Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ЫГ “ДАХИН СЭРГЭЭХ” ХҮСЭЛ
МАХН, МАН-ыг нэгтгэх тухай яриа өнгөрсөн долоо хоногт бүр хүчээ авлаа. Салсан намаа нэгтгэж, сарнисан бодлогоо цэгцлэн шинэчлэх талаар хоёр намын гишүүд бүх шатандаа ярьж, хэлэлцэж байна. Удирдлагууд нь эхний ээлжинд хоёр намын үйл ажиллагаа, бодлогыг нэгтгэж, дараа нь нэг нам болгох эсэх асуудлыг ярилцах ёстой гэж байр сууриа илэрхийлээд эхлэв.
Гэхдээ МАН МАХН-д нэгдэх үү, МАХН МАН-д нэгдэх үү гэсэн асуудал маргаан дагуулсаар байгаа юм. Парламентад МАН илүү суудалтай учир МАХН-ыг өөртөө нэгтгэх ёстой гэх нэгэн байхад, МАН доройтож, хүч нь суларсан тул МАХН-д нэгдэх нь зүйтэй гэж ярих нь ч байна.
Өнгөрсөн онд болсон УИХ, НИТХ, орон нутгийн сонгуульд АН-д далаараа тавиулсан МАН-ынхан ирэх зургадугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд дахин ялагдвал улс төрөөс арчигдана гэсэн айдас тээж яваа. Тиймээс ч энэ сонгуульд ялагдах эрхгүй өрсөлдөхийн тулд МАХН-тай нэгдэж, хамтарч оролцох тухай ярьж байна. Хэнийг энэ сонгуульд сойж, уралдуулах вэ гэдэг нь ч тэдний сэтгэлийг хамгийн ихээр зовоож буй асуудал. Ямар ч байсан төрийн тэргүүнд нэр дэвшүүлэх хүнээ олон нийтийн санал асуулгаар тодруулна гэдгээ мэдэгдсэн.
Үүнтэй зэрэгцээд МАН-ын залуу болон ахмад гишүүд нь удирдлагууддаа хандан намаа шинэчлэх тухай хэд хэдэн уриалга, шаардлага хүргүүллээ. Залуу болон ахмад гишүүд нь нийлж “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо” байгуулсан. УИХ-ын гишүүн асан Р.Раш, Д.Загджав гэх мэт “хуучин бууны хугархай”-нууд эл хорооны тэргүүн эгнээнд алхаж яваа. Тэд намын 27 дугаар их хурлыг ойрын хугацаанд хуралдуулж, шинэчлэлийн асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэх, МАХН-тай нэгтгэх эсэхийг шийдвэрлэх, бусад улс төрийн хүчинтэй хамтран ажиллах шаардлагатай байна хэмээн МАН-ын дарга Ө.Энхтүвшин, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар нарт уриалга хаяглаж, хүргүүлсэн юм. Мөн өдгөө шоронд ял эдэлж суугаа МАХН-ын дарга Н.Энхбаярт ч хамтран ажиллах санал хүргүүлсэн билээ. “Ардын жигүүр”, “Ардын намын анхны жигүүр”, “МАН-ыг шинэчлэх эв нэгдлийн хороо” гээд намаа шинэчлэх шаардлага тавих, МАХН-тай нэгтгэх санал гаргах бүлэг, фракц, хороо, жигүүрийн тоо ч нэмэгдэх хандлагатай болов.
Бүлэг, фракц, жигүүрийг байгуулсан гишүүдийн зарим нь “Хэн нэг удирдлагын шахалт дарамтаас айж, эмээж намдаа шинэчлэлийн давалгаа өрнүүлэх хүсэл эрмэлзлэл, шаардлагаа зогсоохгүй. Галт тэрэг хэдийнэ хөдөлсөн” хэмээн олон нийтэд мэдэгдсэн удаатай. Тэд эрдэмтэн, судлаачидтай хамтран намдаа өөрчлөлт, шинэчлэл хийх тухай хөтөлбөр хүртэл боловсруулжээ. Үүнийгээ “Дахин сэргэлт” хэмээн нэрлэжээ. Хөтөлбөрт хариуцлагын асуудлыг тухайлбал, намын дэмжлэгтэйгээр төрийн өндөр албан тушаалд оччихоод авлига, албан тушаалын гэх мэт гэмт хэрэгт холбогдон, намын нэр хүндийг унагасан хүнд хатуу хариуцлага тооцох тухай тусгайлан тусгасан гэнэ. Боловсон хүчин сонгох, албан тушаал дэвшүүлэхдээ танил тал, өнгө мөнгө, нутаг ус хардаг явдлыг ч халах асуудлыг хөндсөн байв. Түүчлэн УИХ болон орон нутгийн сонгуульд намын жагсаалтаар сонгогдсон гишүүдийн ирц, идэвх санаачилга, ёс зүй, сахилга бат, улс төрийн оролцоонд үнэлэлт дүгнэлт өгч, эргүүлэн татах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх шаардлагатайг ч хөтөлбөрт оруулсан аж.   
Намынхаа гишүүдийн дээрх мэт уриалга, шаардлагын дагуу МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн баасан гарагт хуралдлаа. Хурлаар Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс хэрхэн асууж тодруулах, намын их хурлын тов тогтоох зэрэг асуудал хэлэлцсэн аж. Иргэдээс санал асуулга авахаар томилсон ажлын хэсэг нь эхний ээлжинд ямар шалгуур, шаардлага хангасан хүнийг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх вэ гэдгийг, дараа нь тухайн шалгуур, шаардлагыг хэн бүрэн дүүрэн хангахыг харгалзан үзэж тодруулахаар болсон байна. Харин МАН-ын 27 дугаар их хурлыг хуралдуулах тухай саналыг Удирдах зөвлөлийн гишүүдийн 80 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа хийх нь зүйтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, намаа шинэчлэх асуудлыг Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа буюу хоёрдугаарт эрэмбэллээ гэж хэлж болох нь.
Гэвч намын зарим гишүүн дэмжигч нь эл шийдвэрийг эсэргүүцэн, 27 дугаар их хурлаар намаа хөл дээр нь босгох, шинэчлэх чухал асуудлыг шийдвэрлэх ёстой байтал хойш тавилаа хэмээн шүүмжилж эхлэв. Юутай ч, МАН-ын 220 мянга гаруй гишүүдийн дийлэнх олонх нь  “намаа дахин сэргээх” шаардлагатай гэдэгт санал нэгдэж буй. Харин үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх бол, тэгж их анхаарал тавиад буй Ерөнхийлөгчийн сонгуульд яаж оролцох, хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэгт ирэх өдрүүд хариулт өгөх биз ээ.  
0 Сэтгэгдэл
БӨӨЛЖСӨӨ ИДЭХ ТИЙМ САЙХАН БАЙДАГ ЮМ БАЙХДАА ХА ХА ХА МАНгарууд
БӨӨЛЖСӨӨ ИДЭХ ТИЙМ САЙХАН БАЙДАГ ЮМ БАЙХДАА ХА ХА ХА МАНгарууд
Хамгийн их уншсан