Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Адил тэнцүү эрх, үүрэгтэй швейцарьчууд
Аливаа улс орны нийслэл түм түжигнэж, бум бужигнасан олны хөлийн газар байх нь олонтаа. Гэхдээ заавал тийм байх ёстой гэх нь хэт туйлшрал болох биз. Швейцарийн нийслэл Берн хот ердөө 127 мянган хүн амтай, тав дахь том хот боловч улсынхаа нийслэл нь. Холбооны улсын хэмжээнд хоёр дахь том муж болох Берн кантонд 43 баг, хороо буюу коммун багтдаг. 1902-1909 онд алдарт физикч Альберт Эйнштэйн аж төрж байсан хот гэдгээр оршин суугчид нь бахархдаг. 1902-1905 онд амьдарч байсан байшинг нь музей болгон жуулчдад сонирхуулдаг юм билээ. ЮНЕСКО Берн хотыг дэлхийн шилдэг 10 хотын нэг хэмээн үзэж Дэлхийн өвд 2010 онд бүртгэжээ. Баавгайт хөндий гэсэн утгыг агуулсан эл хотын төвд нэгэн бүл баавгай аж төрдөг. Хоёр бамбарууштайгаа амьдардаг тэднийг тусгай хамгаалалтад авч, цэцэрлэгт хүрээлэнд амьдруулж, урин дулааны цагт хүмүүс харж болохоор нээлттэй “гэрт” тухлуулдаг. Төрийн төв байгууллага парламент, Холбооны Засгийн газар үйл ажиллагаагаа явуулдаг учир нийслэл хэмээнэ. Швейцарийн дээд, доод танхим бүхий парламент, Холбооны Засгийн газар нэгэн том ордонд үйл ажиллагаа явуулж, улс орноо удирдаж байдаг. Монголын парламентын сэтгүүлчдэд энэ нь мэдээж сонирхол татсан сэдвийн нэг байсан билээ.  

Хамтарсан засаглалын 100 жилийн түүх

700 жилийн түүхт иргэн төвтэй улс төрийн тогтолцооны нэг хэсэг болсон парламентын хуралдаан иргэддээ нээлттэй. Парламентын ордны дотоод засал чимэглэл, танхимууд, зураг бэлгэдэл бүгд олон зуун жилийн түүх, уламжлалаа илтгэнэ. 26 кантоны сүлд бэлгэдлээ оройдоо залж, үндэсний дөрвөн хэлээ илд бамбай бүхий цэргүүдийн баримлаар төлөөлүүлж ордны төвд байрлуулжээ. Энэ бүхний дээр ард түмний аж байдал, хөдөлмөрийг харуулсан зургаа залсан нь иргэдийнхээ эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьдаг хэмээх санааг өгүүлнэ.
Парламентын дээд танхимаа Төрийн зөвлөл гэж нэрлэдэг. 26 кантоны 20 нь хоёр төлөөлөгч сонгож илгээдэг. Харин зургаа нь хагас кантон гэж тооцож нэг төлөөлөгчөө Төрийн зөвлөлд ажиллуулдаг. Кантон бүрийн бие даасан байдлаас хамаарч төлөөлөгчид нь Төрийн зөвлөлд багтдаг гэсэн үг. Төрийн зөвлөлийн 46 гишүүн Холбооны Засгийн газраа байгуулдаг. Долоон сайд томилж, түүнээсээ нэгийг нь жил бүр ээлжлэн сонгож Ерөнхийлөгчөөр ажиллуулдаг. Тийм болохоор энэ жилийн Ерөнхийлөгч хэн гэдэг эрхэм байгааг ард түмэнд төдийлэн мэддэггүй. Мэдэх ч шаардлагагүй. Яагаад гэвэл иргэнд өөрийн амьдарч буй коммун, кантоны удирдлага илүүтэй хамааралтай учраас. Швейцарийн Холбооны улсын Засгийн газар дэлхийн жишигт хамгийн цөөн сайдтайд тооцогддог.
Парламентын доод танхимыг Үндэсний зөвлөл гэнэ. Кантон бүрийн хүн амын тоог хувилан тооцож мандатын тоог тодорхойлно. Сонгууль дөрвөн жилд нэг удаа болдог. Сүүлийн 100 жилд Төрийн зөвлөлд дөрвөн намын төлөөлөл багтан хамтран ажиллаж байгаа аж. Швейцарьт парламентын хоёр танхимыг адил тэнцүү нэг төвшний гэж үздэг. Холбооны улсын хэмжээний эрх зүйн актыг аль  аль танхимаар хэлэлцүүлдэг ч хуралдаан зэрэг болдоггүй. Коммун, кантоны төвшинд ард нийтийн хурал дээр хүмүүс гараа дээш өргөж саналаа өгдөг. Үүнтэй адил Төрийн зөвлөлийн хуралд төлөөлөгчид гараа өргөж саналаа хураалгана. Парламентын хэлэлцүүлгийг Франц, герман, итали хэлээр орчуулан хүргэдэг. Холбооны төвшинд романш албан ёсны хэл биш учраас хуралдааныг орчуулдаггүй юм байна. Төрийн зөвлөлийн хурал иргэдэд нээлттэй. Хэн ч хуралдааныг ажиглах боломжтой. Гэхдээ хурлын танхимд ойлголцож чадаагүй асуудал байвал лобби бүлгийн өрөөнд ярилцах боломж бий. Энд парламентын гишүүдээс гадна тусгай зөвшөөрлөөр орох эрх олгодог гэнэ. Нэг зөвшөөрлийг лобби бүлгийнхэнд өгдөг. Нөгөөг нь хэвлэлийнхэнд олгож болдог. Үндэсний зөвлөлийн хуралдааны танхимд намууд зүүн, зүүн төв, баруун, баруун төвийн гэх мэтчлэн үзэл баримтлалаараа нэг эгнээнд суудал эзэлдэг.
Швейцарийн улс төрийн тогтолцоонд гурван өөр агуулгаар өндөр албан тушаалтнаа ерөнхийлөгч хэмээн нэрлэнэ. Холбооны Засгийн газрыг нэг нэг жилээр ээлжлэн тэргүүлдэг алба буюу Холбооны улсын Ерөнхийлөгч. Төрийн зөвлөл болон Үндэсний зөвлөлийн даргыг мөн тус бүрт нь Ерөнхийлөгч гэдэг. Жил бүрийн арванхоёрдугаар сарын хуралдаанаар дээд, доод танхимын Ерөнхийлөгч нарыг сонгож томилдог.
Биднийг парламентын ордноор зочлох үеэр хоёр танхимын хуралдаан түр завсарласан байсан юм. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо мөн л өндөр төвшинд хүрснийг Үндэсний зөвлөлийн гишүүнээр хэд хэдэн удаа сонгогдон ажилласан хатагтай Ruth Grossenbacher-Schmid ярьж байлаа. Тэрээр одоо Ардчиллын судалгааны төвд ажилладаг. Эдүгээгээс 40 жилийн өмнө эмэгтэйчүүд сонгуульд оролцох эрхээ олж авч байсан түүхтэй гэнэ. 1985 онд Холбооны Засгийн газарт анх удаа эмэгтэй сайд ажиллаж байжээ. Харин одоогийн Холбооны Засгийн газрын гишүүний долоон сайд байгаагаас гурав нь эмэгтэй. Парламентад суугаа гишүүдийн 30 орчим хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэдгийг хатагтай Ruth Grossenbacher-Schmid бидэнд хэлж байлаа. “Иргэдийн оролцоог бага багаар урагшлуулах нь илүү үр дүнтэй байх болно” гэдэг зөвлөмжийг шууд ардчиллыг хөгжүүлэхийг зорьж буй улс орнуудад хэлсэн юм.  

Хамгийн бага нэгж хүртэл хамтын шийдвэрийг эрхэмлэнэ

Улсынхаа хэмжээнд хоёр дахь том кантон болох Берн бусдынхаа адил засаглалын байгууллагатай, өөрсдөө төсвөө бүрдүүлж, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй. Берн кантоны хэмжээнд энэ жилийн төсөв нь зургаан тэрбум швейцарь франкаар баталжээ. Үүнийхээ ихэнх буюу 34 хувийг боловсролын салбар, 21 хувийг нийгмийн халамж, 18 хувийг эрүүл мэнд бусдыг нь аюулгүй байдал, дэд бүтцэд зарцуулдагаа тус кантоны Санхүүгийн хэлтсийн дарга хэлсэн юм. Төсвийнхөө 79 хувийг татвараар бүрдүүлдэг бол Швейцарийн үндэсний банкнаас зургаан хувийг нь орлого болгон өгдөг гэнэ. Иргэд орлого их олсон байх тусам татвар төдий хэмжээгээр нэмэгддэг. Харин хүүхдээ харж ажил эрхэлдэггүй эцэг эхчүүд, албаны унаа, машин хэрэглээгүй бол гэх мэтчлэн татвараас иргэдээ чөлөөлдөг үндэслэл болдог гэлээ. Мэдээж, хэрхэн, хэдэн хувийг нь зарцуулахаа иргэдээсээ асууж байж шийдвэр гаргана. Иргэд санаачилга гаргаж, 100 мянган хүний гарын үсэг цуглуулж чадвал төсөв зарцуулах, нэмэх, хасах зэрэг санал асуулга явуулах эрхтэй.

Берн хотын захиргааны албаны хүмүүсээс мэдээлэл авсны дараа уг кантонд багтах 43 коммуны бүтэц, засаг захиргааг сонирхохоор бид Лангнау, Трүб хэмээх хоёр тосгонд зочилсон юм.
Лангнау тосгоны иргэд 40 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөл байгуулж, түүгээрээ ажлаа удирдуулдаг. Байгалийн унаган төрхөө хадгалж үлдсэн  уулархаг бүст орших эл тосгон 9600 хүн амтай. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг маш сайн бэхжүүлсэн тосгон байлаа. Зөвлөлийн гишүүдийн санаачилгыг иргэд болон хувийн компаниуд дэмжиж хэд хэдэн ажил хийжээ. Ашиглагдахаа больсон үйлдвэрийн хуучин байшинг засварлаж, иргэдийнхээ чөлөөт цагаа өнгөрүүлдэг соёл, амралтын төв болгож. Мөн мөсний хоккейн цэнгэлдэх хүрээлэн, модны үртэсээр ажилладаг дулааны станц байгуулснаа бидэнд үзүүлэв. Жилдээ 42 сая швейцарь франкийн төсөвтэй Лангнау тосгоны хүүхэд залуус өнгөрсөн жил ашиглалтад орсон мөсний хоккейн талбайдаа тоглож, бэлтгэл хийж байхтай нь таарлаа. Уг цэнгэлдэх хүрээлэнд хувийн компаниуд 20 сая франк хандивлаж, тосгон өөрийн төсвөөс 12 сая франк зарцуулан бүтээн байгуулжээ. Биднийг очихоос долоо хоногийн өмнө энд томоохон тэмцээн болж өнгөрсөн гэж тосгоны зөвлөлийн дарга эмэгтэй хэллээ. Мод бэлтгэдэг үйлдвэрээ түшиглэн барьсан дулааны станц 100 орчим байгууллагыг дулаанаар хангадаг аж. Тосгоноос дэд бүтцийг нь шийдэж өгөөд энэхүү станцыг байгуулжээ.
Харин үүний дараа очсон Трүб тосгонд бид нэгэн дунд сургуулиар зочилсон юм. Тосгоны хэмжээнд ажиллаж байсан зургаан сургуулийг цөөлж, хоёр болгон, сурагчдын автобусны чиглэлийг өөрчлөх санаачилга иргэдээс нь гарсны дагуу шийдсэнийг өмнөх сурвалжлагадаа дурдсан билээ. Трүб 1408 метрийн өндөрлөг уулархаг бүст байрладаг, Берн хотоос алслагдсан 1360 хүн амтай жижиг тосгон. Энд мөн л манайд тулгамдаад байгаа эзэнгүйдэх, төв суурин газар руу нүүдэллэх нь тосгоны иргэд, удирдлагуудын хувьд асуудал болсныг хэллээ. Гэсэн хэдий ч энэ жижиг тосгонд 140 орчим жижиг үйлдвэр, үйлчилгээний байгууллага ажилладаг. 72 км урт Европын аяллын зам эндхийн нутаг дэвсгэрээр дайран өнгөрнө. Тосгоны иргэдийн хурал жилдээ хоёр удаа хуралдаж, 75 мянган франкаас дээш хэмжээтэй зээл олгох асуудлыг оршин суугчид нийтээр хэлэлцэн шийддэг уламжлалтай. Нэг литр ус хэдэн франк байх вэ гэдгийг ч хүртэл тосгоны иргэд л шийддэг. Хамгийн сүүлийн удаагийн тосгоны бүх нийтийн хуралд 230 орчим хүн нэг дор цуглаж саналаа хэлжээ. Тосгоны зөвлөлийн долоон гишүүнийг ард иргэдийн саналаар сонгож, санхүү, байгаль орчин, аюулгүй байдал, нийгмийн асуудал, боловсролын зэрэг таван хэлтэстэй ажлаа явуулдаг гэж тосгоны дарга ноён Ernst Kohler  танилцууллаа. Төсвийнхөө 1 сая франк буюу хамгийн их хөрөнгө оруулалтыг боловсролдоо тэр дундаа сургуульдаа зарцуулдаг аж. Эцэг эхчүүдийг зөвлөл сургуулийн үйл ажиллагааг удирдан чиглүүлдэг. 13-15 насны 71 сурагчтай уг сургуульд хүүхдүүдийн амьдралд хэрэгтэй хичээлүүд түлхүү ордог гэв. Жишээлбэл, эрэгтэй эмэгтэй гэж ялгахгүйгээр мужаан хэрхэн хийх, хоол хийх арга гэх мэтийг зааж сургадаг. Найман багштай хэдий ч нэг ангид 7, 8, 9 дүгээр ангийн сурагчдад зэрэгцэн сууж хичээл заалгадаг. Багш нарынхаа цалинг хэд байхыг сургуулийн зөвлөл шийдэж, тогтоодог. Швейцарьт дээд боловсролыг зөвхөн судлаач, эрдэмтэн болох номын мөр хөөх хүсэлтэй хүмүүс л сонгож, эзэмшдэг. Ахлах сургуулиа төгссөн бол мэргэжлийн сургалтаар ажлын дөртэй болж, ажилтан болохыг илүүд үздэг гэлээ. Энэ МСҮТ-д суралцагчид долоо хоногийн дөрөвт нь үйлдвэртээ дадлага хийж, нэг л өдөр онолын хичээл заалгадаг юм байна.
Л.Номин
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан