Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨЛСГӨЛӨН ЗАРЛАХ ТУХАЙ ХУУЛЬ САНААЧИЛЪЯ

Монголчуудад өлсгөлөн зарлах шалтгаан мундахгүй болжээ. Хамгийн сүүлд гэхэд л Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргыг сонгох сонгууль хууль бус боллоо хэмээн тус хорооны ахмадууд өчигдрөөс хуурай өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ. Арван жилийн өмнө цэрэгт яваад хал цэргүүдэд зодуулж хохирогч болсон залуугийн ээж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзахыг хүсч, хэрэв хүлээн авч уулзахгүй бол өлсгөлөн зарлахаа ч илэрхийлэв. Хал цэргүүдэд зодуулсны улмаас түүний хүү тархиндаа хүнд гэмтэл авч сонсголгүй, бас хараагүй тахир дутуу хүн болж. Үхтэл үр харам гэгчээр эрүүл саруул хүүг нь ийм болгосон этгээдэд хариуцлага хүлээлгэх, ядаж эмчилгээний зардал гаргуулахын тулд ээж нь хууль хяналтын байгууллагын үүдийг арван жил сахисан гэнэ. Гэвч буруутай этгээдэд хариуцлага тооцуулж, эмчилгээний зардал гаргуулах нь битгий хэл, хохирсон дээрээ хохироод үлдсэн учраас аргаа барьсан эх Ерөнхийлөгчид хандаж, уулзахгүй бол өлсгөлөн зарлана гэж айлгаж байна.

Үүнээс өмнө сонгуульд нэр дэвшүүлсэнгүй, намыг минь бүрт­гэсэнгүй, хууль хяналтын байгууллага шударга бус шийдвэр гаргалаа, хийгээгүй хэргийнхээ төлөө өндөр ялаар шийтгүүллээ, бүр хувийн компани лангууныхаа түрээсийн үнийг нэмлээ гэж өлсгөлөн зарлаж, үхэхээрээ айлгасан хүмүүсийн тухай мэдээлэл тасраагүй байна. Олон нийт ч тэдний энэ тэмцлээс үр дүн, үнэ цэнэ олж харсангүй. Явцуу буюу нэг улс төрийн хүчин, нэг болон хэсэг бүлэг хүний эрх ашгийн төлөөх тэмцэл байсан учраас тэр.

Одоогоос 23 жилийн өмнөх буюу 1990 онд социалист дэглэмийг халах зорилготой ардчилагчдын өлсгөлөн өнөөдрийг хүртэл үнэ цэнээ алдаагүй, хамгийн үр дүнтэй тэмцэл болсныг түүхэнд тодоор тэмдэглэсэн байгаа. Тэр үеийн өлсгөлөн зарлагчдын тэмцлийн утга учир өнөөгийнхөөс тэс өөр. Тэд нийтийн эрх ашгийн өмнөөс дуугарч, тэмцлээ илэрхийлснээр бүхэл бүтэн нийгмийн тогтолцоог өөрчилж чадсан гавьяатай. Ингэж монгол хүн эрх чөлөөтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх нь нээлттэй болсон. Гэвч монголчууд бид энэ эрх чөлөөгөө хэтэрхий их эдэлснээс ч тэр үү, өөрт тулгарсан асуудал бүрийг өлсгөлөн, суултгүйгээр төсөөлж чадахаа байжээ.

Манай улс сүүлийн 13 жилд өлсгөлөнгөөр л амьсгаллаа. Өлсгөлөн зарлах моод нь монголчуудыг үнэгүйдүүлж байгааг ч энд онцолъё. Мэдээж, өлсгөлөн зарласан асуудал нь тухайн хүний аминаас үнэтэй байж чадахгүй учраас тэр. Тэгээд ч Үндсэн хуульд хүн бүр амьд явах эрхтэй гэж тунхагласан. Энэ дархан эрхээ өлсгөлөн зарлах маягаар явцуу ашиг сонирхлоор үнэгүйдүүлэх нь даанч харамсалтай. Гэхдээ өлсгөлөн зар­лаад үхсэн тохиолдолд манайд байхгүй. Бичигч миний тооцоолсноор энэ хугацаанд “САПУ” худалдааны төвийн болон дампуурсан Хадгаламж зээлийн хоршоодын хохирогчдоос өртөөлсөн “өлсгөлөнгийн бамбар” буу­хиалсаар 200 хол давсан хүнд халд­­варлажээ. Мэдээж, тэдний тавьсан шаардлага янз бүр. Ихэнх нь хууль бус учир биелдэггүй. Уг нь, жагсаал, цуглаан, суулт зохион бай­гуулах, өлсгөлөн зарлахдаа хэд хэдэн байгууллагын үүд татаж, зөвшөөрөл авах хуулийн заалт, журам байдаг ч амьдралд тэр бүр хэрэгжүүлдэггүй. 

Өлсгөлөн зарласнаар тогтоосон жишиг, “амжилт” бас байна. Тухайл­бал, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр Монголд хамгийн олон хоног өлсгөлөн зарласан хүнээр тодорсон. Одоогийн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ШӨХТГ-ын дарга О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар шоронд өлсгөлөн зарлах жишиг тогтоосон гээд хэлчихвэл дэгсдүүлсэн болохгүй. Тэднийг таван жилийн өмнө жагсаал цуглаан зохион байгуулж, 2008 оны долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдлыг бий болгосон хэргийн  сэжигтнээр татаж, хоёр, гурван сар “нарсанд” хорьсон. Энэ хугацаанд тэд өөрсдийгөө ямар ч буруугүй хэмээн амь насаараа дэнчин тавьж, шоронд өлсгөлөн зарлаж тэмцлээ илэрхийлсэн. Тэмцлийнхээ үр дүнд шоронгоос эмнэлэг рүү шилжиж, дараа нь батлан даалтад гарсан. Өөрөөр хэлбэл, тэднээс хойш шоронд өлсгөлөн зарлах хүний тоо эрс нэмэгдсэн жишээтэй.   

Цаашид юм л бол өлсгөлөн зарлаад хэвтчихдэг энэ үйлдэлд хязгаар, хориг тавихгүй л бол үхэхээрээ айлгагсдын тоо олширсоор л байх нь. Бүр зохион байгуулалттайгаар мөнгө олох ашиг сонирхолд дөрөөлж зарим иргэнийг өлсгөлөн зарлахад хүргэх тохиолдол ч улайм цайм гарч байгаа. Гэхдээ нэг үеэ бодвол төр засаг, холбогдох байгууллагууд ч шил шилээ даран есөн бусын шаардлага тавьж, өлсгөлөн зарлах явдалд дасан зохицож, бас дөжирчихөж. Өмнө нь, хуурай өлсгөлөн зарлалаа шүү гээд хоног тоолоод эхлэхээр “Та нар өлсгөлөнгөө зогсоо. Бид энэ асуудлыг эргэн харж, шийдвэрлэнэ” гэх байдлаар хариу тайлбар өгч, тушаал, шийдвэрээ өөрчлөх тохиолдол гарч байсан удаатай.

Энэ нь ч үхэхээрээ айлгагсдыг даврааж, өсч үржихэд хүргэсэн байх талтай. Нөгөө талаар хуулийн заалт, дү­рэм журам дагаж мөрдөхгүйгээр нэгийгээ даган дуурайсан, хэн нэг улстөрч, улс төрийн хүчний нө­лөөнд автаж, үхэхээрээ бусдыг айл­гадаг, дарамталдаг, тулган шаарддаг явцгүй энэ үйлдэл залуус, хойч үеийн хүмүүжил төлөвшилд нөлөөлөхгүй гэвэл эндүүрэл болох биз ээ. Магадгүй таны хүү, эсвэл охин “Хүссэн тоглоомыг минь авч өгөхгүй бол хичээлдээ явахгүй шүү” гэсэн шаардлага тавьж, өлсгөлөн зарлаад хэвтчихвэл гайхах хэрэггүй болох нь.

Тиймээс л хууль тогтоогчдод хан­даж, өлсгөлөнгийн тухай бие даасан хууль санаачлах санал тави­маар байна. Хуульдаа нийтийн эрх ашигт хамаагүй л бол өлсгөлөн зарлахыг хориглох, өлсгөлөн зар­лахыг зохион байгуулсан хүнд өн­дөр хариуцлага ногдуулах, ямар то­хиолдолд өлсгөлөн зарлах, ямар шаард­лага тавьж болох эсэхийг нарийвчлан тусгах шаардлагатай байна.

Өнгөрсөн 23 жилд зохион байгуулсан өлсгөлөнгүүдийн заримыг дараахь байдлаар жагсаалаа.

2013 оны нэгдүгээр сар: МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг шоронгоос эмнэлэг рүү шилжүүлэх, хэргийг нь цагаатгахыг шаардаж ээжүүд нойтон өлсгөлөн зарлалаа. Хагас сар орчим үргэлжилсэн энэ өлсгөлөнг МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэр хүндийг унагаж байна гэсэн шалтгаанаар зогсоосон. 

2012 оны арваннэгдүгээр сар: Хөвсгөл, Говь-Алтай аймаг, Сүхбаатар, Налайх дүүргийн МАХН-ын хорооны гишүүд орон нутгийн сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэнгүй гэж өлсгөлөн зарлалаа.

2012 оны арваннэгдүгээр сар:  “Хүчит шонхор” захын түрээслэгчид, захын удирдлага түрээсийн төлбөрөө нэмж, дарамт учруулж байна гэж Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд гэр барьж, өлсгөлөн зарлав.

2012 оны тавдугаар сарын 31: ШШГЕГ-ын харьяа Багануур дүүрэг дэх 427 дугаар хорих ангид ял эдэлж байгаа “Глоб кредит” ХЗХ-ны захирал асан Ж.Мэндбаяр дэглэм бууруулахыг шаардаж, өлсгөлөн зарлалаа.

2012 оны тавдугаар сарын 4: Ерөнхийлөгч байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн өмчийг хувьдаа завшсан хэргээр Төв аймаг дахь ШШШЕГ-ын харьяа Цагдан хорих төвд хоригдсон МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлав. Тэрээр 11 хоног өлссөний эцэст Клиникийн хоёрдугаар эмнэлэгт хэвтсэн юм.

2012 оны тавдугаар сарын 9: Одоогийн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын гишүүн А.Энхболд, Б.Цэрэндорж, А.Отгонтуяа, Н.Хишигсүрэн нар Хэлмэгдүү-лэлтийн хөшөөний дэргэд хуурай өлсгөлөн зарлав. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаяр хуурай өлсгөлөн зарлаад 100 гаруй цаг болж, бие нь хүнд байхад эрх баригчид шаардлагатай арга хэмжээг авахгүйг байгааг эсэргүүцэж ийн өлсгөлөн зарлалаа.

2012 оны дөрөвдүгээр сарын 4: Увс аймгийн Бөхмөрөн сумын зарим иргэн “Хар алт” багийн нутгаас ашигт малтмал олборлуулахаар ЭБЭХЯ-наас /хуучин нэрээр/ Канадын “CGBEM” компанид зөвшөөрөл олгосныг эсэргүүцэж өлсгөлөн зарлалаа.

-2011 оны нэгдүгээр сарын 26: “Хүчит-Арслан” компанийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ц.Чинбат хорооныхоо хоёр гишүүний хамт микро автобусанд өлсгөлөн зарласан. Тэд Авто тээврийн газрын дарга асан Б.Цэнгэлийг тендер будилаантуулсан хэмээн үзэж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм.

2010 оны дөрөвдүгээр сарын 8: “Амлалт нэхэх ард түмний холбоо”-ны тэргүүн, одоогийн УИХ-ын гишүүн Д.Батцогт, тус холбооны ерөнхий зохицуулагч УИХ-ын гишүүн Г.Уянга, “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн П.Болд, “Үндэсний соёмбо” хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, “Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Ганбаатар, “Үндэсний хас” хөдөлгөөний тэргүүн Ш.Нанжид, Ардчилсан хувьсгалын анхны 13-ын нэг гэх Д.Нинж нарын долоон хүн Сүхбаатарын талбай дээр өлсгөлөн зарласан юм. Тэд Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг эсэргүүцэж, огцрох шаардлага тавилаа.

-2011 оны зургаадугаар сарын 29: Уул уурхайн компаниуд гал нээсэн хэргээр хоригдсон “Гал үндэстэн” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, Ц.Энхбаяр, Г.Болдбаатар, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нар өлсгөлөн зарлалаа. Өөрсдийг нь хууль бусаар хорьсон, гадаадын хөрөнгө оруулагчид, уул уурхайн компаниуд ард түмнийг мөлжиж буйг эсэргүүцсэн нь энэ.

-2009 оны тавдугаар сар: “Анод” банкны гүйцэтгэх захирал Д.Энхтөр, ТУЗ-ийн гишүүн Н.Даваа нар шоронд өлсгөлөн зарлалаа. Тэднийг банк дампууруулж, хадгаламж эзэмшигчдийг хохироосон хэрэгт буруутгаж хорьсныг ийн эсэргүүцлээ.

-2009 оны зургаадугаар сар: “Бороо гоулд” компанийн долоон ажилчин Сэлэнгэ аймаг дахь Бороогийн уурхайн үүдэнд цалингаа нэмүүлэхийг шаардаж, өлсгөлөн зарласан юм.

2008 оны есдүгээр сарын 23: Увс аймгийн Завхан сумын иргэн Н.Бадамханд дээд сургууль төгссөн охиноо ЕБС-д багшаар оруулах гэж сумынхаа сургуулийн үүдэнд өлсгөлөн зарласан. Хоёр хоногийн дараа Н.Бадамхандын бие муудахад сумын захиргааныхан хуралдаж, охиныг нь багшаар ажилд авсан гэдэг.

2008 оны долоодугаар сарын 6: Жагсаал цуглаан зохион байгуулж, нийтийг хамарсан эмх замбараагүй бий болгосон гэж   одоогийн УИХ-ын гишүүн Ж.Бат-зандан, ШӨХТГ-ын дарга О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нарыг баривчилсан. Тэд “зандалчлах” гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэснийг эсэргүүцэж “Ганц худаг”-т өлсгөлөн зарласан юм.

2008 оны есдүгээр сарын 5: “Долдугаар сарын 1”-ний үймээний үеэр амиа алдсан таван хүний хэрэгт Эргүүл хамгаалалтын газрын VI тасгийн есөн алба хаагчийг сэжигтнээр татаж хорьсон. Тэд прокурорын шийдвэрийг эсэргүүцэн шоронд өлсгөлөн зарлаж байхад ээжүүд нь хүүхдүүдээ суллахыг шаардаж, Сүхбаатарын талбайд гэр барьж өлсгөлөн зарласан юм.

2008 оны аравдугаар сар: “САПУ” худалдааны төвийн хохирогч Д.Алтантуяа, Ч.Энхтуяа нар хохирлоо барагдуулж өгөхийг шаардаж, МАХН-ын байрны урд өлсгөлөн зарлалаа.

2007 оны долоодугаар сар: МҮОНРТ-ийн ажилчид шинээр томилогдсон удирдлагуудаа эсэргүүцэж, өлсгөлөн зарлалаа.

2006 оны аравдугаар сард: Дампуурсан ХЗХ-ны болон “САПУ” худалдааны төвийн хохирогчид хамтран Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж, зарим нь  үсээ хуссан удаатай. Тэд хохирлоо барагдуулж авахын тулд ийн тэмцсэн. Гэвч одоо болтол хохирлоо бүрэн барагдуулж аваагүй хүн олон байгаа.

1998 он: “Г.Бошигтын нэгдсэн хөдөлгөөн” -ийхөн өлсгөлөн зарлаж, жагсаал цуглаан хийжээ. Тэд улс төрийн тогтворгүй байдалтай холбогдуулан ийн эсэргүүцлээ илэрхийлжээ. Мөн тухайн үед энэ хөдөлгөөний зарим гишүүнийг С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт сэжиглэн, хорьсон байна.

1990 оны гуравдугаар сарын 7: Монголын улстөрийн хамгийн том өлсгөлөнг энэ өдөр зохион байгуулсан. МоАХ-ны Ерөнхий зохицуулах зөвлөлийн 10 гишүүн анх өлсгөлөн зарлахыг санаачилж, Сүхбаатарын талбайд эхлүүлж байжээ. Тодруулбал, энэ өлсгөлөнд Д.Батбилэг, Э.Бат-Yүл, З.Эрдэнэбат, И.Жавхлант, Д.Дорлигжав, Б.Галсандорж, Д.Энхбаатар, Г.Бошигт, Д.Нинж, н.Батцэнгэл нар оролцсон байна.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан