Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Баярмаа: Хөнгөн үйлдвэрийн салбарыг эргэлтийн хөрөнгөөр дэмжинэ
Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярмаатай ноос, ноолуур, арьс ширээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, “Монгол брэнд” гаргах талаар ярилцлаа.
 

-Энэ жилийн эдийн засгийн форумаар “Монгол брэнд” бий болгох зорилт тавилаа.  Ноос, ноолуур, арьс, ширээ боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн ч үйлдвэрлэх гэж байна. Манай улс дэлхийд брэнд гаргах боломж өнөөдөр хэр байгаа юм бол?
-Брэнд гэдэг олонд таашаагдсан, түмний танил бүтээгдэхүүн гэсэн утгатай үг л дээ. Брэн­дийн хувцсыг аваад үзэхэд, олонд таашаагдсан гэдэг нь биед эвтэйхэн, эдэлгээтэй чанар, загвар сайтай, хүний биед хоргүй гээд маш олон шалгуур давсан байх ёстой байдаг. Тэгэхээр манай бүтээгдэхүүн эко гэдэг тодотгол зүүх эрхтэй. Яагаад гэвэл,  нүүдлийн мал аж ахуйн бүтээгдэхүүн тэр чигээрээ байгалийн га­рал­тай байдгаараа  онцлог. Бид брэнд бий болгохдоо хэн нэгнийг дуурайх, чамин тансаг загварыг  хуулбарлах  ёсгүй.
Өөрийн гэсэн онцлог бий болгох ёстой. Үүний тулд малын гаралтай түүхий эдээ эх орондоо бэлэн бүтээгдэхүүн болтол нь боловсруулах хэрэг­тэй. Ноос, ноолуур, сүү, мах, арьс, шир боловсруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиг­лэлээр онцолж эдийн засгийн чуулга уулзалт хийж байгаа нь малчдын амьжиргаа, нүүдлийн мал аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбараа дэмжсэн арга хэмжээ боллоо. Тэгэхээр Монгол Улс ганц уул уурхай бус нүүдлийн мал аж ахуйгаа хөг­жүүлбэл бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн  дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна дэлхий нийтийн анхаарлыг татаж эдийн засгаа олон тулгууртай болгоно гэсэн үг.
2016 он гэхэд арьс ширний салбарт 20 гаруй мянган ажлын байр бий болно. Манай яамнаас хэд хэдэн системтэй ажил зохион байгуулж байна. Эхний ээлжинд түүхий эдийн хангамжийг шийдэхийн тулд “Бараа, түүхий эдийн бирж”-тэй болж  байна. Энэ биржийг ирэх 18-ны өдөр нээнэ. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгаас эхлээд бусад аймаг орон нутагт ноолуурын арилжаа хийнэ. Дараа нь ноос, үр тариа, мах, арьс ширний арилжаа хийх  юм. Цаашид тасралтгүй бүтэн жилийн хугацаанд ажиллах учиртай.

-Ноос, ноолуур нь хогтой, арьс нь гэмтсэн тохиолдол чамгүй гардаг. Тэгэхээр үйлдвэрлэлд тохирсон чанартай түүхий эд авахын тулд ямар арга хэмжээ авч байна вэ?
-Харин тийм. Чанарын асуудалд нэлээд анхаарч байгаа. Манай түүхий эд нүүдлийн мал аж ахуйгаас гаралтай. Тэгэхээр бэлчээрийн малын арьс нэлээд гэмтсэн байдаг. Тухайлбал, халдварт өвчин гарах эсвэл шимэгч хорхойнууд арьсийг нь гэмтээдэг. Мөн түүхий эд бэлтгэхдээ стандарт, хамгаалалтын ажил хийдэггүй чанар муутай бэлтгэхэд нөлөөлдөг. Иймд түүхий эд бэлтгэгчдэд сургалт, сурталчилгаа нэлээд явуулж байна. Манай мал эмнэлгийнхэн, зоо техникчид ч малын үүлдэр угсаа гарал үүсэл сайжруулах, вакцинжуулах талаар нэлээд анхаарч ажиллаж байгаа. Бас нэг тулгамдсан асуудал бол боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа жилийн дөрвөн улиралд ажиллаж чаддаггүй. Учир нь, эргэлтийн хөрөнгөний дутагдал, түүхий эдийн хомсдолоос шалтгаалдаг. Өнөөдөр манай боловсруулах үйлдвэрүүд жилд тав, зургаан сар ажиллаад л сул зогсдог юм.

-Тэгэхээр эргэлтийн хөрөнгөтэй болгох, бүтээгдэхүүнээ борлуулах нөхцөлийг нь хэрхэн бүрдүүлэх вэ?
-Үйлдвэрүүдээ эргэлтийн хөрөнгөөр дэмжихийн тулд арьс ширний салбараа дэмжих бонд гаргаж байна. Урд нь, ноос, ноолуурын салбарыг дэмжих бонд гаргасан. Тэгээд малчдад ноосны урамшуулал олголоо. Одоо мах, сүүнд бас урамшуулал өгнө. Үүнээс гадна боловсруулах үйлдвэрүүдэд Чингис бондоос техник тоног төхөөрөмж, үндсэн хөрөнгийн зээл олгох гээд ажиллаж байна. Ингэхээр  олон улсын стандартад тохирсон байгальд хоргүй техник, технологи оруулж ирэх, нутагшуулах боломжтой. Бас нэг тулгамдсан асуудал бол ажиллах боловсон хүчин,  хүний нөөц. Өнөөдөр боловсруулах үйлдвэрүүд хэтэрхий жижгэрч олширсон тул  цөөн хэдэн  боловсон хүчин нь тарамдчихсан. Ингээд  үр ашиг төдийлөн гарахгүй байгаа учир  хөдөлмөрөө хоршиж ажиллах, томоохон үйлдвэрүүд нь жижгүүдээ ээрсэн утас, боловсруулсан арьс зэрэг түүхий эдээр хангаж, эцсийн бүтээгдэхүүн гаргах боломж бий болгоно.  Мөн бүтээгдэхүүнээ дотоодын зах зээлд борлуулах сувгийг нь зохицуулж байгаа. Тухайлбал, Цагаан сараар идээ ундаа, бэлэг сэлтийн үзэсгэлэн худалдааг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгууллаа. Тэгээд 24 хоногийн хугацаанд үйлдвэрлэгчид маань гурван их наяд төгрөгийн борлуулалт хийсэн. Эндээс харахад, дотоодод эрэлт өндөр байна. Гагцхүү үйлдвэрлэгчид тэр хэрэгцээг нь  бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Нөгөө талаар, загвар дизайн нь хэрэглэгчийн таашаалд нийцэхгүй зүйл ч бий.

-Өнөөдөр гадаадад бүтээгдэхүүнээ экспортолдог хэдэн үйлдвэр байна?
-Бүтээгдэхүүнээ гадаадад бага хэмжээгээр экспортолдог цөөн үйлдвэр бий. Гэхдээ  хил гаалийн татвар, экспортолж байгаа орныхоо бодлогоос шалтгаалж ганзагаар зөөдөг.  Одоо үүнийг  болих цаг ирсэн. Тухайн орнуудтай худалдаа эдийн засгийн яриа хэлцэл хийж албан ёсоор экспортолдог болох, хил, гааль, татварын хөнгөлөлт эдлэх зэрэг ярьж буй зүйл бий. Мөн Элчин сайдын яамдад худалдааны аттеше ажиллуулах эсвэл борлуулалтын сүлжээ байгуулах талаар ярилцаж эхэлсэн. Манай улсад ажилладаг  олон улсын байгууллагууд, Азийн хөгжлийн банк, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Японы “Жайка”, Солонгосын Элчин сайдын яам гээд олон байгууллага дэмжлэг үзүүлж байгаа.  

-Манай улсын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг сонирхон худалдан авах зах зээл байгаа юу. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Солонгос улс манайхтай хамтарч үхрийн шир боловсруулах үйлдвэр байгуулъя гэсэн. Тэгэхдээ зөвхөн авто машины суудлын бүрээс авах сонирхолтой байгаа. Одоогоор эхний яриа хэлцэл хийж байна. Турк улс бол өөрийн технологиор үйлдвэр байгуулж, арьс ширэн бүтээгдэхүүн борлуулдаг өөрийн сувгаар зах зээлд нийлүүлэх санал тавьсан. ОХУ манайхаас нэхий дээл авах сонирхолтой байдаг.
-Ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байгаль орчин сүйтгэлээ гэж нэлээд хэл ам дагуулдаг. Шинэ техник, технологийн судалгаа хэр хийж байна вэ?
-Өнөөдөр манай улсад арьс шир боловсруулах  34 үйлдвэр байна. Үүний цөөхөн нь анхан шатны боловсруулалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн гаргадаг. Тэгэхээр цаашдаа үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэх, орчин үеийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, загвар гаргах, хөдөлмөрөө хоршиж ажиллах чиглэлээр дэмжих бодлого баримтална. Ингэвэл Монгол Улс  импортоор авдаг арьсаа больж, өөрийн түүхий эдээ дотооддоо бүрэн боловсруулж жижиг эдлэлийн үйлдвэрүүдээ хангах бололцоо бий. Үүнээс гадна төрийн бодлогоор алслагдсан аймаг бүс нутагт түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулна. Жишээлбэл, Ховд аймагт арьс ширний үйлдвэр барина. Мөн Дархан-Уул аймагт байгаа хоёр үйлдвэрийг гурав болгох Эрдэнэтэд бас байгуулах төлөвлөгөө бий. Энэ үйлдвэрүүдийн хүчин чадал өндөр, хамгийн сүүлийн үеийн технологитой, байгаль орчинд ээлтэй, өөрөө цэвэрлэх байгууламжтай импортыг орлох арьс үйлдвэрлэх юм. Одоо технологийн судалгаа хийж нутагшуулах талаар ярилцаж байна. Энэ талаар Туркийн “ТИКА” буюу эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагатай хамтарч ажиллаж байна.  

-Ноолууран бүтээгдэхүүнээ нэг шошготой гаргана гэж байсан. Энэ ажил юу болсон бэ?
-Маш сайн явж байгаа. Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар төсөл амжилттай хэрэгжиж байна.  Манай ноолуур “Монголын тансаг ширхэгт” гэсэн нэрээр олон улсын стандарт хангасан, чанарын баталгаат лаборатороор батлагдсан бүтээгдэхүүн гэсэн нэрийн дор гаргах юм. Бүтээгдэхүүний зохиогчийн эрхийг Үйлдвэр хөдөө аж ахуйн яам эзэмшихээр болж, Оюуны өмчийн газарт санал тавьсан. Одоо Засгийн газрын хөрөнгө  оруулалтаар ноос, ноолуурын олон улсын итгэмжлэгдсэн лаборатор байгуулахаар ажиллаж байна. Нэг нэрийн дор олон бүтээгдэхүүн гаргаж болдог. Үүнийг манай үйлдвэрлэгчид судалж байгаа. Жишээлбэл, “Zara” гэсэн нэрийн дор гутал, эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн гадуур, дотуур хувцас гээд олон нэр төрлийн бүтээгдэхүүн гардаг шүү дээ. Ер нь, арьс шир, ноос ноолуур, давуун бүтээгдэхүүн байдаг. Тэгэхээр ноос ноолуур , арьс шир гээд тус тусдаа эсвэл нэг нэрийн дор олон төрлийн бүтээгдэхүүн байж болох сонголт бидэнд бий.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан