Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ВАН ШАО ЛУН: “ЧАЛКО”-ТОЙ ХИЙСЭН ГЭРЭЭ МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ ХОХИРООГООГҮЙ
БНХАУ-аас Монголд суугаа Элчин сайд Ван Шао Лун Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга У Бангуо Монгол Улсад айлчлах гэж байгаатай холбогдуулан өчигдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Элчин сайд Ван Шао Лунаас дараахь зүйлийг тодруулсан юм.
 
-Монголын тал “Чалко” компанитай хийсэн гэрээгээ цуцлах тухай ярьж байгаа. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Монголын болон олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж буй үүнтэй холбоотой мэдээллийг анхаарч байгаа. Хятадын тал Монгол Улстай урт хугацааны, тогтвортой, харилцан ашигтай гэрээ байгуулсаар ирсэн. “Чалко” компани Монголын талтай Таван толгойн зүүн Цанхийн нүүрсийг арилжаалах гэрээ байгуулсан.
Гэрээг анхнаас нь харилцан ашигтай байхаар, нүүрсний үнийг хоёр талаас тогтсоны үндсэн дээр байгуулсан байгаа. Тиймээс цаашид ч энэ гэрээний дагуу үйл ажиллагааг нь үргэлжлүүлэхийг дэмжиж байгаа. “Шинхуа” группийг Таван толгойн баруун Цанхийг ашиглах тендерт оролцохыг дэмжиж байна. Энэ байр сууриа хэвээр хадгална, өөрчлөхгүй. “Чалко” компани бол Монголын талын компанитай харилцан ашигтай байх үндсэнд гэрээгээ байгуулсан. Хоёр тал алсыг харсан, харилцан ашигтай байх, аюул эрсдэлийг хамтдаа үүрэх зарчмаар хамтран ярилцаж асуудлыг шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.
-“Чалко”-той хийсэн гэрээ Монголын талд ашиггүй болсон гэж байгаа шүү дээ?

-Хоёр тал ярилцаж зөвлөлдсөний үндсэнд нүүрсний үнээ тогтоосон шүү дээ. Нүүрсний үнийг тогтоохдоо янз бүрийн хүчин зүйлийг харгалзаж үзсэн. Энэ үнэ Монголын эрх ашгийг хохироосон гэж үзэхгүй байна. Өнгөрсөн онд Монголоос Хятад руу экспортолсон нүүрсний үнэ өөрчлөгдсөн. Энэ нь, зах зээлийн хүчин зүйлээс болсон. Өнгөрсөн онд дэлхийн эдийн засгийн байдал таагүй байсан учир дэлхий дахинд, мөн Хятадад нүүрсний үнэ буурсан. Үнэн хэрэгтээ өнгөрсөн онд нүүрсний үнэ хамгийн доогуур байсан ч Хятад, Монголын хооронд нүүрсний арилжаа зогсонги байдалд байлаа. Тухайн үед зөвхөн “Чалко” Монголоос нүүрс экспортлосон. Ингэхдээ янз бүрийн саад бэрхшээл туулсан. Өдгөө “Эрдэнэс Таван Толгой”-н санхүү үнэхээр хэцүү байна. Гэхдээ энэ нь “Чалко” компаниас шалтгаалаагүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Үүний бурууг Хятадын талд хүлээлгэвэл бодит байдалд нийцэхгүй, шударга бус гэж үзэх болно. Хятадын Засгийн газрын хувьд хоёр талын компаниуд дахин эрх тэгш, найрсаг зарчмаар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхийг дэмжиж байгаа.
-У Бангуо даргын айлчлалын үеэр “Чалко”, “Эрдэнэс таван толгой” компанитай холбоотой асуудлыг ярилцах болов уу?
-У Бангуо дарга айлчлах үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар илүү өргөн хүрээнд ярина гэж бодож байна. Түүнчлэн хоёр талын удирдлага энэ завшааны ашиглаад чухал асуудлуудаар ярилцаж, шийдвэрлэх нь тустай гэж үзэж байна.  

Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан