Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Талцсан Монгол
Энэхүү нийтлэлийг өнгөрсөн жилийн өдийд Эх орончдын өдөрт зориулан бичиж байлаа. 2012 оны гуравдугаар сарын 01-нд бичиж байв.

Талцсан Монгол

Монголчууд жалга довны үзэлтэй гэж жигтэйхэн улс. Хошин шог дээр гардаг шиг Үхэртийн хөндий манайх, Шавартын хөндий ч манайх гэж ирээд л талцах нь тэр. Энэ байдал сүүлдээ даамжирч, нутаг усаараа бус нам, бүлгэмээрээ хуваан таалцдаг болоод багагүй цаг хугацааг өнгөрөв. За тэгээд ганц нам ч биш дээ, шашин шүтлэг, эрдэм боловсрол, зөв бичгийн дүрэм журам, эр эм үгийн “И” байх байхгүй гээд талцах сэдэв мундахгүй. Саяхан л гэхэд хамжлагын Засгийн газар тарсанаас болоод иргэд бас л талцаж, зөв буруу гэж тус тусын дүгнэлтээ өгсөн. Эхнэр нь АН-ын улаан “фанат”, нөхөр нь МАН-ын идэвхтэн дэмжигч гишүүн гэр бүлийнхэн хүртэл энэ асуудлаас болж салах сарнихдаа тулсан тохиолдол ч миний эргэн тойронд гарсан юмдаг. Нөхөр нь эхнэртээ, “Танай муу АН хийсэн ажлаа дуусгаж чадсангүй” хэмээн агсамнах. За тэгээд манай намын бодлого сайн танайх муу, манайх амлалтаа биелүүлсэн, танайх өгч чадаагүй гээд талцаж байгаа гэр бүлийг алийг тэр гэх билээ. Тэр байтугай нөхөр нь шарын шашины лам, бүр хийд дацангийн хамба байхад эхнэр нь эрхээ эдэлж байна гээд л христ шүтээд явж байх жишээтэй. За энэ ч яахав, шашин хоорондын цуст мөргөлдөөн гарч төв талбайдаа тэвш дүүрэн чулуу итгэгчиддээ хуваарилахгүй л бол боллоо. Ер нь, хамтарсан Засгийн газар тарснаас хойш манайхан өдийг хүртэл хоёр тал болчихоод байгаа нь ажиглагдаад байх болов. Тухайлбал, урд хөршийн Цагаан сар болдог өдөр Монголын бөө нар, тэднийг дэмждэг мөргөлчид нь Цагаан сараа тэмдэглэсэн. Их тэнгэрт байрлах бөө мөргөлийн газарт бөө нар тэнгэр бурхандаа залбирч, уламжлалт зан үйлээ үйлдсэн. Харин тэднийг дэмждэг нэг нь Цагаан сараа тэмдэглэж байхад нэг хэсэг нь тэднийг урд зүгийн хүмүүс, өвөрлөгчид гэх мэтээр ярьж бас л талцаад авсан.
Мэдээж шашин шүтэх, эс шүтэх нь хуулиар олгогдсон халдашгүй дархан эрх тул тэдэнтэй юу ч ярих билээ дээ. Гэхдээ л урьд хожид цагаан сарыг хоёр хувааж тэмдэглэж байсан тухай би лав дуулаагүй. Өвөө, эмээ маань ч энэ тухай ярьж байгаагүй. Сүүлийн хэдэн жилд л ингэж талцдаг болсон. Ер нь, хэдэн жилийн өмнө зурхайч Д.Тэрбиш гуай талийгаач Дашцэрэн хоёр цэц булаалдаж байснаас л үүдэлтэй болов уу.
Гэтэл сүүлийн үед юу ч болж хувирч байгаа юм бүү мэд. Арай л ардчилал гэдэг нь энэ биш байлтай. Дэлхийн 25 хилээр хэрүүл болоод хэлэлцээрийн алийг нь ч хийж чадна хэмээн цээжээ дэлддэг Б.Арго хүртэл одоогийн тэмдэглэж байгаа Цагаан сарыг намрын дунд сард тэмдэглэх ёстой хэмээн зарим хэвлэлээр ярилцлага өгсөн байх юм. Энэ мэт “буянтнуудаас” болж монголчууд маань уламжлал болгон тэмдэглэж ирсэн малчны цагаан сараа ч тэмдэглэж чадахаа болихдоо тулах нь. Болих ч юу байхав үнэн чанартай хэнийнх нь зөв алинынх нь буруу болохыг ялгаж салгах ухаанаа олохгүй нь. Сая бол олны жишгээр л тэмдэглэлээ. Дараа дараагийн жилээс хэд хуваагдахыг таахын эцэсгүй. Ядаж байхад яасан ч олон зурхайтай юм дээ. Чингисийн, Төгсбуянтын, Аргогийн, амраг хосын, ганц бие хүмүүсийн, бөө мөргөлийн гэх мэтээс эхлээд Орос тоолол, Монгол тоолол, арга, билэг гээд явж өгнө.
Ингэж талцаж байж сар шинээ тэмдэглэсэн монголчууд арай гэж амьсгаа авах гэтэл дахиад л талцах сэдэв гараад ирлээ. Энэ бол МАН, МАХН хоёрын булаацалдсан Эх орончдын өдөр гэх. Өнгөрсөн жил л гэхэд одоогийн МАХН/ тухайн үед улсын дээд шүүхэд нэрээ бүртгүүлж чадаагүй байв/ МАН хоёр энэ өдрийг булаацалдаад бөөн л юм болсныг манайхан санаж байгаа биз. Сүхбаатар жанжны хөшөөнд урд хойноос нь зэрэг шахуу цэцэг өргөх дөхсөн, хоёр намынхан. МАН-ынхан эрдэмтэн судлаачид хөлслөөд л “Энэ өдөр манайх, түүхийн шаргал хуудсанд МАН-ынх гэж тэмдэглэгдэж үлдсэн нь Монгол Улсын Архивын төв газар хадгалагдаж байна” гээд л хэвлэлийн хурал хийж сүржигнэсэн. Харин Н.Энхбаяртнууд “Жинхэнэ эх орончинд МАХН-ынх байсан. МАН бол үеийн үед эх орончдынхоо амыг барьдаг байсан” мэтээр эл өдрийг өөрийн болгохоор зүтгэсэн. Өнөө жил энэ өдрийг булаацалдах нь дамжиггүй. Урьдын уламжлалаар хоёр нам “Сүх” жанжны хөшөөнд урд хойноо орж цэцэг өргөх нь ойлгомжтой. Гэхдээ хэн нь түрүүлж цэцэг өргөсөн нь итгэл үнэмшилтэй харагдах биз. Гэхдээ энэ жил МАХН-ынхан нэгэн өвөрмөц ёслол үйлдэх гэнэ. Тэд хаврын тэргүүн сарын шинийн 8 буюу Эх орончдын өдрөөрөө Тасганы овоонд гарч нар харах ёслол үйлдэх нь. Ингэхдээ “Манан арилж, Нар мандана” гэсэн уриатайгаар өглөөний нарыг харж залбарах гэнэ.
МАН-ыхан бол харин бөхөө барилдуулж, баярын хурлаа хийж, намдаа шинэ хүмүүс элсүүлэх уламжлалаа давтах байлгүй. Ер нь, энэ өдөр Н.Энхбаярын баярын өдөр юм уу, Ө.Энхтүвшингийн баяр юм уу.

Г.Даваабаатар
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан