Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үзэл бодол, үйл ажиллагаа ондоо ч үсэрсэн цус нэг гэдгээ мэдрэв
МАН, МАХН-тай нэгдэнэ гэсэн яриа Сар шинийн баярын өмнө гарч, одоо бүр хүчээ аваад байгаа. Саяхан л удирдлагууд нь салж сарниж МАН /хуучнаар МАХН/ хувьсгалт гэх үгийг намынхаа нэрээс авч хаях хэрэгтэй хэмээн үзэж хэрэггүй үгнээсээ салсан. Харин намынхаа зарим нөхөдтэй үзэл бодол, эрх ашгийн хувьд зөрчилдөөнтэй байсан Н.Энхбаяр хэсэг нөхдөө дагуулаад шинээр нам байгуулж, МАХН хэмээх нэрийг авна хэмээн Улсын дээд шүүхэд удаа дараа гомдол, нэхэмжлэл гаргасаар санасандаа хүрсэн. Ард түмэн цаг ямагт гэрч байдаг юм хойно энэ үйл явдлыг мартаагүй байгаа нь лавтай. Гэтэл бие биеэ муулж, гахай нохойдоо хүрээд байсан дээрх хоёр нам бид нэг угшилтай учраас нэгдэх ёстой хэмээн саяхнаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр байр сууриа илэрхийлэх болов.


П.Дамдин: Туршлагагүй олон залуугаар удирдуулснаас ийм байдалд хүрлээ

МАН-ын ахмад гишүүд ч гэнэт сэрсэн юм шиг нэгдэх нь зүйтэй хэмээн ярьж эхэллээ. Үүнийгээ илэрхийлэн тэд өчигдөр МАН-ын дарга Ө.Энхтүвшин, МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва нарт мэдэгдэл гардуулж, санал бодлоо солилцов. Уг мэдэгдэлд “...итгэл үнэмшил, үзэл бодол нэгт гишүүдээ хуваагдмал, саланги байдлаас гаргахад хамтын оюун ухаан, хүчин чармайлтаа дайчилж, эх орон ард түмнийхээ сайн сайхны төлөө эв нэгдлээ бэхжүүлж, хүчээ нэгтгэх зоригтой алхам хийхийг” хүсэж буйг дурьджээ. Түүнчлэн ахмадын төлөөлөл “Хариуцлагагүй зарим улстөрчийн гайгаар манай намд маш том хагарал үүсээд байна. Үүнд намын жирийн гишүүд ямар ч буруугүй. Энэ хагарлын уршгаар намын хүч суларч, нэр нөлөө нь буурсан. Иймээс МАН, МАХН хоёр хүчээ нэгтгэхээс өөр арга алга” гэв.
Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцвол ялалт байгуулна, эс бөгөөс ялагдал хүлээнэ хэмээн тэд үзэж буй аж. Уг уулзалтын үеэр МАН-ын ахмад гишүүн П.Дамдин “Манай намын нэр хүнд унасанд гадна, дотны нөлөө их байгаа. Туршлагагүй олон залуугаар залж удирдуулснаас ийм байдалд хүрлээ. Намын их хурал хийнэ гээд байна. Үүнд яараад хэрэггүй. Нэн түрүүнд ирэх зун болох Ерөнхийлөгчийн сонгуульд анхаарлаа хандуулж, чамбай бэлдмээр байна. Шуудхан хэлэхэд намаас олигархиудыг зайлуулсан цагт нэр нөлөө нь сайжирна. Олигархиуд гэдэгт хэн хэн багтаж буйг та бүхэн надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг дэвшүүлэх эсэхийг хоёр нам сайтар ярилцах ёстой” хэмээлээ. Ахмад гишүүд ийн дор бүрнээ санал бодлоо илэрхийлсний дараа МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Сар шинийн өмнө та бүхний энэ өргөн барьсан мэдэгдэл хэвлэлүүдээр гарсан. Үүнтэй холбогдуулан олон хүн намын байранд ирж бидэнд саналаа хэлсний ихэнхи нь нэгдэхийг дэмжиж байна. Цагаан сарын дараа МАХН-ын хэсэг гишүүн ирж бидэнтэй золгонгоо энэ саналаа ч бас хэлж байсан. Тиймээс энэ асуудал олон нийтийн анхаарлыг татаж байгаа. Би ч энэ тал дээр санал нэг байна. Ирэх зургаадугаар сард болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН амжилттай оролцох том зорилт тавьсан. Бидэнд ялагдах эрх байхгүй. Энэ зөвхөн намын бус Монгол Улсын эрх ашиг учраас санал нэг буй юм. Хамгийн гол нь хүнээ зөв сонгож дэвшүүлэх учраас нухацтай ярилцаж байгаа. Сар шинийн баярын өмнөхөн манай намын Удирдах зөвлөл хуралдаад МАН-аас хэнийг ямар шалгуураар Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхээ намын гишүүд, дэмжигчид, ард иргэдээсээ асуухаар болсон. Тэд нэг чиг баримжаа, шийд өгөх байх. Энэ саналыг энэ сарын 25-наас сарын хугацаанд зохион байгуулахаар болсон. Би хувьдаа энэ хоёр намыг хүчээ нийлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Энэ ч утгаараа МАХН-ын удирдлагууд болон Н.Энхбаяр даргатай очиж уулзсан” гэв.


Эцсийн шийдвэр Н.Энхбаярын гарт...

МАН-ынхан орон нутгийн сонгуулийн өмнөхөн буюу өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээр МАХН-ын удирдлагуудтай уулзан нутгийн өөрөө удирдах ёсны сонгуульд хамтарч оролцох санал тавьсан ч цаг хугацааны хувьд оройтсон учир энэ удаа амжихгүй  гэсэн хариу авч байжээ. Яг хамтрах болоод ирсэн чинь хоёр сонголт бий болоод байгаа гэнэ. Энэ нь нэгдүгээрт шууд хоёр нам нэгдэх, нөгөө нь хамтарч эвсэл болж сонгуульд оролцох. Уг асуудалд МАН-ын дарга Ө.Энхтүвшин “Хамтарч нэг эвсэл болж сонгуульд оролцвол ямар вэ гэсэн саналтай байгаа. Намын Удирдах зөвлөлийн олон удаагийн хурал дээр энэ яриа хөндөгдсөн. Тиймээс хоёр нам тус бүр ажлын хэсэг гаргаж ажиллах тухай саналыг удахгүй болох намын Удирдах зөвлөлийн хурлаар ярилцахаар төлөвлөлөө. Гэхдээ бидэнд хугацаа бий. Ерөнхийлөгчийн сонгуулийг ирэх дөрөвдүгээр сарын 25-ны үеэр зарлах байх. Үүнээс 10 хоногийн дараа сонгуульд нэр дэвших хүнийг зарлах учиртай. Тиймээс энэ асуудлаар МАХН-ын удирдлагуудтай цаашид сайтар дахин ярилцаж, аль болох нааштай шийдэлд хүрэхийн төлөө ажиллана” хэмээн ярьж байна.

Гэтэл МАХН-ын нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэн “МАН МАХН хоёр нэгдэхгүй. Үзэл бодол, үйл ажиллагаа нь тэс ондоо хоёр нам шүү дээ” хэмээн нэгэн хэвлэлийн хурлын үеэр хэлж байсан билээ. Харин МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагва телевизэд өгсөн ярилцлагадаа “Энэ хоёр нам нэг угшилтай. Өөрөөр хэлбэл, “үсэрсэн цус, тасарсан мах” юм хэмээн иш татаж нэгдэх нийлэх тухай өнгө аястай мэдээлэл өгч байв. Хөнжил дотроо хөлөө жийлцэнэ гэгчээр МАХН дотор МАН-тай нэгдэхгүй гэсэн байр суурьтай олон гишүүн байгаа гэсэн. Үүнээс гадна МАХН-МҮАН-ы “Шударга ёс” эвсэл Засгийн газартай хамтарсныхаа дараа бусад шатны сонгуульд АН-тай хамтарч оролцохоо мэдэгдсэн. Хэрэв МАН, МАХН-тай нэгдлээ гэхэд тэдний ярьсан яриа, хэлцэл яах вэ. Эрх мэдэл, албан тушаал горилж ийм хариуцлагагүй мэдэгдэл хийж болох уу.” Ус үзээгүй байж гутал тайлна” гэгчээр Ерөнхийлөгчийн сонгууль дөхсөн энэ үед урваж шарван байгаа нь хэр оновчтой юм бол доо. Ямартай ч МАН, МАХН-тай нэгдэх байр суурьт хүрч байгаа бололтой. Нөгөөтэйгүүр МАН-ын залуу гишүүд намаа шинэчлэх шаардлагатай гэж сүүлийн үед хүчтэй шүүмжлэл өрнүүлж байгаа учраас нэг угшилтай намууд нэгдсэнээр шинэчлэгдэх боломжтой гэж ахмадууд зөвлөсөн  бололтой. Гэвч эцсийн шийдвэрийг Н.Энхбаяраас хүлээх л үлдлээ.
0 Сэтгэгдэл
Terbishdagva yu yumbe..chinii meddeg gej yu baidgiin.Enkhbayat Tsolmon hoyor medneza...xaxaxa
Terbishdagva yu yumbe..chinii meddeg gej yu baidgiin.Enkhbayat Tsolmon hoyor medneza...xaxaxa
Terbishdagva yu yumbe..chinii meddeg gej yu baidgiin.Enkhbayat Tsolmon hoyor medneza...xaxaxa
Хамгийн их уншсан