Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

АРДЫН НАМ ДОТОРХИ СУНГАА
Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа МАН-д аль хэдийнэ эхэлжээ. Энэ удаад битүү морь уралдахгүй нь. Гэхдээ өөрийгөө сойгчид ч цөөнгүй байгаа аж. Саяхны нэгэн өдөр Ардын намынхан БНСУ-д очиж хуралдсан тухай мэдээлэл ч тарав. Ингэж хил давж хуралдахдаа хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойхоо ярилцсан гэнэ. Энэ хурлаар УИХ-ын дэд дарга М.Энхболдыг нэр дэвшүүлэхээр тохиролцсон тухай мэдээлэл гарсан. Түүнээс гадна С.Баярыг улс төрд эргэн ирнэ гэсэн таамаг байсан ч сүүлийн таван жил эх орондоо амьдарсан гэдэг хуульд заасан шаардлагыг биелүүлж чадахгүй нь. Өөр хүмүүс сунгаанд өрсөлдөхөөр сонсогдож байгаа ч хамгийн магадлалтай хэдийг дор дурдлаа. Тэд намын анхан шатны хурлаас дэмжлэг хүлээж, олонхийн санал авч, Бага хурлаараа дийлэнхийг гар өргүүлж чадах юм бол гэсэн эхний давааг давах ёстой. Эхний давааг давахад мэдээж нэр нөлөө, хүрээлэл, бүлэглэл, фракцын дэмжлэг шиг чухал зүйл үгүй. Харин МАН-ын дарга нарыг Солонгост сэм цуглаж хуралдаж байх зуур нам дотор нь бужигнаж эхэлсэн сурагтай. Ойрын үед дэндүү чимээ аниргүй байгаа Ардын намынхан тэсрэхэд ойрхон болжээ. Энд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй өөр гишүүдийн эрх ашиг  давхар яваа гэдгийг хэлж байна. Ямар ч байсан МАН-ынхан сонгуульд өрсөлдөж, намаа аврах баатар хэн байхыг тодруулах гэж хэцүүхэн юм болох нь. Үүнтэй зэрэгцээд намын даргаа суудлаас нь мултлах сураг ажиг ч дуулдаж эхэллээ. Ингээд Ардын нам доторхи албан бус сонгуулийн сунгаанд хэний нэр яригдаж байгааг хүргэе.

Миеэгомбын ЭНХБОЛД

Хотын фракцын тэргүүн. Одоо хүртэл намдаа нэр нөлөөгөө алдаагүй байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хамгийн хүчтэй өрсөлдөгч гэж дэмжигч олон. Фракц нь ч гэсэн нөлөөгөө алдаагүй харин ч сэргэж эхлээд байгаа. МАН-ын­хан анхан, дунд шатандаа дэмжээд гаргаад ирэх юм бол М.Энхболд Ерөнхийлөгчийн сон­­­гуульд өрсөлдөхөд бэлэн хүмүүсийн магнайд зог­соо.
1964 оны долдугаар сарын 19-нд  Улаан­баатар хотод төрж, МУИС-ийг Эдийн засагч мэр­гэж­лээр төгссөн тэрээр 1992-1997 онд Чингэл­тэй дүүргийн Засаг даргын орлогч, тус дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан аж. 1997-2005 онд Нийслэлийн МАХН-ын /тухайн үеийн/ дарга, 1999-2005 онд Нийслэлийн Засаг даргаар ажилласан. МАХН-ын даргаар 2005-2007 онд ажиллаж, 2006-2007 онд Ерөнхий сайд, 2007-2008 онд Шадар сайдын албан тушаал хашсан. Намын дарга болоод удаагүй байхдаа С.Баярт бүх эрх мэдлээ нэг л өдөр алдсан. Түүнээс хойш өөрчлөлт хийж, тодорч харагдах гэсэнгүй урсгалаараа явсаар байгаа ч хотын фракцын нөлөөлөл нам дотроо бэхэжсээр л... Парламентад гурав дахиа сууж байгаа. 2008-2012 онд ерөнхийдөө улс төрд гол дүрд тоглоогүй амарсан гэхэд болно. Харин М.Энхболд ирэх дөрвөн жилд нэлээн идэвхтэй байх хэрэгтэй болсон бололтой.
СУЛ ТАЛ
М.Энхболд гэхээр газрын наймаачин, Улаанбаатар хотын төвийн газрыг худалдаж дууссан гэдэг хусавч арилшгүй муу үг дагадаг. Хэдийгээр улс төрд унаж босч явсан туршлага байгаа ч дэндүү сөрөг имижтэй учраас Ерөн­хийлөгчийн сонгуульд өрсөлдөхөд ялангуяа хо­тын сонгогчид таатай хүлээж авахгүй л болов уу.

Өлзийсайханы ЭНХТҮВШИН

МАН-ын дарга учраас анхан шатны хурлаас дэмжлэг авах боломж түүнд бий. Гэвч олонхи түүний талд зогсох уу гэдэг асуулт гарч ирнэ. Намын даргын суудалд сууснаас хойш л дэнжигнэж байгаа Ө.Энхтүвшинд тийм ч сайн хүрээлэл, фракц байхгүй.
1958 оны аравдугаар сарын 30-нд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд төрж, 1980 онд МУИС-ийг түүхч, түүхийн багш, 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи төгсчээ. Анх 1980 онд МАХН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтнаар ажилласан байна. 1996-1997 онд МАХН-ын нарийн бичгийн дарга, Улаанбаатар хотын МАХН-ын хорооны дарга, 1997-2000 онд МАХН-ын нарийн бичгийн даргын улс төрийн албан тушаал хашсан. Тэрээр энэ удаагийнхтай нийлээд дөрөв дэх парламентдаа сууж байгаа.
СУЛ ТАЛ
2000 оноос хойш ямар нэг улс төрийн албан тушаалд очилгүй сул гишүүн явсан. Гэвч 2005-2006 онд “Уламжлал шинэчлэл- Ардчилал шударга ёс” жигүүр байгуулж хэсэгтээ л ганцаарчилсан тоглолт хийсэн. Гэсэн ч намын дарга Н.Энхбаяртай тохиролцож чадсан учраас 2006 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд болж, жигүүр гүйцэт ургаж чадаагүй. Энэ нь түүнийг албан тушаалын төлөө хөдөлдөг хэмээх “алдар”-аас салгадаггүй. Тиймдээ ч сонгуульд өвдөг шороодсон МАН-ын дарга болж, босгож ирнэ гэж зүтгэсэн ч Ардын намынхан одоо болтол нэр нүүрээ олж авч чадаагүй л байна. Нам удирдаж чадахгүй гэдгээ удаа дараа нотолсон учраас Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаанд хол явж чадахгүй гэцгээж байна.

Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ

Улс төрд ороод багагүй хугацаа өнгөрсөн ч эрхэм гишүүн гэхээсээ илүү Монгол Улсын дархан аварга гэж дуудуулсан хэвээр. Үүнийг нь улстөрч хүний имиж биш ч гэдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд намынхнаасаа зөрөх, сөрөг байр сууринаас хандах зэргээр бага багаар ганцаарчилсан тоглолт хийх болов. Энэ нь магадгүй Ерөнхийлөгчийн сонгуульд “барилдах” гэсэн тактикийн нэг байж ч болох. Ямар ч байсан алсыг харсан хувийн тоглолт түүнээс ойрын үед харагдаж буй.
1964 оны зургадугаар сарын 7-нд Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрсөн. 1990 онд Цэргийн дээд сургуулийг хуульч, МУИС-ийг хуульч мэргэжлээр төгсчээ. 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдохоос өмнө олон түмнээ баясгасан уран барилдаан үзүүлж, шуугиулж явсан, Биеийн тамир спортын “Хүч” нийгэмлэгийн орлогч дарга, даргаар ажиллаж байгаад 1999-2004 онд “Аварга” биеийн тамирын сургуулиа удирдаж байжээ. Улс төрд гэнэт орж ирсэн ч гурав дахь парламентдаа сууж байгаа УИХ-ын гишүүн. Намдаа ямар нэг албан тушаал хашиж байгаагүй, сайдын сэнтийд ч сууж үзээгүй туршлага багатай улстөрч. Нөгөө гурваасаа ч үүгээрээ ялгарч байгаа.
Сул тал
Ерөнхийлөгчийн сонгуульд аваргыг өрсөл­дөх сураг гараад удлаа. Тэрээр өөрөө ч үгүйсгэхгүй байгаа. Харин намынх нь түүнийг дорвитойхон дэмжихгүй л болов уу гэсэн таамаг яваа. Магадгүй хөдөө орон нутгийнхан аваргаа дэмжих ч олонхи нь хувь хүнийг бус улс төрд ажилласан туршлага, баримталдаг байр суурийг нь илүүтэй үнэлэмж болгож таарна. Нэр цэвэр боловч архаг улстөрчдийн дэргэд жижигдэж  мэдэх юм. 

Дуламсүрэнгийн ОЮУНХОРОЛ

Эмэгтэйчүүд сүүлийн үед улс төрд олноороо орж ирж байгаа учир сонгогчид магадгүй энэ удаад эмэгтэй Ерөнхийлөгчтэй болохыг хүсч байж болох юм гэсэн горьдлого тээж түүний баг ажиллаж эхэлсэн бололтой. МАН-ын эмэгтэйчүүдийн байгууллага Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн гэдгээр нь Д.Оюунхоролыг сунгаагаар гаргаад ирэхийг үгүйсгэхгүй. Бас л нам доторхи өрсөлдөөнд нэр нь сонсогдож эхэлсэн нь таамаг төдий биш байх.
1963 оны нэгдүгээр сарын 23-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төржээ. 1986 онд УБДС-ийг математикийн багш, 2003 онд МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. 2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдох хүртлээ багшилж, сургууль байгуулж, захирлаар нь ажиллаж байж. Гурав дахь удаагийн парламентдаа сууж байгаа тэрээр энэ удаагийн сонгуульд эмэгтэйчүүдээ чирч гаргаж ирж чадаагүй гэдгээрээ НАМЭХ-ны бүсгүйчүүдээс багагүй зэмлэл хүртсэн. Гэсэн ч сунгаанд үзээд алдах эрх нь түүнд нээлттэй.
СУЛ ТАЛ
Энэ жилийн сонгуулиар МАН урьд өмнө нь байгаагүйгээр цөөн эмэгтэй гишүүнтэй болсон бурууг түүнээс хайж байгаа. НАМЭХ-ны тэргүүний өрсөлдөөнд шударга бус оролцсон гэсэн гомдол өдгөө ч тасраагүй. Өрсөлдөх эрчүүд нь түүнээс хавьгүй илүү туршлагатай гэсэн мессэжийг Д.Оюунхоролын эсрэг явуулах нь мэдээж. Нам доторхи хүрээлэл тийм ч сайн биш болохоор сунгаанаас сугарч үлдэж чадах нь маш их эргэлзээтэй гэцгээв.

Л.Номин
0 Сэтгэгдэл
Пээх Хололмаа дэвшиээд байхдаа яахав кккккккккккк
Хамгийн их уншсан