Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Сайханбилэг: “Чалко”-гийн гэрээ улс орны эрх ашигт нийцэхгүй байгаа учир цуцлахаас өөр аргагүй
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэгээс дараахь тодруулгыг авлаа.

-МХЕГ-ыг татан буулгаж байгаа гэсэн. Тэгэхээр энэ байгууллагын ажилчдыг хэрхэх вэ. Мөн үүнээс гадна татан буугдах төрийн байгууллага байгаа юу?
-Татан буугдаж байгаа ч үйл ажиллагаа нь явна. Ажилчдыг шинэ чиглэлээр сургана. Гэхдээ 100 хувь хяналт, шинжилгээний талаар ажилладаг байсан бол 30 хувь нь хяналт, 70 хувь нь урьдчилан сэргийлэх, сургалтад хамруулдаг болох юм. Өөрөөр хэлбэл, эрсдэлтэй байгаа салбарт мэргэжлийн хяналтын байгууллагын ажилчид очиж, урьдчилан сэргийлэх ажлыг хийх ёстой юм. Төрийн албаны хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг нэр бүхий гишүүд өргөн барьсан юм билээ. Энэ нь ТАЗ нь шалгалт авдаг бус, хяналт тавьдаг байх чиглэлтэй болгож байгаа юм билээ. Нийтийн албаны хуулиар нийтийн албаны комисс гэж байгуулагдах юм.
-Түр орлон гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтаар томилдог болох уу. Эсвэл шууд томилох уу?
-Нийтийн албаны хууль гарсан гараагүй хуулийн дагуу л шийдэгдээд явна. Түр орлон гүйцэтгэгч хийж байгаа хүмүүс жирийн иргэдтэй хамт сонгон шалгаруулалтад орно. Тэгэхээр цагаан сарын дараа сонгон шалгаруулах шалгалтыг авна. Дараа нь агентлагийн дарга нарын шалгалтыг нээлттэй авах юм.
-Сөрөг хүчний зүгээс Засгийн газрын бүтэц хэтэрхий их данхайлаа, төсөв мөнгөний хэмжээ их тэлж байна гэсэн шүүмжлэл гаргаж байгаа. Та үүнд ямар хариу өгөх вэ?
-Засгийн газрын бүтэц данхайгаагүй ээ. Хуучин 13 яам, 43 агентлаг ажилладаг байсан. Одоо 16 яам, 27 агентлаг ажиллаж байна. Энэ хоёрыг нэмээд үзэхээр аль ч тохиолдолд одоогийнх нь бага байгаа биз дээ. Мөн ажилчдын тоог нь нэмээд үзэхээр 438 ажлын байраар багасгасан. Бид хэлсэн амандаа хүрсэн, амандаа хүрснээ өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны асуулгаар хэлсэн. Цалингийн нэмэгдлээ гэж яриад байгаа. Өнгөрсөн жилийн цалингийн нэмэгдлийг төсвийн хуулиар л батлуулсан. Дээрээс нь бид хуулиар маш олон ажлын байр нэмэгдсэн. Шүүх, цагдаа, прокурорт ажлын байр нэмэгдсэн. Энэ нэмэгдсэн ажлын байрыг нэмээд үзэхээр 4000 төрийн албан хаагч нэмэгдсэн. Энэ хүмүүст цалин өгнө биз дээ. Тийм учраас төсөв нэмэгдсэн.
-Чингис бондын хүүг Монгол банк менежмент хийж байгаа гэсэн. Үүнээс өөр үндэсний банкууд бий юу?
-Ирэх долоо хоногт Батбаяр сайд энэ асуудлаар ярина. Бондын асуудалд олон талын оролцоотой Бодлогын зөвлөл ажиллаж байгаа. Бодлогын зөвлөл нь бондын мөнгөөр санхүүжүүлэх төсөл зэргийг хянах юм. Засгийн газраас шийдвэр гараад Монгол бакны ерөнхийлөгч, Эдийн засгийн хөгжлийн сайд нар эдийн засгийн тодорхой механизмыг ашиглаад хүүний менежментийг хийж байна. Түүнээс өнөөдрийн хүү тэд боллоо гэдэг шиг зүйл байхгүй. Хүүнд хүү төлөөгүй.
-“Эрдэнэс Тавантолгой” болон “Чалко” хооронд  хийсэн гэрээний өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөөч?
-Чалкотой байгуулсан гэрээг харахаар гэрээ байгуулсан хүмүүсийн дагзанд буу тулгаж байгаад гарын үсэг зуруулсан юм болов уу, эсвэл хэн нэгний эрх ашиг орчихсон юм болов уу гэж харагдахаар байгаа юм. Нүүрсний үнэ зах зээлд 110 ам.доллар байхад 70 ам.доллар, нүүрс 70 ам.доллар болоход 53 ам.доллараар өгнө гээд гэрээлчихсэн. Хоёрдугаарт, зүүн цанхиас гарсан нүүрснийхээ 80 хувийг нийлүүлдэг болсон. Тэгэхээр Таван толгой ажиллаад хэрэг байна уу гэж бодохоор. Ер нь, энэ гэрээг цуцалсан нь Монгол Улсын эрх ашиг байна гэж харагдахаар байгаа. Тиймээс энэ асуудлыг ярилцаж байгаад шийднэ.
-“Чалко”-той хийсэн гэрээг алдаатай гэж яриад байна. Тэгвэл үүнийг Хамтарсан Засгийн газрын үед хийсэн биздээ. Хэн гарын үсэг зурсан юм бэ?
-Гэрээ гэдэг хоёр талын эрх ашиг байдаг. Хоёр талын эрх ашиг хангагдаж байж хүчин төгөлдөг гэж үздэг. Тэгвэл энэ гэрээ нэг талыг хэтэрхий их барьсан юм. Улс орны эрх ашгийг хохироосон гэрээнүүд манайд хэрэггүй л дээ. Энэ гэрээг дахин авч үзнэ. Үнэхээр болохгүй бол цуцлахаас өөр аргагүй. Энэ гэрээ нь төрийн өмчийн оролцоотой компанийн удирдлагууд оролцож байгуулсан гэрээ. Түүнээс УИХ-ын түвшинд яригдаагүй.
-Гэрээ хугацаанаасаа өмнө цуцлагдвал манайх мөнгө төлөх нь тодорхой юм билээ. Яг хэдий хэмжээний мөнгө төлөх юм бэ?
-Мөнгийг нь төлөөд гэрээг цуцалсан нь гэрээ үйлчилж байхаасаа манайд ашигтай. Хаана эх орны ашиг байна, тэр шийдвэрийг Засгийн газар гаргах ёстой. Надад байгаа мэдээллээр 50 орчим сая ам.доллар төлөх юм билээ. Гэхдээ хоёр тал хэлэлцээ хийх байх л даа.
-Ерөнхий сайдын өрөөнд ярьсан зүйлийг ил болголоо хэмээн М.Энхсайхан мэдэгдсэн. Ер нь, Ерөнхий сайдын өрөөнд нууцын зэрэглэлтэй зүйл ингэж ил болговол яах вэ?
-Төмөр замын асуудлаар Ерөнхий сайдын өрөөнд ямар ч бичлэг хийгээгүй. Тэр яригдаад байгаа бичлэг нь Зам тээврийн сайд Гансүхийн өрөөнд болсон юм билээ. Улсын нууцын өрөөнд, улсын нууцтай холбоотой асуудал гарвал хуулиар хориотой.
-Засгийн газар, яам, агентлагийн хүрээнд шинэчлэлийн тухай ярьж байгаа. Тэгвэл доод шатанд шинэчлэлийг хүлээж авч байгаа бол?
-Шинэчлэлийг Засгийн газрын кабинитын хэмжээнд ярих нэг хэрэг л дээ. Гэхдээ УИХ, Ерөнхийлөгчийн дэмжлэгийг маш сайн авч байгаа. Дунд, доод шатанд хүмүүс дургүй байдаг юм. Тэдний ажлыг шахаад ирэхээр ажил нь сайжирч эхэлдэг. Тиймээс үүнийг хамтдаа сайжруулах ёстой. Засаг зохион байгуулалттайгаар ажилаа хийж байгаа. Асуудал болгон бэрхшээл, саад байдаг. Тиймээс үүнийг дэмжихгүй байсан ч улс эх орныхоо төлөө хийх ажил байдаг. Энэ бүхнийг Шинэчлэлийн Засгийн газар хийнэ.
-Шатахууны үнийг тогтворжуулна гэж мөнгө төсөвлөсөн ч 50, 50-иар нэмэгдсээр байгаад 200 төгрөгөөр нэмэгдчихлээ. ОХУ-руу ажлын хэсэг явсан гэсэн. Ямар хариу ирсэн юм бол?
-Төр засгийн төлөөлөл явж, уулзаад ирсэн. Ахиц дэвшил гарсан. Сар болгон үнэ нэмдэг байсныг зургаан сарын хугацаатайгаар үнэ нэмэх асуудлыг ярьдаг болъё гэсэн тохироонд хүрсэн гэсэн. Энэ ажил хэрэг болох байх. Манай улс нэг улсын, нэгхэн компаниас манай улсын бүх зүйл хамаарч байгаа. Тиймээс Засгийн газар нефть боловсруулах ажлыг хийе гэж шийдээд компаниудтай уулзсан. Компаниуд хоёрдугаар сард асуудлаа танилцуулна. Ер нь, бол дөрвөн жилийн хугацаанд нефть боловсруулах үйлдвэр ашиглалтад орно. Манайд байгаа хамгийн их баялаг бол нүүрс. Нүүрснээс шатахуун гаргаж авах ажлыг дөрвөн компани хийж байгаа. Энэ бүхнийг нэгтгээд ажил хэрэг болгоно. Үйлдвэр ашиглалтад ортол мэдээж, шатахууны үнийг тогтвортой байлгах ажлыг шат дараатайгаар авна.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан