Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хан ресурс” Монголын Засгийн газартай халз тулалдах тов гарчээ
Манай улсын Засгийн газрыг гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гурван компани олон улсын шүүхэд өгсөн байдаг. Үүний нэг нь Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс” компани. Тус компани гурван жилийн өмнө лиценз цуцалсны нөхөн төлбөр нэхэмжилж, Монгол Улсын Засгийн газрыг Арбитрийн шүүхэд дуудагдахад хүргэсэн юм. Гэвч энэ зарга өнөөдрийг болтол шийдвэрлэгдээгүй. Харин Арбитрийн шүүх энэ оны арваннэгдүгээр сард асуудлыг шийдвэрлэхээр товложээ.
Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-аас Цөмийн энергийн тухай хууль, түүнийг дагаж мөрдөх журмыг баталснаар Монгол Улсад олгосон ураны хайгуулын болон ашиглалтын бүх тусгай зөвшөөрлийн бүртгэлийг шинэчлэх ажлыг Цөмийн энергийн газар хариуцаж хийсэн. Энэ ажлын хүрээнд “Хан ресурс” компанийн “Дорнод уран”-ы ордыг ашиглах тусгай зөвшөөрлийг хураан авсан билээ. Гэтэл тус компани тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг нь хураан авч, үйл ажиллагааг нь зогсоож, алдагдалд оруулсан гэсэн үндэслэлээр нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд, улмаар олон улсын шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан нь энэ.  
Тус компани олон улсын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ  Монголын Засгийн газар, холбогдох байгууллагууд манай компанийн тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг цуцалсан нь Эрчим хүчний гэрээ, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн тухай дурдаад Монголын Засгийн газраас үйл ажиллагаандаа ашигласан 200 сая ам.долларыг нөхөн гаргуулахыг хүссэн байлаа. Гэтэл өнгөрсөн оны сүүлээр нэхэмжилсэн мөнгөнийхөө хэмжээг нэмж, 350 сая ам.доллар болгосон гэнэ.  
Харин манай тал “Хан ресурс” компани хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй, төрийн хууль тогтоомжийг үл хүндэтгэсэн учир тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгох боломжгүй гэсэн тайлбар өгч байгаа юм. Тэгэхээр компанийн үүсгэсэн маргаанд Засгийн газар ялах боломжтой гэдгийг холбогдох албаны зарим хүн үндэслэл, баримттай нь хэлж буй. Тухайлбал, тусгай зөвшөөрлийг нь цуцлах шийдвэр гаргасан Цөмийн энергийн газрын дарга асан С.Энхбат “Дорнодын ураны орд газрын тусгай зөвшөөрлийг “Хан ресурс” компани эзэмшиж байгаагүй. Гурван улсын хамтарсан “Төв Азийн уран” компани 237 А дугаартай тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. Энэ компанийн 58 хувийг “Хан ресурс”, 21 хувийг Монгол Улс, 21 хувийг оросууд эзэмшдэг. Тэгээд улсын төсвөөр эрэл хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг Монголын төр эзэмших ёстой гэсэн хуулийн заалтын дагуу оросуудаас найм, “Хан ресурс”-ээс 22 хувийг нь Монгол Улс өөртөө шилжүүлэн авсан. Тэгээд ч “Хан ресурс” компани олон зөрчил дутагдал гаргаж, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлээгүй нь тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл байлаа. Тиймээс Арбитрийн шүүх дээр манай тал ялна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ярьжээ.
“Хан ресурс” компанийн үүсгэсэн заргаас болж манай улс Оросын талтай хамтарч “Дорнод уран” компани байгуулах асуудал ч шийдвэрлэгдэхгүй өдийг хүрлээ. Нэг үе олны анхаарлын төвд байсан энэ ажлын сураг ч алдрав. Төрийн байгууллагынхан нэг ажлаа нөгөөгөөр нь нурааж, дөнгөлчихлөө гэж хэлж болох нь.
Өдгөө ч холбогдох албаныхан олон улсын шүүх заргыг манай талд шийднэ гэж ам бардам хэлж сууна. Гэвч юмыг яаж мэдэх вэ, өнгөрсөн хугацаанд холбогдох албан тушаалтнууд хариуцлага алдсанаас өмнөх шатны шүүхэд нь ялагдсан сургамж бий учир энэ удаад баримт нотолгоогоо сайн бүрдүүлнэ гэдэгт найдъя.    
Э.Эрдэнэжамъян: Арбитрийн шүүх хуралд гэрчээр оролцоно

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъянаас “Хан ресурс” компанийн үүсгэсэн заргатай холбоотой дараахь зүйлийг тодрууллаа.
 
-“Хан ресурс” компанийн олон улсын шүүхэд зарга үүсгэсэн асуудалд таныг гэрчээр оролцоно гэх юм. Ямар учраас тэр билээ?
-Дорнод ураны ордыг ашиглах анхны гэрээ, нэмэлт протоколуудын хэрэгжилтийг судалж, Монгол Улсад ямар ч ашиггүй гэсэн үндэслэлүүдийг гаргаж тавьсан юм л даа. Энэ асуудалд Монголын тал хувь оролцоогоо нэмж, олгосон тусгай зөвшөөрлөө буцааж авах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж, Төрийн өмчийн хороонд 1998 онд холбогдох бичиг баримтуудаа өгч байсан. Тэгээд л энэ оны арваннэгдүгээр сарын 11-15-нд болох шүүх хуралд гэрчээр оролцоно. Тиймээс Монголын талыг Арбитрийн шүүхэд төлөөлж байгаа “Хоген Ловеллс” хуулийн фирмийнхэнтэй уулзаж, мэдүүлгээ бэлтгээд явж байна. Энэ хэрэг Монголын талд нааштайгаар шийдвэрлэгдэх байх аа. Өөрийнхөө байр суурийг илэрхийлж,  хатуухан хэлэхэд энэ бол залилангийн гэмт хэрэг. Анх ямар ч чадавхигүй компани орж ирээд Монголын төрд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулна гээд тэрийгээ биелүүлээгүй. Ураны ордын ТЭЗҮ-ийг гаргаж, боловсруулна гэж амласнаа ч хэрэгжүүлээгүй. Энэ асуудлыг эхнээс нь сайн ухаж, төнхвөл олон асуудал гарна. Хэрэв монгол хүн ийм үйлдэл хийсэн бол өдийд залилангийн хэргээр шоронд орчихсон л байгаа.  
-Сүүлд түгсэн мэдээллээр “Хан ресурс” компани нэхэмжилсэн мөнгөнийхөө хэмжээг нэмсэн гэсэн?
-350 сая ам.доллар болгосон гэсэн. Энэ нь ямар ч үндэслэлгүй. Гадаадынхан биднийг дээрэлхэж буй нэг хэлбэр гэж ойлгож байгаа. Тэгэхээр Арбитрийн шүүх хурал болох хүртэл бидэнд хугацаа байна. Түүнээс наана манай талаас оролцох төрийн байгууллагууд холбогдох материал, баримт нотолгоогоо Арбитрийн шүүхэд төлөөлж буй байгууллагад сайн цуглуулж өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол Монголын талаас энэ мэт баримт материал цуглуулж өгөх ажил удаашралтай байгаа юм билээ. Энэ нь холбогдох төрийн байгууллагуудын удирдлага, ажлын хэсгийн гишүүд солигдсонтой холбоотой.
-Энэ ажлын хэсгийг шинэчлэн байгуулсан биз дээ?
-Тэгсэн. Гэхдээ бүрэлдэхүүнд нь хэн хэн багтсаныг мэдэхгүй. Энэ ажлын хэсгийг манай яамны Төрийн нарийн бичгийн дарга Баярцэцэг ахлаж байгаа.
0 Сэтгэгдэл
Юу яриад байгаа нөхөр вэ.Ажлын хэсгийн бүрэлдхүүнээ мэдэхгүй хөгийн юм аа.Баримт хангалттай байгаа.
Хамгийн их уншсан