Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

З.ЭНХБОЛД: БҮХ ЗҮЙЛИЙН ЭЦСИЙН ШАЛГУУР НЬ МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШИГ
УИХ-ын дарга З.Энхболд намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа талаар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийн сэтгүүлчдэд ярилцлага өгсөн билээ. Түүний ярилцлагыг товчлон хүргэж байна.

-Сар шинийн өмнөхөн УИХ-ын анхдугаар чуулган завсарлалаа. Намрын чуулганы үр дүн болон онцлог нь юу байв?

-Нэгдсэн чуулганы хугацаанд бие даасан 16 хууль баталж, 68 хуульд нэмэлт, өөрч-лөлт оруулан УИХ-ын 59 тогтоол хэлэлцжээ. Намрын чуулган төсөв баталдгаараа онцлогтой. Төсвийг дагалдаж Нийгмийн даатгалын тухай, Хүний хөгжил сангийн тухай хууль батлагдсан. Нэгдсэн төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувьтай тэнцэхээр байна. Нийт орлого нь долоон их наяд найман тэрбум төгрөгт хүрчээ. Орон нутгийн төсвийн хувьд нийт төсвийн 20.7 хувийг эзэлж байгаа. Тодруулбал, орон нутгийн өөрөө мэдэж зарцуулдаг хөрөнгө өнгөрсөн жилтэй харьцуулбал 2.3 дахин нэмэгдсэн байгаа юм. Төсөв нэмэгдэхийн хэрээр хөрөнгө оруулалт, урсгал зардал гээд бүх зүйл нэмэгдэж байгаа. Зөвхөн хөрөнгө оруулалт л гэхэд нэг их наяд найман зуун тэрбум төгрөг болсон байна. Үүний менежментийг хийхэд УИХ, орон нутгийн өөрөө удирдах байгууллага анхаарах хэрэгтэй. Түүнчлэн Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж тэнд гардаг хүнд суртлыг хоёр дахин багасгаж, таван тэрбум ам.долларын "Чингис" бонд гаргахыг Засгийн газарт зөвшөөрсөн. Бондын 1.5 тэрбум ам.доллар орж ирсэн. Арьс ширний бизнес эрхэлдэг хүмүүс болон малчдад зориулж 140 тэрбум 400 сая төгрөгийн үнэт цаас гаргахыг зөвшөөрсөн. Энэ бүхнийг хэрэгжүүлээд явна. Мөн мэтгэлцээний гол талбар байсан Оюу толгойн асуудлаар нэгдмэл байр сууринд  хүрч, банк дахь мөнгөн хадгаламжийг зохицуулж, эрсдлээс хамгаалах шинэ хуультай боллоо. Ажилласан жил, тэтгэв-рийн зөрүүг арилгах тухай, ДОХ-ын тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг баталсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль нь УИХ, орон нутгийн сонгуулийн хуультай төстэй. Гадаадад байгаа иргэдийг хамруулж, автоматжуулсан системээр санал хураалт явуулж байхаар зүйлчилсэн. Товч хэлбэл, намрын чуулган ийм үр дүнтэй байна.
-УИХ-ын намрын чуулганы хаалтын үеэр та “Төсвийн хэмжээ нэмэгдлээ. Төсвөөс гадуур төрийн мөнгөөр баталгаажсан хөрөнгө оруулалт нэмэгдэж байна” гэж анхааруулсан. Үүнийг иргэд "Чингис бонд"-той холбон ойлгож байна. "Чингис" бондын хөрөнгийг нээлттэй, ил тод зарцуулахад ямар арга зам хэрэгтэй бол?
-Бонд бол улсын төсвийн хөрөнгө оруулалт биш, зээл учраас буцааж төлөх ёстой. Нэг төсөлд 30 хувиас хэтрэхгүй байх ёстой, төлөх хугацаа нь бонд авсан хугацаатай таарч байх ёстой гэх мэт хөрөнгө оруулалтын ялгаа, хязгаарыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжөөр заагаад өгчихсөн.
-Гадаадын хөрөнгө оруулалтын урсгал өнгөрсөн онд 18 хувиар буурсан мэдээ байгаа. Хууль эрх зүйн хувьд хөрөнгө оруулагчдад ямар боломж бүрдүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх вэ?
-Ер нь, гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах шаардлага бий. Өнгөрсөн оны тавдугаар сард баталсан хууль зарим хүнд, хатуудсан гэж ойлгогдож магадгүй. Энэ асуудал УИХ-д нээлттэй байгаа. УИХ-ын гишүүн эсвэл Засгийн газар хуулийн төсөл санаачлаад оруулбал хэлэлцээд, засч залруулж болно.
Гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь тодорхой шалтгаантай. Оюу толгойн ил уурхайн хөрөнгө оруулалт үндсэндээ дуусч, жил бүр орж ирж байсан тэрбум ам.долларын хөрөнгө шаардлагагүй болсон. Энэ бол хөрөнгө оруулалт буурсан үзүүлэлтийн том шалтгаан. Мөн өнгөрсөн оны тавдугаар сард батлагдсан хууль зарим талаар нөлөөлсөн байж магадгүй учраас эргэж харахад буруудахгүй гэж байгаа юм. Гэхдээ бүх зүйлийн эцсийн шалгуур Монгол Улсын эрх ашиг. Гадаадын хөрөнгө оруулагчид бидэнд мэдээж хэрэгтэй. Гэхдээ УИХ тэдэнд зориулж тийм их хөнгөлөлт өгөх шаардлагагүй гэдэг дүгнэлтэд хүрсэн. Хөнгөлөлт өгөхгүй юм гэхэд хязгаарлалтууд нь бас логиктой байхгүй бол болохгүй байна.
-Энэ парламент бүрдсэнээс хойш шинэчлэлийн талаар тэр дундаа хууль зүйн шинэчлэл хийхээр их ярьж байна. Ер нь, дөрвөн жилийн дараахь Монгол орон хууль зүйн хувьд ямар түвшинд очих бол?
-Хууль зүйн салбарын шинэчлэл удаан явагддаг. Жишээ нь, Хуулчийн эрх зүйн байдлын тухай хууль байна. Шинэ системээр хуульч гэж хэнийг хэлэх вэ. Яаж шалгалт авах вэ, шүүхэд ажиллах уу, прокурорт ажиллах уу гээд олон асуудал бий. Харин хуучин системээр ажиллаад сурчихсан хүмүүс яаж шинэ систем рүүгээ орох вэ гэдэг асуудал бий. Асуудал нь өөрөө олон жилийг хамардаг гэсэн үг. Түрүүчийн Хууль зүйн сайд, Засгийн газар энэ салбарт хийх шинэчлэл байхгүй гэж ярьдаг байсан. Харин АН өөрчлөх олон зүйл байна гэж үзээд нэлээд олон хууль баталсан байгаа. Одоо ч хэлэлцэх арав 10 орчим хууль байна.
-Парламент хуучин хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинээр хууль батлах хоёрын алинд нь илүү анхаарч ажиллах ёстой вэ?
-Хууль өөрөө амьдралыг зохицуулдаг. Амьдралаас ямар шаардлага гарч байна тухайн үед хуулийг боловсруулж баталдаг. Огт байхгүй харилцааг зохицуулах гэж шинээр хууль гаргадаг. Одоо байгаа хууль нь амьдралаас хоцрогдоод байвал түүнийг зохицуулах гэж нэмэлт, өөрчлөлт оруулдаг. Нэмэлт, өөрчлөлт их хийгддэг, шинэ хууль цөөн батлагддаг.
-УИХ-ын гишүүдийн хариуцлагын тухай асуудал их яригддаг. Ирц бүрдүүлэх гэх мэт зохион байгуулалтад хэр анхаарч байна вэ?
-Хурууны хээгээр ирцээ бүрдүүлдэг болох тухай асуудал ярьж байгаа. Үүний эсрэг саналтай гишүүн байхгүй. Гэхдээ энэ асуудлыг санал хураадаг цагтай болох заалттай хамт хэлэлцэнэ гэсэн байр суурьтай байгаа юм билээ. Асуудал шийдэгдээд явах байх. Энэ ажлыг хийхэд нэлээд хөрөнгө орохоор байгаа. Түрүүчийн УИХ-ын үед БНСУ-ын "Койка" байгууллагаас тусламж авахаар гарын үсэг зурсан. Энэ онд багтаад асуудал шийдэгдэх болов уу. Гэхдээ төсөвт хүндрэл учруулахгүй байхаар ажлыг хийнэ.
-УИХ-ын гишүүд Засгийн газрын гишүүнээр давхар ажиллаж байгаа нь шүүмжлэл их дагуулж байна. Засгийн газрын үйл ажиллагааг УИХ хянахад энэ байдал сөргөөр нөлөөлж байна гэсэн хардлага ч бий. Үүнд та ямар байр суурьтай ханддаг вэ?
-Мэдээж, УИХ, Засгийн газар ялгаа, заагтай байх ёстой. УИХ-ын 2012 оны сонгуулийн онцлог бол олонхи байхгүй, олон суудалтай нам байгаа. Олон суудалтай нам өөрөө ингэж шийдсэн учраас хэсэгтээ ийм байдлаар явах байх. Засгийн газрын шийдвэрийг сайдууд нь дагадаг зэргээс УИХ-д санал өгөхөд хүндрэл гардаг. Яваандаа үүнийг залруулах шаардлага байгаа. Цөөн гишүүнтэй парламентын бас нэг дутагдалтай тал нь энэ. 400, 500 гишүүнтэй Германы парламентад хэдэн хүн сайд байхыг ер сонирхдоггүй юм билээ. Харин 76 гишүүнтэй Монголын парламентын арав гаруй нь сайд болчихоор ирцээс эхлээд мэдрэгдэж байна.
-Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг өргөн барихаар ярьж байна. Намуудын төсөв, байр сууц гэх мэт асуудлыг өөрчлөх тухай танай намын саналыг МАН хэрхэн хүлээж авах бол?
-Улс төрийн намуудын тухай хуулийн өөрчлөлтөөр ажлын хэсэг байгуулсан. Намуудын одоогийн санхүүжилт дампуу юм байна. "Гаалийн" хэмээх Х.Баатар зуун сая төгрөгийн авлигаа МАХН (МАН)-д аваачиж өгснөөс үүдэлтэй намуудын санхүүжилт асуудалтай гэдэг нь ойлгогдож байгаа. Тиймээс нам өмч хөрөнгөтэй байх уу, гишүүнчлэлтэй байх уу гэдгийг нэр мөр шийдье гэж байгаа юм. Намуудын санхүүжилтэд ялангуяа, УИХ, орон нутгийн ИТХ-д ялсан намууд төсвөөс тодорхой мөнгө авах ёстой юм байна гэдэгт санал нийлж байгаа. Нэг бол компаниудаас мөнгө авч эрхшээлд нь орох эсвэл төсвийн хараат болох хоёр л зам байгаа. Америк бол компаниудын эрхшээлд байдгийг сонгосон. Харин Герман төсвийн хараат байхыг сонгосон. Байгалийн баялаг ихтэй улсын хувьд Америк систем нь буруу юм байна гэдгийг мэдэрлээ. Тиймээс Германы систем рүү орж төсвөөс санхүүжиж, тэр нь ил тод байдаг болъё гэж үзэж байгаа.
0 Сэтгэгдэл
Унэн л хэлсэн ажлаа эхлээч дээ? Оорсдоосоо эхлэ ! Болд Баттулга Гансух нараасаа эхлэ ! Монголын эрх ашгаас дээгуур аашилаж буй гишуудтэй хариуцлага тооц ! Дэмжинэ
Хамгийн их уншсан