Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Элбэгдорж: Монгол бол нээлттэй орон, түншүүдийнхээ үгийг сонсоно
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Давос дахь Дэлхийн эдийн засгийн форумд оролцох үеэр АНУ-ын CNN телевизэд товч ярилцлага өгснийг дор хүргэж байна.

-Тантай уулзахад таатай байна.
-Уулзахад таатай байна.
-Их сонирхолтой цаг үед бид уулзаж байна. Танай улс уул уурхайгаас ихээхэн хамаарсан эдийн засагтай. Гэтэл Хятадын эрэлт уруудаад байдаг. Үүнийг мэдээж та бүхэн анхааралтай ажиглаж байгаа биз ээ. Та бүхэн уул уурхайгаас орж ирсэн мөнгөөр эдийн засгаа хэрхэн яаж төрөлжүүлэх гэж байна вэ?
-Уул уурхайг хөгжүүлэхийн тулд мэдээж эхлээд дэд бүтцээ хөгжүүлэх шаардлагатай. Манай Монгол бол хөдөө аж ахуйн эх орон. Бид гурван сая шахам хүн амтай ч, 50 орчим сая малтай. Бид бас нэг хүнд оногдох газрын хэмжээгээр дэлхийд тэргүүлдэг орон. Энэ бүхэн Монгол улс эдийн засгаа төрөлжүүлэх ямар их нөхцөл боломж байгааг харуулж буй юм.  
-Та бол Харвардад боловсрол эзэмшсэн хүн. Энд, Давост хуран чуулсан залуу удирдагчдын нэг. Та авлига, хээл хахуулийн талаар үг хэлэхдээ бидэнд хийж амжаагүй зүйл их байна, энэ бүгд хангалтгүй гэж хэлсэн. Миний санаж байгаагаар Транспэрэнси Интернэшнлийн авлигын индексийн судалгаагаар танай улс дунд хавьцаа, 94 дүгээрт бичигдэж байна. Таны хэлэхийг хүссэн зүйл юу вэ?
-Монголын эдийн засаг 2011 онд 17 орчим хувиар өссөн гэдгийг та мэдэж байгаа байх. Бас нэг сайн мэдээ бол 2012 онд Монгол улс авлигын индекс нь хамгийн хурдацтай буурч байгаа орон болсон. Бид нэг жилийн дотор 26 орныг ардаа орхиж, 120-д байснаас 94 болтлоо урагшилсан.
-Та энэ үр дүнд сэтгэл хангалуун байна уу?
-Тийм ээ, бид сэтгэл хангалуун байгаа. Гэхдээ бид хийх ёстой ажлынхаа, хуулийн тогтолцоонд хийх реформын зөвхөн дөрөвний нэгийг л хийлээ. Ирэх жилүүдэд шинэчлэл, реформыг илүү эрчимжүүлэх болно.
-Тантай ярилцлага хийхээр бэлтгэж байхдаа би хэдэн эх сурвалж болох хүнтэй ярилцсан юм л даа. Тэд одоо хэлэлцэх гэж буй уул уурхайн шинэ хуулийн талаар их санаа зовниж, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хойш татсан алхам боллоо хэмээн үзэж байсан. Танай улс хоёр том уул уурхайн ордтой шүү дээ. Гэтэл яагаад ашигт малтмалын хуулиа өөрчлөх болов. Энэ өөрчлөлт үнэхээр сайн үр дүнд хүргэж чадах уу?
-Манай улс ашигт малтмалын тухай хуулиа хамгийн сүүлд 1997 онд өөрчлөн баталсан. Тэр цаг үеэс хойш дэлхий яаж өөрчлөгдөж байна. Тийм ч учраас уул уурхайд ч бас өөрчлөлт хэрэгтэй гэж би үзэж байгаа. Бид одоо уул уурхай, ашигт малтмалын салбарын хуулиа шинэчлэн сайжруулж байна. Дэлхийн хамгийн сайн туршлагыг л Монголдоо нэвтрүүлж, хэрэгжүүлэх гэж хичээж байна. Гэхдээ өөрчлөлт одоо зөвхөн хуулийн төслийн хэмжээнд л явж байгаа. Хэсэг харъя, хүлээзнэе. Магадгүй дөрвөөс зургаан сар болно биз. Монгол бол нээлттэй орон. Бид түншүүдээ сонсдог.
-Хэрвээ шаардлагатай бол та хөрөнгө оруулагчдад хандахад бэлэн байх нь ээ?
-Тэгэлгүй яахав.
-Сонирхолтой юм. Монгол улс газар нутгийн хувьд Орос, Хятадын дунд хавчуулагдсан орон. Зарим хүн бол үүнийг их сайхан давуу тал гэж хардаг. Оросоос газрын тос авчихна. Хятад гээд асар их эрэлт бүхий зах зээл хажууд нь байна гээд. Энэ хоёр том гүрний дунд орших улс орны хувьд  тэдний улс төрийн харилцааг хэрхэн зохицуулдаг вэ?
-Монголын газар нутгийн байршил бол хэзээ ч өөрчлөгдөшгүй, тогтсон зүйл шүү дээ. Бид хөршөө сонгож чадахгүй. Монгол бол Орос, Хятадаар хүрээлэгдсэн цорын ганц орон. Энэ нь бас бидэнд давуу тал олгож байгаа. Тухайлбал, дэлхийн хэмжээнд эдийн засаг нь хамгийн хурдацтай хөгжиж байгаа орон болох Хятадтай хамгийн урт хил залгаж байна. Хэрэв Хятад, Оросын хүн амыг хамтад нь тооцвол 1,5 тэрбум шахам хүнтэй асар том зах зээл бидний хүрээлээд оршиж байна гэсэн үг. Дэлхийн хамгийн том зах зээл. Гэхдээ үүний зэрэгцээ бид бас гуравдагч талаас хөрөнгө оруулалт татахыг маш их эрмэлзэж байна. Гуравдагч талаас хэдий их хэмжээний хөрөнгө орж ирнэ, төдий чинээ бялуу маань томорно. Бас илүү өргөн боломжууд гарч ирнэ.
Б.Сэвжидмаа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан