Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эх орончдын өдөр”-ийг өөр өдөрт шилжүүлье
-Жинхэнэ эх орончдыг хэлмэгдүүлсэн МАН-ын байгуулагдсан өдрөөс “Эх орончдын өдөр”-ийг тусгаарлая-

МАН гэдэг хувьсгалт байгууллага үүссэн өдөр өнөө маргаашгүй болох нь. МАН, хуучны МАХН энэ өдрийг “Эх орончдын өдөр” хэмээн өөрсөндөө өмчилсөн. Монгол Улсыг 90-ээд жил дарангуйлсан энэ намынхан эх орончид бол зөвхөн манай намынх л байх ёстой хэмээж, эрх барьж байхдаа давуу эрх эдлэн  “Эх орончдын өдөр” гэсэн энэ сайхан  нэрийг  өмчилсөн нь энэ.
Гэхдээ одоо асуудал гарч ирж байна аа. Юун түрүү МАН задарч МАХН, МАН гэж хоёр хуваагдсан болохоор энэ өдрийг хэн нь тэмдэглэх бол гэсэн асуулт гарч ирж байна.
МАН-д хэн нь үлдсэн бэ. Чухамдаа өнөөгийн олигархиуд, тэднийг зайлуулчихвал суудал нь бидэнд ирнэ гэсэн НАМЗХ-ны хэдэн хийрхүү залуу л үлдсэн. ХХ зууны түүхийг бичилцэж явсан, эх орныхоо төлөө хөдөлмөрлөж явсан ахмад хүмүүс нь МАХН-аа дагаад гарсан. Тэгэхээр энэ өдрийг тэд л, өөрөөр хэлбэл МАХН илүү тэмдэглэх ёстой юм шиг.
Гэтэл 1921 оны гуравдугаар сарын 1-нд анхны хурлаа хийсэн байгууллага бол МАН гэсэн нэртэй байж. Тэгэхээр нэрээ дагавал өнөөгийн МАН энэ өдрийг тэмдэглэх ёстой болж байх шиг.
Дараагийн нэг зүйл бол энэ өдрийг  аль нь ч тэмдэглэдэг байлаа гэсэн МАН байгуулагдсан өдрийг “Эх орончдын өдөр” гэж нэрлэх нь зүйд хэр нийцэх вэ.
Нээрээ бодох зүйл байна аа. Улс орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлөх гэж санаа нэгдэн нийслэл хүрээнд хоёр нууц байгууллага байгуулан 1920 оны зургадугаар сард нэгдэж, 1921 оны гуравдугаар сард анхны хурлаа хийж МАН гэгчийг байгуулж байсан жинхэнэ эх оронч долоон хүний зургааг нь энэ МАН гэдэг нам хэлмэгдүүлэн цаазалсан явдал бий. Улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө зүтгэж явсан армийн удирдлагууд, эх орончдыг хуйгаар нь хэлмэгдүүлэн цаазалж байсан явдал бас бий. Нийт хэлмэгдэгсдийн дотор цэргийн албан хаагч 1239 байсны дотор 117 нь захиран командлах ажилтан, 70 нь улс төрийн ажилтан, ар тал техникийн ажилтан 579, хугацааны цэрэг, бага дарга 525  байсан байгаа юм. Хязгаарын дотоодын цэргийн албан хаагч 293 байж. Тухайн үеийн даргалах бүрэлдэхүүний 50 орчим хувийг дайчлан браивчилж, заримыг нь цэргийн албанаас чөлөөлсөн байдаг. Ер нь Халх голын дайн хаяанд ирчихээд байсан тэр цагийн Монгол Ардын Хувьсгалт цэргийн нийт бие бүрэлдэхүүний 10 орчим хувийг хэлмэгдүүлсэн байдаг.
Дайн яг болох гэж байсан тэр үед МАН армийг ийм байдалтай болгож, жинхэнэ эх орончдыг хоморголон хэмэгдүүлж байж шүү дээ.
Үүнийг өөр хэн нэгэн хийгээгүй МАН л хийсэн. 2012 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа болгон хийсэн “Долоон бурхан харвадаггүй” уран сайхны кинонд МАН-ынхан түүхийг баахан гуйвуулж энэ хүмүүсийг коминтерныхон, оросууд буудаад байсан юм шиг гаргасан ч чухам үнэн хэрэгтээ тэд зааварласан нь үнэн боловч зам мөрөөсөө зайлуулах гэж матсан, яг бууны гох дарсан улс нь манай мань коммунистууд-МАН-ынхан байсан. Ер ХХ зууны туршид жинхэнэ эх орончдыг мөрдөн мөшгиж, хэлмэгдүүлэн буудаж, хаа хол орос руу илгээж, шорон гянданд хийж, ажил албанаас нь зайлуулж, хөөж цөлж, уран бүтээлийг нь хориглож байсан нам бол яахын аргагүй өнөөгийн МАН мөнөөсөө мөн. МАН-ын энэ ажил 1990 он хүртэл хар хуудас болон үргэлжилсэн. Энэ бүхнэ цагаан цаасан дээр хараар бичээстэй байж байгаа. “Баас хатавч өмхийгөө тавихгүй” гэгчээр МАН-ын  уламжлалт энэ арга барил  одоо ч байсаар л байгаа.
Бүр саяхны жишээ гэхэд л  УИХ-ын эрхэм гишүүн Д.Арвин МАН-аас гарч АН-д орохдоо “Манай МАН улс орон, ард түмний төлөө ажил хэрэгч санал санаачилга гаргахад дэмждэггүй, харин ч гадуурхаж хааж боодог болсон” гэж хэлсэн. МАН-аас салан тусгаарлаж МАХН байгуулсан Д.Тэрбишдагва тэргүүтэй хүмүүс ч ийм зүйл хэлдэг.
Саяхан болсон МАХН-ын ахмад гишүүдтэй МАН-ын удирдлагууд тал засан золгосон уулзалт дээр ч МАХН-ын ахмад гишүүд үүнийг хэлж, ер нь МАН-ын удирдлагад олигархи олон байгаа шүү гэснийг МАН-ын удирдлагууд хүлээн зөвшөөрсөн. Ямар нэгэн аргаар МАХН-ыг өөртөө татаж, ядахад эвсэх, бүр болбол өөртөө нэгтгэчих гэж байгаа хүмүүс ч яахав хэлсэн бүхнийг нь хүлээн зөвшөөрч байгаа дүр үзүүлнэ л дээ. Гэхдээ л Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар бол дотроо ясных нь дургүй л хүрч, яаж нэг хариугаа авах билээ л гэж бодоцгоож байгаа. Чухамдаа энэ намын угшил, ясны мөн чанар нь ийм юм.
Тэгэхээр МАН-ын хувьд “Эх орончдын өдөр”-ийг  тэмдэглэх нэр нүүргүй болчихоод байгаа юм биш үү. Чухам одоо үлдсэн хэд нь энэ өдрийг өөртөө нийцүүлэх гэвэл “Олигархиудын өдөр” гээд тэмдэглэвэл яадаг юм гэхээс. Үгүй ядахдаа зүгээр л “МАН байгуулагдсан өдөр” хэмээн тэмдэглэх юм даа.   
Одоо тэгэхээр гуравдугаар сарын 1 бол МАН-ын анхдугаар хурлаа хийж байгуулагдсанаа зарласан өдөр юм байна. Энэ бол энэ л намын хэрэг. МАН байгуулагдсаны 92 жилийн ой бол энэ гуравдугаар сарын 1-нд тохиох нь.
Харин энэ намд хавчигдаж, дарлуулж, зарим нь буудуулж амь алдсан жинхэнэ эх орончдын өдөр гэж тусдаа байх ёстой юм байна.
Дэлхийн коммунизмын хар сүүдрийг монголд нутагшуулж хамаг эх орончдыг хэлмэгдүүлэн буудаж хороосон, хавчиж хяхан, хөөж цөлж байсан МАН  “Эх орончдын өдөр”-ийг өмчилж байх нь шударга бус явдал юм байна. Өмнө  хийсэн нүглээ цайруулах гэж өөрсдөө эрх барьж байхдаа өмчилж эх орончдын нэрийг зээлдсэн  энэ шийдвэрийг төр эргэн харж жинхэнэ “Эх орончдын өдөр”-ийг өөр өдөрт шилжүүлэн, зөвхөн МАН биш ард нийтээрээ  тэмдэглэж байх л үлдэх шив дээ.
Өөрсдөө эх орончдыг аваачиж буудаж алчихаад, нэрийг нь зээлдэн өнөөдөр баярлацгаана гэж юу байхав. Өнөөдөр албан тушаал, авлигагүйгээр амьдарч чадахаа больчихсон, үүнийхээ төлөө улс орон, ард түмний эрх ашгийг уландаа гишгилж яваа МАН-ын хэдэн олигархиудын эх оронч гэж хаашаа харсан юм байхав дээ.

Х.Өлзийбаяр
2 Сэтгэгдэл
9
9
Ардчилсан нам хамгийн их идсэн. Хэн хувьчлал явууллаа. Төрийн өмчийн хороо. Дарга нь З.Энхболд. Тэгэхлээр одоо хувьчилсан том үйлдвэрүүд хэний гартман байна. АПУ Батхүү, Талх чихэр, Баянгол зочид буудал Баттулга гээд л цуварн.
Албан тушаалгуй бол амьдарч чадахгуй гэдэг яг унэн олоод хэлчих зээ.
Нээрээ л энэ зураг дээр байгаа хэдэн авлигач чинь насан туршдаа л монгол улсын эсрэг ажилласан луйварчид байна шүү дээ. Эдний эх оронч гэжу хаашаа харсан юм байдаг юм. Албан тушаал , авлига байвал улсаа ч худалддаг луйварчид. М.Энхболд гэхэд л Улаанбаатар хотыг худалдаж баяжаа биз дээ.
санал нэг байна. Одоо МАН-д эх оронч хүн үлдээгүй, олигархиуд л үлдсэн. Тэдэнд албан тушаал л байвал эх орон ч хэрэггүй.
Хамгийн их уншсан