Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Хуралдайдах моод”
“Моод” гэдэг бол зүйлийг олон удаа, давтаж, олон нийтэд харуулахаар бий болдог зүйл гэж ойлгодог. Тэгвэл сүүлийн үед “хуралдайдах моод” жинхэнэ утгаараа хэрэгжих нь. Бараг гадаадын янз бүрийн төсөл хэрэгжүүлж байгаа мэтээр л үргэлжилдэг болж. Мэдээж хэрэгжүүлэгч нь МАХН-ын нөхөд. Анх тус намын дарга Н.Энхбаяр л санаачилж байсан. Улаанбаатар палас, Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв өргөө гээд нийслэлийн үзвэр үйлчилгээний байгууллага болгонд “хуралдайдсан”. Гэхдээ мэдээж хуралдай болгон аягүй гоё, чамин нэртэй болдог байв. Тухайлбал, “Ард түмний их хуралдай”, “Ард түмний бага хуралдай”, “МАХН-ын хуралдай”, “МАХН-ын дэмжигчдийн хуралдай”, “Байгаль орчны төлөө тэмцэгчдийн хуралдай” гэх мэтээр тоочоод байвал Н.Энхбаярын эхнэр О.Цолмонтой уулзсан хуралдай” гээд л хэдүүлээ цуглаж хуралдаж, хуйвалдсан болгоныгоо “хуралдай” болгон зарладаг болов.
Энэ нь даамжирч, халдварлаж явсаар байгаад зарим хүмүүст өвчин маягаар илэрдэг болж. Ямар өвчин гэдгийг нь хүний болоод малын гавьяат эмч нар ч илрүүлж чадахгүй байгаа  гэдэг шүү. Гэхдээ энэ өвчний илэрч байгаа шинж тэмдэгийг нь харвал хаврын эмгэг бололтой. Тодорхой хэлбэл, энэ өвчин нь нэг хэсэг хүмүүст л илэрч байгаа нь харваас андашгүй. Энэ өвчний гол вирус тээгч нь МАХН-ынхан бол таарах нь.  Нэг ёсондоо тэмцлийн бас нэгэн хэлбэр гээд хэлчихэд ч буруудахгүй. Буруудахгүй ч гэж дээ, бараг тодорхойлолт нь байж мэдэх.
Тэгвэл “хуралдайдах” өвчний энэ жилийн шинж тэмдэг МАХН-ын гишүүд дэмжигчдээр илэрлээ. Бүр эмэгтэйчүүдийн биеэр нь маажууртай яр гарч илэрчээ. Тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд “АСА” цирк 1000 ээжийн хуралдайг зохион байгуулав. “Эхчүүдийн хуралдайд” зөвхөн монгол дээл хувцасаар гоёсон хүмүүсийг оролцуулжээ. Өглөө хэрд бараг л циркийн дугуй зааланд багтахгүй шахуу байсан эхчүүд үдээс хойш гэнэт алга болж суудал дүүрэхээ байсан байна. Энэ тэгэхээр хуралдайд дуртай эхчүүд ирэх үү, эсвэл худалдагдаж ирэв үү гэдэг нь ойлгомжтой байгаа юм.
Дээрээс нь Н.Энхбаярын төлөө өлсгөлөн зарласан ээжүүд мөн л энэ хуралдайн хүндэт зочин байж. Гэхдээ хүндэт зочдын хувьд чин сэтгэлээсээ бус албан тушаал, эрх мэдлийн төлөө өлссөн гэдэг нь тодорхой болсон. Тухайлбал, өлсгөлөн зарласан Шархүү гэгч эмэгтэйн нөхөр нь нэгэн аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын албан тушаалаар шагнуулсан байх жишээтэй. Гэтэл энэ мэт худалдагдаж, хуйвалдаанд орж явсан хүмүүсийг “хуралдайн” бурхнаар залаад сууж байгаа нь бас л эмгэнэлтэй.
“Хуралдайдах” нэрээр Н.Энхбаяр болоод түүний дагуул, жигүүрийн хуйвалдаанд орсон эхчүүд “Н.Энхбаярыг суллах, цагаатгах, бүр шагнах саналыг дэвшүүлснээс гадна Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид таван салаа боовны амт үзүүлэх, шүүхийг тараах, Д.Дорлигжав, Х.Тэмүүжин нарыг огцруулах, Н.Багабандийг шоронд хийх” гэх мэт саналыг гаргажээ.
Энэ мэтээр таалагдаагүй бүхнийхээ эсрэг цуглаж, хуралдаж, хуйвалдсан болгоныгоо “хуралдай” болгон ярих моод жинхэнэ утгаараа хэрэгжих нь.
Тиймээс нийгмийн хөгжлөөс хоцрохгүйн тулд ямар нэгэн “хуралдай” зохион байгуулах “хүндтэй” үүрэг надад бас танд ноогдох нь. Тэгэхээр ойрын хугацаанд болох мартын 8-ныг тохиолдуулаад бас нэг эмэгтэйчүүдийн хуралдайг зохион байгуулах санаа төрлөө. Энэ хуралдайд оролцохыг хүсвэл олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан шоу тоглолт болгонд очоорой. Олуулаа цугласан л юм хойно, “хуралдай” байлаа гээд зарлачихаж болох биз. “Хуралдайдах моод” энэ мэтээр газар авах нь дээ.
0 Сэтгэгдэл
Санаж байснаас тааруу болж дээ анд минь. солгой гараараа бичээд л...
Хамгийн их уншсан