ял зэм хүртээн торны цаана суулгах ёстой. Өндөр албан тушаалтан байсан гээд толгойг нь илж, буруутай үйлдлийг нь цайруулах ёсгүй гэдгийг энд дурдах нь зүйтэй байх. Учир нь, уг хууль батлагдсанаар Н.Энхбаяр шоронгоос суллагдах боломж бүрдэх нь гэсэн болгоомжлол бий. Тиймээс бусад хуульд харшлахааргүй заалт оруулах хэрэгтэй мэт. 
С.ЗАЯА
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан