Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ГАНБААТАР: МОНГОЛ ХҮНИЙ ХӨДӨЛМӨРИЙН ҮНЭЛЭМЖИЙГ ДЭЭШЛҮҮЛНЭ
Хөдөлмөрийн хуулийг мөрдөж ажилладаг аж ахуйн нэгжүүд цөөхөн. Энэ удаа хууль үйлчилдэггүй нь монгол хүний үнэлэмжийг бууруулж байгаа юм. Хөдөлмөрийн хуулийг шинэчилснээр монгол хүний хөдөлмөрийн үнэлэмж нэмэгдэх аж. Энэ талаар УИХ-ын гишүүн, МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатартай ярилцлаа.

-Монголчууд хөдөл­мөрөө үнэлүүлж чадах­гүй байна. Тэгэхээр Хөдөл­мөрийн тухай хуульдаа юуг илүү тусгах ёстой юм бол?

-Хамгийн гол заалт нь хамтын гэрээ хэлэлцээрийг ажилчид өөрсдөө зохион байгуулмаар байна. “Оюу толгой”-д гэхэд үйлдвэрчний эвлэлийг эзэд нь байгуулж. Уг нь, ажилчдын санаачилгаар үйлдвэрчний эвлэл байгуулагдах учиртай. Ажилчдын эрхийг хамгаалах ганцхан зүйл бол эвлэлдэн нэгдэх. Хэрвээ эвлэлдэн нэгдэж чадахгүй бол бидэнд хандах хэрэгтэй. Үүнийг хуульдаа тарифын зөвлөмж, хамтын гэрээ хэлэлцээр гэж оруулж өгсөн.
-Гадаад, монгол ажилчдын цалингийн ялгаа эрс өөр байгаа. Хөдөлмөрийн хууль шинэчлэгдснээр энэ тэгш бус байдал арилах уу?
-Эдийн засгийн хурдтай хөгжил нь хүн, байгаль хоёр хамгийн халгаатай. Тэгэхээр хүнийг хамгаалдаг эрх зүйн үндсэн зохицуулалт нь Хөдөлмөрийн тухай хууль. Гэтэл хувийн хэвшилд ажиллаж байгаа мянга мянган залуу үнэгүй ажиллаж байна. Оюу толгойд л гэхэд яг ижилхэн ажил хийдэг мөртлөө монгол 1500 ам.доллар, гадаад нь 30 мянган ам.долларын цалинтай байна шүү дээ. Ингэж монгол хүн эх орондоо ялгаварлагдан гадуурхагдах болж. Монгол хүний үнэлэмжийг дээшлүүлж, тэдэнд хөрөнгө оруулж хүчтэй, чадвартай болгоход компаниуд анхаарах хэрэгтэй. Төр ч гэсэн бодлого гаргаж ирэх шаардлагатай. Ийм зүйлийг гаргаж ирснээрээ энэ хуулийн төсөл онцлог.
-Одоо Хөдөлмөрийн хуулийг мөрдөж ажилладаг аж ахуйн нэгж тоотой хэд л байгаа. Шинэ хуулийг хэрэгжүүлэх тал дээр хэн хяналт тавих юм бэ?
-Хууль хэрэгжихгүй байгаа тохиолдолд бидэнд хандаж гомдлоо гарга. МҮЭХ ажилчдын эрх ашгийг хамгаалахын төлөө явна. Бид аймаг, дүүрэг бүрт хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороог ажиллуулж байдаг.
Оюу толгой компанид ҮЭ нь ажилчдынхаа эрх ашгийг хамгаалахгүй болохоор миний дүү хуулийг хэрэгжүүлэх гээд явж байна. Бид амь амиа бодож явснаас ийм тэнэг байдалд өнөөдөр орчихоод байна шүү дээ. Монголчуудад бусдынхаа төлөө өөрийнхөө эрх ашгийг золиослох тэнхээ алга.
-Ямар нэг байгууллага ажилчныхаа эрх ашгийг зөрчсөн тохиолдолд танайд гомдол гаргавал МҮЭХ очоод хариуцлага тооцох орчин нөхцөл бий юү?
-МҮЭХ ажлаас үндэслэлгүй халагдсан гэсэн гомдлын 93 хувийг нь ажилчны талд шийдүүлж чадсан. Энэ бол өндөр тоо. Манайх гомдол гаргасан хүнийхээ төлөө ажилладаг. Шүүх ч ажилчны эрх ашгийг хамгаалдаг. Ер нь, манай одоогийн мөрдөж байгаа Хөдөлмөрийн хууль айхтар муу  бол биш. Хамгийн гол нь, жирийн ажилчин хүмүүс эвлэлдэн нэгдэж гомдлоо гаргах хэрэгтэй. Гэхдээ би зөвхөн ажилчинд бурууг тохох гэсэнгүй. Сул үйлдвэрчний эвлэл бий. Бидний хамтын ойлголцол хамгийн чухал.
-Үндэсний статистикийн хорооноос ажилгүйдэл буур­лаа гэж мэдээлэл хий­дэг. Бодит байдалд буурч байгаа юу?
-Би тэднийг худлаа ярьж байна гэж хэлнэ. Статистикийн тоог яаж ч гаргана шүү дээ. Худалч хүмүүс гэж байдаг, бүр худалч хүнийг статистикийнхан гэж хэлнэ. Өнөөдөр би ажлын байр бий болгох талаар “Оюу толгой”  компанийнхантай тэмцэж байна.
Хэрэв би монгол залуусыг тэнд ажилд оруулж чадвал энэ харин бодит ажилгүйдлын төвшин буурч байгаа тоо болно шүү дээ. Монгол Улсад өнгөрсөн 20 жилд олигтой нэг ч үйлдвэр баригдсангүй. ГОК шигээ болъё, томхон цех ч баригдаагүй. Энэ бол ажлын байр бий болоогүй гэдгийг илтгэнэ.
-Хэвлэл мэдээллийн салбарынхны хөдөлмөрийн хөлс, үнэлэмж бага байдгийг ярихгүй өнгөрч чадахгүй нь. Сэтгүүлчдийн байгууллагын дэргэд үйлдвэрчний эвлэл гэж алга. Та ямар байр суурьтай явдаг вэ?
-Ойрын үед сэтгүүлзүйн салбарынхантай хэвлэлийн хүрээлэн, “Ханс Зайдлын сан”-гийнхантай хамтарсан уулзалт хийнэ. Яаж сэтгүүлчдийн үйлдвэрчний эвлэлийг байгуулах вэ,  энэ хүмүүсийг редакциас хараат бус байдлаар хэрхэн ажиллуулах вэ гэдгийг ярилцана. Мэдээж, энэ эрсдэлтэй. Гэхдээ зүтгэхгүй бол Монголын ард түмнийг соён гэгээрүүлэхээр сэтгэж явдаг сэтгүүлзүй хэн нэгний хараат байвал бид өөдөө гарахад их л түвэгтэй байна. Шударга, хүчтэй сэтгүүлчдээр бид эрх ашгаа хамгаалуулж чаддаг.
-Сүүлийн үед МҮЭХ ямар ажил амжуулав?
-МҮЭХ-ныхон Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчилж, нэгдэх гэж байна. Харин үүндээ Японы Хөдөлмөрийн хуулиас санаа авч тусгана. Өмнө нь, бид Германы “Ханс Зайдлын сан”-гаас зөвлөгөө авч байсан.
Одоо Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг шинэчилж найруулаад хаврын чуулганаар оруулахад бэлэн болсон. Дээр нь, МҮЭХ-ноос дэмжиж байгаа хуулиудаа цэгцэллээ. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээг дэмжих, Иргэний эрүүл мэндийн даатгалын хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.
Б.Мягмаржав
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан