Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үгээ ололцоод ажлаа хийгээсэй билээ, энэ намууд
УИХ-ын сонгууль өнгөрөөд яг долоон сар өнгөрлөө. 20 жил МАН-д итгэл хүлээлгэж амьдрал сайжирчих болов уу хэмээн горьдож хүлээсэн ард түмэн Ардчилсан хүчинд итгэл хүлээлгэж олонхи болголоо. Одоо л байдал арай өөр болох болов уу хэмээн хүлээж байгаа нь лавтай.

Гэтэл өнгөрсөн долоон сард юу амжуулав аа. Засгийн эрх авсан нам нь шинэ юм хийх гээд ч байгаа юм шиг яриад л, ялагдсан МАН нь засгийн эрхийг алдсан хорслоосоо гарч чадалгүй “Сөрөг хүчин болсон юм чинь сөрөх л ёстой” гэж чагтлаад хагас жил гаруйг л ардаа орхив уу даа.

Бие биетэйгээ сөргөлдсөн энэ маргааны хамгийн сүүлийнх нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг УИХ-ын Байгаль орчин, ХХАА-н байнгын хороо, Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар хэлэлцэх үед  УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хоёрын хэрүүл байлаа.

Чухамдаа энэ хоёрын хэрүүл маргаан улсын нийслэл Улаанбаатар хотыг яаж хөгжүүлэх вэ, 2020 он гэхэд ямар болгох вэ гэсэн ажил хэрэгч санал гэхээсээ хоёр том намын төлөөлөл нэг нэгнээдээ архирсан, нам  намынхаа булайг дэлгэх гэсэн хэрүүл байлаа.

МАН-ынхан өнгөрсөн 20 жил санаагүйг нь санаж, хийгээгүйг нь хийж эхлэх гээд байгаа АН-ынханд хорсч, аль болох ажилд нь садаа хийхийг эрмэлзэж, муу муухайгаар нь дуудахыг эрмэлзэж байгаа нь Ж.Энхбаяр түшээгийн нүд, үг хоёроос харагдаад байна. Үнэндээ энэ үг өчигдөр Ж.Энхбаяр гишүүний амнаас гараад  байгаа болохоос  биш МАН-аас гарч ирсэн бүх гишүүн цаагуураа ингэж ярьж үгсч байгаа. Тэр бас хотын төвийн газрыг хэн хэн авсан бэ гээд л хашгираад байснаас биш, хэн, аль намын хүн хотын дарга байсан,  тэр газруудыг өгсөн, хэн авлига авсныг хэлсэнгүй.

Харин хотын мэр Э.Бат-Үүлийн үгнээс эд нар өнгөрсөн 20 жилд юу хийсэн юм, хамаг юмыг л сүйтгэж өөрсдөө идэж таргалсан гэсэн гомдол, хорсол цухалзаад байна. Тэр ч бас хүний нэр цохсонгүй.

Асуудал гарах бүрийд энэ хоёр том намын зүтгэлтнүүд ингэж хандаж бие биеэ мэрэхээс хэтрэхгүй хагас жилийг ардаа орхиж. Заримдаа бүр буйдан сандалтайгаа сууж чагтална. Бие биенээ чагталж “хорлох” гэсэн оролдлого УИХ-ын анхдугаар чуулганаас л эхлэлтэй. Хамгийн өндөр настай зөнөг Д.Дэмбэрэл нь хуралдаанаа даргалахгүй намынхаа багачуулыг дагаж зугтаагаад, Ө.Энхтүвшин нь намын бүлэг байгуулах саналаа хугацаанд нь өгөхгүй гэдийгээд..... АН-ынхан ч нөгөө намынхнаа дуудаж үг хэлээ ололцохгүй, өөрсдөө хурлаа хийгээд....бүлэг байгуулах ажлыг нь түргэн шуурхай шийдээд өгөхгүй хойш нь суугаад...

Ер нь л МАН-ынханд бол “Яавал энэ төр засгаар юу ч хийлгэхгүй чагталж байгаад энэ дөрвөн жилд нэр хүндийг нь унагах вэ. Тэгвэл 2016 оны сонгуулиар эд чинь юу ч хийсэнгүй гэж байгаад бид гараад ирнэ” гэсэн далд тооцоо харагдаад байна. Тэдэнд энэ дөрвөн жилд ард түмний амьдрал яаж доройтох муудах нь хамаагүй, ганцхан дөрвөн жилийн дараа алдагдсан эрх мэдлээ буцааж авбал л болох нь бололтой.

Энэ бүхэн хэнд хэрэгтэй вэ. Ард түмэн, Монгол Улсад л лав хэрэггүй, хэрэггүйгээр барахгүй бүр чөдөр тушаа болж байна.
Харин ийм байдлаар нэг нэгийгээ сөрж, чагталж байж ганц нэг албан тушаал авах, ажлаа хийж чадахгүйдээ халагдаж байгаа хүмүүсийг өмгөөлөн хамгаалагч болж харагдаж алдагдсан нэр сүрээ бага ч гэсэн өргөх нь МАН-ын эрх мэдэлтнүүдэд хэрэгтэй байж мэдэх.

Харин АН-ынхан болохоор хазайсан дээр нь түлхэж, халтирсан дээр нь унагана гэгчээр нэгэнт ялагдаж сүр сүлд нь дарагдаад байгаа МАН-ынхныг улам доош хийж шахах нь өдөр өдрөөр ойртож байгаа ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл байж болох.
Уг нь монголчуудын хэдийнээс ярьдагчлан “Санаачлагатай хүн арга хайдаг, санаачилгаагүй хүн шалтаг хайдаг” гэдэгчлэн асуудлыг зөвөөр шийдвэрлэх, цаг алдахгүйн төлөө хоёр нам үг хэлээ ололцоод, зөвшилцөөд зөв гарц хайгаад явбал их мөнгөтэй ч дэлхийн улс гүрнүүдийн адагт ороод байгаа Монгол Улсаа хөгжүүлэхэд нэмэртэй баймаар.

Монгол Улсаа 90 жил удирдсан МАН-ынхан шинэ шинэ санаа гаргаж, ажил хэрэгч санал хэлж, АН-ынхны гаргаад байгаа санаа, хийж байгаа ажлын зөв зүйлийг нь дэмжиж, буруу зүйлийг нь засч залруулаад явбал тун зүгээрсэн. Чухам ингэж чадна л гэж энэ намын хүмүүсийг ард түмэн төрд сонгосноос биш, албан тушаалаа алдсандаа гоморхож, сөрөг хүчин нэрийн дор бүхнийг баллуурдан сөрж, төр засгийн хийж байгаа ажлыг үгүйсгэн муучилж суу гээгүй баймаар. Уг нь бол сайн ч муу ч энэ төрийг удирдаж 90 жилийг элээсэн МАН-ын эрх баригчид энэ мэтийг мэдмээрсэн.

АН-ынхан ч энэ тэр төлөвлөгөө, төсөл боловсруулах ажлын хэсэг энэ тэрдээ тэр албан тушаалд дуртай МАН-ынхныг оролцуулаад зөвшилцөөд, зөвлөөд хамтрахгүй “Эд л ялагдсан, эдний хэрэг байхгүй, эд чинь сөрөг хүчин” гэдгээ болиод нэг л зорилгын төлөө яваа гэдгээ ойлгуулаад ажиллаж яагаад болохгүй байгаа юм бол.

Өнөөгийн хоригдол Н.Энхбаяр “Эвтэй бол хүчтэй” гэж хэлсэн. Уг нь ч ардын үг л дээ. МАН нь байна уу, АН нь байна уу, аль нь ч байлаа гэсэн бүгдээрээ нийлээд л Монголын төр. Одоо эв эеэ хичээж монголын ард түмний хүсэн хүлээгээд байгаа зүйлийг л хийгээсэй билээ гэж хэн хүнгүй хүсэн хүлээж байна. “Хүн хэлээрээ, мал хөлөөрөө” гэдэг дээ.

Солонгосын тэрбумтан Ким У Жин “Хорвоо дэлхий уудам, хийх ажил их байна” гэсэн. Үнэхээр Монгол оронд минь цаг алдалгүй хийж амжуулах ажил тун их байна санж, эрх баригчид аа.
0 Сэтгэгдэл
Нээрээ хэн хэн нь ажлаа хиймээр байна шүү дээ. Битгий хэрэлдээд бай
Хамгийн их уншсан