Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Татвар төлөгчдийн мөнгийг дэмий зүйлд ашиглахгүй байхыг анхааруулав
Өвөлжилтөд 5.4 тэрбум төгрөг зарцуулжээ

Шинэчлэлийн Засгийн газар сар бүр орон нутгийн удирдлагуудтай цахим хурал хийдэг уламжлал тогтсон. Өчигдрийн ээлжит хурлын үеэр Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд Засгийн газраас хийсэн ажлаа танилцуулав. Тэрээр  “Өв­лийн сар шувтарч, урин цаг наа­шилж байгаа ч өвөлжилт хүндэрч болзошгүй аймгуудад өгөх тусламж, хямдруулсан өвс, тэжээл бусад бүтээгдэхүүнийг орон нутагт ний­лүүлээд байна. Машин, хүн хүч, техник хэрэгсэл зэрэг олон ажлыг төлөвлөгөөтэй хийхийн зэрэгцээ өнгөр­сөн арванхоёрдугаар сараас эхлэн хэд хэдэн тогтоол гаргаж хэрэгжүүллээ. Одоогийн байдлаар өвөлжилт хүндэрсэн аймаг сумдад Засгийн газраас 5.4 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ мөнгийг цасанд хаагдсан зам давааг цэвэрлэх, эмнэлгийн тусламж хүргэх, машин техник, улсын нөөцөд өвс тэжээл бүрдүүлэх зэрэгт төсөвлөсөн. Үүнийг аймгийн удирдлагууд хүрэх ёстой эздэд нь хүргэж, хуваарилах ёстой” гэв. Шадар сайд Д.Тэрбишдагва өвөлжилт хүндэрсэн таван аймагт ажиллаад ирсэн учраас өнөөдөр болох Засгийн газрын хуралдаанаар хэрхэн тусламж дэмжлэг үзүүлж болох талаар ярилцах аж. Түүнчлэн Засгийн газраас эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийхээр ажиллаж байгааг дуулгав. Өнгөрсөн долоо хоногт энэ ажил эхэлж, цаашид өөр бусад салбарт ч ийм байдлаар ажиллана гэв. Тиймээс аймгуудын Засаг дарга нарыг энэ жишгээр ажиллахыг сануулсан. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлаа хүлээж авснаас хойш зургаан аймагт ажиллахад тулгамдаж буй гол асуудал нь задгай захад хүнд нөхцөлд худалдаа үйлчилгээ эрхэлдэг хүмүүс  байсан. Тиймээс энэ асуудлыг шийд­вэрлэх үүднээс битүү зах, худалдааны төв барих боломжийг судалж, ажил хэрэг болгоно гэв.
 

Цагаан сарын золголт хийхгүй

Засгийн газрын “11-11” төвд ирсэн иргэдийн саналын дагуу Улаанбаатар байгаа нутгийн зөвлөлийнхөн Цагаан сарын золголт хийхгүй байх болжээ. Өөрөөр хэлбэл, жил бүрийн Цагаан сарын дараа аймгийн удирдлагууд төсвийн мөнгөөр золголт хийдэг байсныг зогсоох шийдвэр Ерөнхий сайд гаргасан байна. Жил бүр эл золголтод 80-100 сая төгрөг зарцуулдаг байсныг ийн зогсоож буй юм. Уг цахим хурлын үеэр Ерөнхий сайд “Төрийн байгууллагын удирдлагууд мөнгө авсан, улсын төсвөөс өөрсдийгөө шагнасан, тө­рийн компани нь өөрсдөдөө ашиг­гүй гэрээ хийх, өндөр үнэтэй ша­хаа­ны бизнес хийдэг гээд нэр хүнд нь иргэддээ маш муу байдаг. Тиймээс орон нутгийн сонгуулийн дараа шинээр бүрдсэн аймгийн удирдлагууд ийм байдал үүсгэхгүй байхад анхаарч ажиллах хэрэгтэй. Та бүхнийг өөрчлөлт шинэчлэл хийх гэж сонгогдсон хүмүүс гэж ойлгож байгаа. Энэ ч утгаараа Засгийн газар­тай хийсэн гэрээндээ эзэн болж ажиллаарай. Хамгийн гол нь аливаа ажлыг хийхдээ орон нутгийн иргэдийн санаа бодлыг сонсч тусгах хэрэгтэй” гэв.
 

Орон нутагт хэрэгтэй эмнэлгийн хэрэгслийн үнэ нэг агентлагийн гадаад томилолтын зардлаас хэд дахин бага

Шинэчлэлийн Засгийн газраас ИНЕГ, ТЕГ, ГЕГ-т төсвийн мөнгийг хэрхэн ашиглаж байгаа талаар шалгалт хийжээ. Тухайлбал, ҮТЕГ ажилтнуудаа нийтлэг байдлаар гадаадад аялуулах зардал гэж улайм цайм гаргасан байна. Тус газар зөвхөн өнгөрсөн онд гадаад дотоодын аялал жуулчлал амралтад өнгөрсөн онд 426 сая, ИНЕГ гадаад томилолтод тэрбум 248 сая төгрөг зарцуулжээ. Тиймээс Ерөнхий сайд аймгуудад ийм зүйл гаргахгүй байхыг сануулав. Учир нь, түүний чихэнд тэр аймгийн тэр сумынхан Хайнан явсан зэрэг яриа сонсогджээ. Энэ явдалд эгдүүцсэн Н.Алтанхуяг “Энэ чинь бүгдээрээ татвар төлөгчдийн мөнгө. Гадаадаас туршлага судлаад амардаг явдал одоо бараг байхгүй. Интернэтээс бүх мэдээллээ авчихаж болно. Тиймээс та нарт цахим орчин болон бусад үйлчилгээг чинь сайжруулаад өгье. Луу жил дуусч байгаа учраас муу зүйлийг нь ярьж дуусгая. Могой жилд сайн ажиллана шүү” хэмээв. Түүнчлэн дээрх хоёр байгууллага орон сууц авахад ажилтнууддаа дэмжлэг үзүүлдэг аж. Тиймээс тухайн ажилтан даргадаа яаж тал зассанаас хамаарч орон сууцны мөнгө цохуулж авах явдал газар авчээ. Тухайлбал, ГЕГ тэрбум 800 сая төгрөг, ИНЕГ 3.8 тэрбум төгрөгийг нэг жилд байрны урамшуулалд зарцуулсан. Гэтэл иргэдийн өвчний бүх оношийг тодруулдаг компьютер томографийн аппарат  900 сая төгрөгийн өртөгтэй. Орон нутгийн удирдлагууд бидэнд компьютер томографийн аппарат өгвөл хот руу эмчилгээнд хүн явуулах шаардлагагүй болно гэх санал тавьдаг байна. Гэтэл нэг агентлагийн гадаад дотоодын томилолтод зарцуулж буй болон орон сууцны урамшуулалд өгч байгаа мөнгөний хаана ч хүрэхгүй байна гэдгийг ч онцлов.
 

Орон нутгийн удирдлагууд гадаад явж гэрээ хийхгүй

Орон нутгийн удирдлагууд өөрийнхөө аймгийн нутаг дэвсгэртэй зэргэлдээ муж, хотод очиж хамтарч ажиллах гэрээ бишгүй хийдэг. Үүнийг энэ жилээс зогсоож буй аж. Өөрөөр хэлбэл, Гадаад хэргийн яам нэг цонхны үйлчилгээгээр энэ асуудлыг зангидаж өгөх юм байна. Хэрэв аймгийн Засаг дарга нар зайлшгүй харилцан ажиллах санамж бичигт гарын үсэг зурахаар бол Гадаад хэргийн яамнаас урьдчилж зөвшөөрөл авах болжээ. Уг цахим хурлын үеэр аймгуудын удирдлага “Яамдуудаас ийм ийм орон тоо гаргамаар байна гэсэн санал ирээд байгааг яаж зохицуулах вэ. Шинээр байгуулагдсан яамдуудад харьяа хэлтэс нь хэрхэн хамаарах юм бэ” хэмээн асууж байв. Үүний хариуд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга Н.Дэнзэн “Хүн амын хөгжил нийгмийн хамгаалал болон Хөдөлмөрийн яаман дээр орон тоо нэмнэ. Бусад нь хуучин бүтцээрээ явна. Одоо байгаа ЗДТГ-ын бүтцээ бариад ажиллах хэрэгтэй. Энэ орон тоондоо багтаагаад ажиллаад явна” гэв. Түүнчлэн зарим аймгийн Засаг дарга хоёр орлогчтой байх санал гаргасан ч нэг орлогчтой байх ёстойг санууллаа.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан