Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Энхболд: УИХ-тай холбоотой хуулиудыг батлаж амжихгүй нь
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд Иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг дэмжиж байгаа бол Төрийн нууцын жагсаалт батлах тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжихгүй гэдгээ өчигдрийн бүлгийн хурлын дараа хэвлэлийнхэнд мэдэгдлээ. Хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг улсын нууцаас гаргах нь олон улсын жишгээс гажсан үйлдэл болох учир тус бүлгийн гишүүд дэмжих боломжгүй гэж тус бүлгийн гишүүд үзсэн байна.
УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дүрмийг шинэчлэн батлах гэж байгаатай холбогдуулан МАН-ын бүлгээс санал гаргажээ. Энэ санал нь тус хорооны даргыг цөөнхийн бүлгээс сонгох тухай гэнэ. МАН өмнө нь парламентад олонхи байхдаа Ёс зүйн хороог цөөнхийн төлөөллөөр ахлуулж байсан. Тиймээс энэ удаа МАН цөөнх болсон учир Ёс зүйн хороо тэдний хяналтад байх ёстой гэж үзэж байна. Бүлгийн дарга Н.Энхболд “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг дангаар ярих нь зохимжгүй. Үүнтэй хамт бүс нутгийн хөгжлийг хэлэлцэх ёстой. Тэгэхгүй бол Улаанбаатар хотын төвлөрөл саарахгүй. Орон нутгаас шилжин ирэгсдийн тоо ч буурахгүй. Зах хязгаар орон нутаг эзгүйрнэ. Бүс нутгийн хөгжлийн асуудлыг энэ удаад оруулж амжихгүй юм аа гэхэд Засгийн газар энэ талаар бодлого боловсруулж, хаврын чуулганаар хэлэлцүүлэх нь зүйтэй” гэв. Мөн тус намын бүлгээс Засгийн газарт цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг инфляцын төвшинтэй уялдуулж, нэмэх шаардлага тавихаар болсноо ч мэдэгдсэн юм.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд сэтгүүлчдийн асуусан зарим асуултад ийн хариуллаа. 

-УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх зайлшгүй шаардлагатай байсан ч амжихааргүй болсон ямар хуулийн төсөл байна вэ?
-Чуулган хоёр удаа хуралдаад хаалтаа хийнэ. УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгтэй холбоотой хуулийн төслийг намрын чуулганы хугацаанд багтааж батлахыг хүссэн боловч амжихгүй нь. Уг нь, 14 хоногийн өмнө намын бүлгүүд УИХ-тай холбоотой асуудлыг бүгдийн нь цэгцэлж, намрын чуулганы хуралдаанаар батлая гэж ярилцсан. Гэвч байдал өөрөөр эргэчихлээ. УИХ-тай холбоотой хуулийн төслүүдийг хаврын чуулганы эхэнд л хэлэлцэх юм шиг байна.
-Оюу толгойн компанийн хувь нийлүүлэгчдийн хурал маргааш болно. Энэ компанид үүсээд буй нөхцөлд байдалд танай намын бүлэг ямар дүгнэлт хийж байгаа бол?
-Оюутолгойн гэрээг Хамтарсан Засгийн газрын үед хийсэн. Тэрнээс өмнө хоёр ч УИХ дамжаад шийдвэрлэж чадахгүй байсан энэ асуудлыг бас ч гэж талууд тодорхой төвшинд хамтран ажиллаж, ойлголцож хийсэн гэрээ. Гэрээнд өөрчлөх, боловсронгуй болгох шаардлагатай зүйл байгаа гэдэгт манай намыг бүлэг санал нэгдэж байгаа. Цаашид гэрээний асуудалд хоёр тал ойлголцож ажиллах ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ бол нэг л өдөр ширээний ард суугаад шийдвэрлэчих асуудал биш. Тодорхой цаг хугацаа шаардах байх. Юун түрүүнд Монгол Улсын эрх ашгийг тавих ёстой. Дараа нь харилцан ашигтай байх тухай асуудал орно. Оюу толгойн гэрээний зарчмын том заалт бол ямар ч тохиолдолд Монголын тал 53-аас доошгүй хувь, нөгөө тал 47 хувь эзэмшинэ гэсэн байгаа. Энэ зарчмын дагуу гэрээгээ үргэлжлүүлэхийн тулд Засгийн газар ажиллах ёстой. Гэрээний хүрээнд хэрэгжүүлж буй төслүүдийн үйл ажиллагаа зогсвол Монгол Улсад ашиггүй. Улсын нэр хүндэд ч сэвтэй зүйл болно. Бидэнд байгаа мэдээллээр бол энэ удаагийн гэрээ хэлэлцээр их л хүндрэлтэй болох байх. Юу ч гэсэн явцыг нь харъя.  
-“Чалко” компанитай хийсэн гэрээний асуудал ч сүүлийн үед анхаарал татаж байна. Энэ тухайд?
-Манай намын бүлэг энэ асуудлыг тусгайлан яриагүй. Гэхдээ хоёр тал тодорхой хугацаатай, нөхцөлтэй байгуулсан гэрээ. Энэ гэрээ үнэхээр болохгүй байгаа бол эргэн харж, засч залруулах талаар харилцан ярих нь зүйтэй байх.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан