Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.ЦОЛМОН: Москва дахь ЭСЯ-ны хоёрдугаар байрыг худалдаагүй, түрээслэдэг
ОХУ-ын Москва хот дахь Монгол Улсын Худалдааны төлөөлөгчийн газар буюу Элчин сайдын яамны хоёрдугаар байрыг бусдад худалдсан тухай мэдээлэл сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгэж буй. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос гаргасан ажлын хэсгийн гишүүд гадаадын зарим улс дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд төсвийн гүйцэтгэлтэй холбоотой шалгалт хийсэн. Эл шалгалтын талаар тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ц.Цолмонгоос тодруулга авлаа.

-ОХУ-ын Москва, Германы Берлин хот дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд төсвийн гүйцэтгэлтэй холбоотой хийсэн шалгалтынхаа талаар мэдээлэл өгөөч. Шалгалтаар ямар нэг зөрчил дутагдал илэрсэн үү?

-Энэ шалгалтыг намрын чуулганы хугацаанд хийхээр төлөвлөсөн байснаа хойшлуулж, чуулган завсарласны дараа хийлээ. Берлин, Москва дахь ЭСЯ-ны 2011, 2012 оны төсвийн гүйцэтгэл, хөрөнгө оруулалтын байдлыг шалгасан.
Берлин дэх ЭСЯ-ны тухайд өнгөрсөн чуулганаар санхүүжилтийг нь шийдвэрлэсний дагуу тус хотын төвд шинэ байр худалдаж авсан. Учир нь, манай ЭСЯ Берлин хотын төвөөс их зайдуу байсан юм билээ. Энэ байр нь манай өмч хэвээр үлдэнэ. Иргэдтэй болон албаны хүмүүстэй байнга харилцдаг  Консулын газар, ЭСЯ-ны нэгжүүд хотын төв дэх байранд үйл ажиллагаа явуулдаг болсон. ЭСЯ-нд өндөр хүнээр байр худалдаж авлаа, оновчгүй сонголт хийлээ гэсэн яриа их гарч байсан учир газар дээр нь очиж шалгалаа. Ингээд бүх зүйл ном дүрмийн дагуу явагджээ гэсэн дүгнэлтэд хүрсэн.  Харин санхүү хөрөнгөөс шалтгаалж, өмнө нь ярьсан талбайнхаа талыг нь л худалдаж авсан байгаа юм. Тэнд буй манай ажилтнууд  ЭСЯ-аа өргөтгөж,  талбайн хэмжээгээ нэмэгдүүлье гэсэн санал тавьсан. Үүнийг УИХ шийдвэрлэж өгнө.
Москвад байгаа ЭСЯ-ны хувьд дөрвөн байртай. Бас л бүх зүйл нь хууль дүрмийнхээ дагуу байна гэж үзсэн.
-Москва дахь ЭСЯ-ны хоёрдугаар байрыг түрээслэсэн, худалдсан тухай мэдээлэл түгэж байгаа. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-ЭСЯ-ны хоёрдугаар байр буюу хуучин Худалдааны төлөөлөгчийн газар байрлаж байсан байр нь А, Б гэсэн хоёр хэсэгтэй. Хуучин А хэсгийг түрээслэсэн компани нь Б хэсгийг засч янзлаад цаашид түрээслэх тухай яригдаж байгаа. Тиймээс бид ЭСЯ-нд байгаа холбогдох бичиг баримттай нь танилцсан. Мөн ГХЯ-наас ч энэ талаар тодорхой тооцоо хийх, судлах ажлын хэсэг гарсан юм билээ. Тэд энэ ажлаа  ойрын хугацаанд хийнэ. УИХ-ын ажлын хэсэг газар дээр нь очиж, танилцаад зохих дүгнэлтээ хийсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичиж байгаа шиг Монголын ЭСЯ-ны объектыг худалдаж, өөр хүний эрх мэдэлд шилжүүлсэн зүйл байхгүй.
-Түрээслэдэг нь ямар учиртай юм бэ?
-Социализмын үед манай ЭСЯ-нд олон хүн ажилладаг байсан. Сүүлийн үед орон тоо цомхотгосонтой холбоотой хоёрдугаар байр сул байгаа. Тиймээс 10 гаруй жилийн өмнөөс энэ байраа аж ахуйн нэгж, байгууллагуудад түрээслэсэн. Түрээсийнхээ төлбөрөөр Элчин сайдын яамны үйл ажиллагааг санхүүжүүлдэг.
Б.Алтанцэцэг
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан