Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Газар авсан тамхины хэрэглээг хазаарлаж чадах уу
Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлсээр гудамжинд тамхи татаж байгаа хүмүүс тун цөөн харагдах болов. Иргэдийн нүд үзүүрлээд байдаг бөбөөчдийг эс тооцвол шүү дээ. Траншейныханд угаасаа хууль үйлчилдэггүй, тэд ч монголын төрд захирагдахыг хүсдэггүйчүүд. Учир нь, тэд өөрсдийнхөө хувь заяаг монголын төртэй холбож, өсөрхдөг учир тэр. За энэ ч яахав. Үнэндээ л тамхи татдаг хүн цөөрчихөж. Нэг талаас санаа дагаад тэр биз. Нөгөө талаас хүмүүс хууль хэрэгжиж байгаа эхэн үед жаахан жийрхэж, эмээж байгаа байлгүй. Ямартай ч тамхи татаад зогсож байгаа хүнийг “Та тамхиа хаяач. Тамхи татах хориотой газар байна” гэхэд үг дуугүй унтраагаад ойролцоох хогийн саванд хийдэг болж. Энэ мэтээр сайн чанар энэ хуульд байна.
Гэхдээ энэ хуулийн чансаа цаашид хэр байхыг цаг хугацаа л харуулна. Учир нь, манай улсад тамхины хэрэглээ маш өндөр болох нь Статистикийн үндэсний хорооны гаргасан судалгаанаас харагдаж байгаа юм. Тодруулбал 2012 онд тамхи импортолсон дүн мэдээг авч үзвэл Монгол Улсын хилээр 2138.1 сая тамхи орж иржээ. Энэ нь 2005 оны дүн мэдээтэй харьцуулахад 3.4 дахин өссөн байгаа юм. Тэгэхээр тамхины хэрэглээ хэр их өссөн нь ойлгомжтой.
Үүнийг баталж байгаа бас нэгэн тоо бидний өмнө байна. Энэ бол дотоодод үйлдвэрлэсэн тамхины тоо. Өнгөрсөн онд 1.1 сая янжуур тамхийг дотооддоо үйлдвэрлэж худалдаанд гаргажээ. Энэ мөн л өссөн тоо. 2005 онтой харьцуулахад үйлдвэрлэсэн тамхины хэмжээ 1.4 дахин өссөн үзүүлэлт.
Өдгөөгөөс долоон жилийн өмнө нэг хүнд ногдох тамхины хэмжээ 306 ширхэг буюу 15 хайрцаг байсан байна. Харин өнөөдөр, өнөөдөр ч гэж дээ өнгөрсөн жилд 1234 ширхэг буюу 61.7 хайрцаг болж өссөн байх жишээтэй.
Энэ бол монголд тамхины хэрэглээ, тамхины хамааралтай хүн хэдий хэмжээгээр олширч байгаа гэдгийг илтгэхэд хангалттай тоо. Мэдээж судалгааны дүнд шууд нөлөөлж байгаа хүмүүс бол ерөнхий боловсролын сургуулийн сурагчид. Тэр дундаа 7-11 ангийнхан байгаа гэдэгт мөрий тавихад ч бэлэн байна. Учир нь, энд тэндэхийн компьютер тоглоомын газраар хаа нэгтээ төрийн байгууллагынхантай гэнэтийн шалтгалтаар явахад Монгол Улсын ирээдүйн “тамхичид” маань тамхийг жинхэнэ утгаар нь баагуулж харагддаг. Гэхдээ бүр дан ганц хөвгүүд нь бус. Охидууд тамхичин гэдэг дүрийг тун чадамгай бүтээж байгаа харагддаг.
Тэгэхээр парламентын эмэгтэй гишүүдийн санаачилж, түүхий ч гэсэн /түүхий гэдгийн учир, амьдралд үл нийцэх, амьдралаас хол тасархай хэд хэдэн зүйл заалт байгаа/ хүчлэн байж батлуулсан Тамхины хяналтын тухай хууль энэ байдлыг цэгцэлж, цэг тавих учиртай. Хууль төгс хэрэгжихэд мэдээж хугацаа шаардлагатай. Гэтэл тамхи ширхэглэн зардаг хүмүүсээс эхлээд, үйлдвэрлэгчид, импортлогчид тамхичдаас гарын үсэг цуглуулж, зарим зүйл заалтыг өөрчлөхийг шаардаж эхлэв. Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн орчноос 500 м-ийн зайд тамхи татахыг хориглоно гэдэг зүйл заалтыг 100 м болгон багасгах санал гаргаж эхлэв. Энэ мэтийн эсэргүүцэл хийгээд, амьдралд үл нийцэх зүйл заалтыг хэрхэх нь гишүүдийн бүр эрхийн асуудал биз. Ямартай ч хүчтэй, дориухан эхэлсэн хууль маань газар авсан тамхины хэрэглээг хазаарлах болтугай.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан