Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

М.Баянмөнх: 34-өөс доошгүй хувь гэдэг хяналтын багцыг тодорхойлох тоо

Засгийн газрын хуралдаанаар “Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх хөрөнгө гаргахаар шийдсэн. ҮХААЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Баянмөнхтэй энэ талаар ярилцлаа.
 


-“Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор”-ын бүтээн байгуулалтад шаардлагатай 14 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өглөө. Хамгийн эхний хийх ажлууд юу байх бол?
-Өнгөрсөн бямба гарагийн Засгийн газрын хуралдаанаар 14 тэрбум 100 сая төгрөгийн санхүүжилт өгөхийг Хөгжлийн банкинд даалгалаа. Энэ мөнгөөр эхний ээлжинд байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд зарцуулна. Үүнээс гадна энэ онд гүний усны хайгуул хийх ёстой. Төсөвт мөнгө нь батлагдчихсан явж байгаа. Инженер геологийн ажлуудаа давхар хийнэ. Төслийн удирдан гүйцэтгэгч банк давхар оролцож, хяналт тавиад ажиллаад явах юм. Багцлаад хэлэхэд, энэ ондоо эдгээр ажлыг хийнэ.

-Байгаль орчны үнэлгээ, гүний усны хайгуулаа ямар хугацаанд хийж дуусгах вэ. Монголчууд энэхүү аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтын ажилд ихэд яарч байгаа шүү дээ?
-Олон улсын жишгээр байгаль орчны төлөв байдлын үнэлгээг нэг жилийн хугацаанд хийх ёстой. Хөрөнгө оруулагч, төслийг гүйцэтгэхэд оролцож буй компаниудад эдгээр нь том баталгаа болж өгдөг. Суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийх цаг хугацаа адилхан учраас мөн л энэ онд багтааж дуусгах ёстой. Суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө Сайншанд хотын төлөвлөгөөтэй уялдуулан  хийх ажил.

-Гүний усны хайгуулд мөнгийг  төсөвт суулгасан гэлээ. Үүнээс гадна өөр ажлуудад зарцуулах ямар хөрөнгө улсын төсөвт суулгасан юм бол?
-Гүний усны хайгуул хийхэд зориулж гурван тэрбум гаруй төгрөг төсөвт суулгасан. Үүнээс гадна инженерийн геологийн ажилд 4.2 тэрбум, цогцолборын ерөнхий төлөвлөгөөний зураг төслийн ажилд 700-гаад сая төгрөг Барилга хотын байгуулалтын яамны төсөвт суучихсан байгаа. Гүний усны хайгуул, инженер геологийн ажлуудад суурилаад ирэх оноос талбайн бэлтгэл ажил, барилга байгууламжийн зураг төсөл хийгдээд явна. Юуны өмнө, компанийн ТУЗ-өө бүрдүүлэх шаардлагатай байгаа. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ТУЗ есөн хүний бүрэлдэхүүнтэй байна. Мэдээж, Засгийн газар, ҮХААЯ зэрэг төрийн захиргааны байгууллагууд, компаниуд, хувийн хэвшил, төрийн бус байгууллага, иргэний байгууллагаас төлөөлөл оролцох нь ойлгомжтой.

-“Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг төр, үлдсэн хувийг хувийн хэвшил эзэмшихээр өөрчлөлт оруулах болсон. Энэ тоо хэр оновчтой вэ. Оюу толгойгоос Монголын эзэмшдэг 34 хувийг 51 хувь болгох ёстой гээд байгаа шиг эцэс төгсгөлгүй маргаан дахиад хэдэн жилийн дараа болохгүй гэх баталгаа байна уу?
-Бидний зүгээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан ажлуудыг хийж гүйцэтгэх ёстой. 34-өөс доошгүй хувь гэдэг хяналтын багцийг тодорхойлох тоо шүү дээ. Нөгөө талаар, төр өөрөө оролцоод явж байгаа гэсэн баталгаа болж өгснөөр энэ ажил цаашаа үргэлжлээд явах нөхцөл бүрдэнэ. Энэ бол Монгол Улсад анх удаа хийж буй маш том төсөл. Энэхүү төсөлд янз бүрийн санаа оноо, олон ургалч үзэл байх ёстой. Цаашдаа ч санал хүсэлтүүдийг ярилцаад шийдэх асуудал гарч ирэх л байх.

-Ер нь, хувийн хэвшлийнхэн цогцолборын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах санал хүсэлтээ хэр ирүүлж байгаа бол?
-Шийдвэр гараад удаагүй болохоор одоогоор хандсан компаниуд алга. Үйлдвэр барихаар санал өгсөн хувийн хэвшлийнхэн бол бий. Гэхдээ цаашдаа цогцолбортой холбоотой мэдээллүүд яваад эхлэхээр хувийн компаниуд хандах биз.

-Х.Баттулга сайдын санаачилгаар эрдэмтдийн зөвлөл энэхүү төсөлд оролцож санал бодлоо илэрхийлж байгаа. Тэдний хамгийн гол шүүмжлэлтэй хандаж буй зүйл нь  Цогцолборыг даган суурьших 400-500 мянган хүн амын усны хэрэглээг хөндөөгүй байна. “Хэрлэн говь” төслийг хэрэгжүүлэхгүйгээр Сайншандын аж үйлдвэрийн цогцолборыг ярих ч хэрэггүй  л гэж байсан?
-Усны асуудлаар бид олон хүнтэй уулзаж, ярилцаж санал хүсэлтийг нь сонсч байгаа. Хамгийн эхлээд, гүний усны хайгуул хийх ёстой. Ингэснээр аж үйлдвэрийн цогцолборын усан хангамжийн асуудлыг шийдэж болох, эсэхийг тодруулж болно. Усны дахин ашиглалт, алдагдлаа хэрхэн нөхөх, ойр тойрных нь цас, борооны усыг хуримтлуулах болон хойд нутгаас ус шилжүүлэн урсгах боломж бий эсэх гээд олон асуудал бий. Гол нь, ус хамгийн эхэлж шийдэх асуудал учраас эрдэмтэн мэргэдийн санаа бодлыг сонсч байгаа. Гэхдээ одоохондоо яг нарийн шийдсэн зүйл байхгүй. 
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан