Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Я.Санжмятав: 150 мянган ажлын байр бий болгохоор ажиллаж байна
Шинэчлэлийн Засгийн газар Хөдөлмөрийн яам байгуулж, ажилгүйдлийг бууруулахаар ажиллаж байгаа. Тус яам ажилтай, орлоготой монгол хүн бий болгох зорилт тавиад буй. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай ярилцлаа.

-Хөдөлмөрийн яам байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Ажилгүйдэл их байгаа энэ үед  яамны зүгээс ямар бодлого барьж ажиллаж байна вэ?

-Манай нам “Ажилтай, орлоготой монгол” хөтөлбөрийг УИХ-ын сонгуулиар дэвшүүлэн тавьсан. Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдахдаа Хөдөлмөрийн яамыг шинээр эмхлэн байгуулсан нь ч үүнтэй холбоотой. Өмнөх Засгийн газрын үед байсан нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөрийн асуудлыг хариуцсан яам нь гол төлөв нийгэмд чиглэсэн ажил хийж, сүүлийн 20 гаруй жил намууд сонгуульд оролцохдоо халамж, тэтгэвэр амладаг байлаа. Үүнээс болж иргэд хавтгайрсан халамж хүртэн бэлэнчлэх сэтгэлгээтэй болж, ажил хийх сонирхолгүй болчихсон байсан. Саяхан МУИС-иас ажилгүйдлийн талаар судалгаа хийхэд иргэдийн 50 гаруй хувь нь хөдөлмөр эрхлэх сонирхолгүй гэсэн дүн гарсан. Тиймээс иргэдийг ажилтай, орлоготой байлгахын тулд эхний ээлжинд ажлын байрыг нэмэгдүүлэх, ингэхийн тулд манай яам хувийн хэвшлийнхэн болон Ажил олгогч эздийн холбоотой хамтран ажиллах хэрэгтэй болсон. Өөрөөр хэлбэл, хүнээ хөгжүүлэх шаардлагатай байгаа.

Хөдөлмөрийн биржид өнөөдрийн байдлаар ажилд орохыг хүссэн 31 мянган хүн бүртгүүлсэн бол 28 мянган ажлын байрны  санал байна. Энэ хоёр тоо ойролцоо байгаа ч иргэд тухайн компаниудад сонгогдоод ажил хийх гэхээр шаардлага хангадаггүй. Ажиллах хүч хэрэгтэй ч тухайн хүн хөгжиж, дэвжих шаардлагатайг нэг талаар харуулж байгаа юм. Энэ утгаараа МСҮТ-ийг Хөдөлмөрийн яамны харьяанд өгсөн. Өнөөдрийн байдлаар 50 гаруй коллеж, политехникумд 70 гаруй мянган хүүхэд суралцаж байна. Энэ жил 5000 мянган хүүхэд төгсөх юм. Нөгөөтэйгүүр нэг мэргэжлээр олон хүүхэд төгсч гарахаар ажлын байргүй үлдэх гээд байдаг тал бий. Тиймээс манай яам захиалгаар мэргэжилтэн бэлтгэхээр ажиллаж байна. Тухайлбал, компаниуд замчин, экскавоторын жолооч, арматурчин авах саналтай байгаа бол хичээлийн хөтөлбөрт нь энэ чиглэлийн хичээлийг түлхүү оруулж, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөр боловсрууллаа.

-”Оюу толгой” төслөөс санхүүжүүлж 6000 хүнийг ажлын байраар хангана гэж байсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?

-Богино хугацааны мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн. Ирэх сарын 1 гэхэд мэдлэг олгох хичээл нь дуусч, үргэлжлүүлээд гурван сар үйлдвэрлэлийн дадлага хийнэ. Хуучин тогтолцоогоор онолын мэдлэгийг 70 хувь олгож, үлдсэнд нь дадлага хийдэг байсан бол үүний харьцааг нь өөрчилсөн. Өөрөөр хэлбэл, ямар нэг мэргэжлээр сурч байгаа хүн хамт олон дунд баазад нь дадлага хийх орчин нөхцөл  бүрдүүлэхээр ажиллаж байгаа. “Оюу толгой”-н захиалгаар хүүхдүүд сурч байна. Сурах хугацаандаа сар бүр 190 мянга, дадлага хийх гурван сарын хугацаанд мөн 190 мянган төгрөгийн цалинтай ажиллах юм.

-ЖДҮ-ийн газрыг танай яамны харьяанд өгсөн. Энэ жил хэчнээн төгрөгийн зээл олгосон бэ. Зээлийн эргэн төлөлтөөс орж ирж буй мөнгийг сумдад хуваарилж байгаа гэсэн үү?

-Ажлын байр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд ЖДҮ-ийн сан өнгөрсөн хугацаанд 340 гаруй тэрбум төгрөгийн зээл олгосон. Энэ жил шинээр нэмж зээл олгоогүй. Эргэн төлөлтийн ажил эхэлж байна. Эхний ээлжинд орж ирсэн 13.5 тэрбум төгрөгийг аймгуудад хуваарилсан. Энэ жилээс орон нутагт, тухайн аймаг, сумын удирдлагуудад санхүүжилтийг нь өгөхөөр шийдвэрлэсэн. ЖДҮ-ийн сангийн мөнгөө зөв зарцуулсан, ямар нэг зөрчилгүй аймгуудад мөнгө шилжүүлж байна. Сум хөгжүүлэх санд 24 тэрбум төгрөгийн санхүүжилт бий. Үүнийг хамгийн жижиг, цөөн хүн амтай суманд 50, аймгийн төвд 600 орчим сая төгрөг төвлөрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, аймгаар дамжихгүйгээр шууд сумдын Сум хөгжүүлэх санд шилжүүлсэн.

Мөн бид Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн хүрээнд ажлын байр нэмэгдүүлэх, богино хугацааны сургалт зохион байгуулах, түр ажлын байр бий болгох зэргийг мөрийн хөтөлбөртөө тусгаад байгаа.

-Хөдөлмөрийн биржид ажилгүй иргэд бүртгүүлэх нь хойрго байдаг. Энэ ажлыг хэрхэн эрчимжүүлж байна вэ?

-Улсын хэмжээнд 75 мянган ажилгүй иргэн бий гэсэн тооцоо байдаг. Эдгээрээс 30-45 мянга нь идэвхтэй ажил хайж, үлдсэн нь малчид болон газар тариалан эрхлэгчид байх жишээтэй. Хөдөлмөрийн бирж иргэдийг идэвхтэй бүртгэж байгаа. Үүнээс гадна хороо бүрт “e-birj” цахим машин суурилуулсан. Иргэд хороондоо очиж хаана, ямар ажлын байр байгааг үзэх боломжтой. Ирэх сараас шинэ төсөл хэрэгжүүлэхээр болсон. Интернэттэй сумдад энэ бирж ажиллахын зэрэгцээ одоогийн байдлаар аймгийн төвүүдэд тус бүр хоёр цахим бирж бий. Бид дотооддоо ажлын байр бий болгож, хүмүүсээ чадавхижуулан, биржэд бүртгэлтэй байгаа ажилгүй иргэдийг богино хугацааны сургалтад хамруулж ажлын байраар хангах бодлого барьж байна. Харин гадаад руу ажиллах хүч гаргах явдлыг багасгах зорилт тавьсан. Өөрөөр хэлбэл, өмнө нь дундаж цалин 300-400 мянга байхад иргэд харийн орон руу очиж ажиллаад 1-1.5 сая төгрөгийн цалин авдаг байсан. Одоо Монголд байдал харьцангуй өөр болсон. Дундаж цалин 598 мянга болсон байна. Томоохон компаниуд 1-2 сая төгрөгийн цалин өгөөд ажиллуулж байна шүү дээ. Нөгөөтэйгүүр гадаадаас ирж ажиллах хүчийг аль болох бууруулахаар ажиллаж байна. Гадаадын харьяатын тухай хуульд нийт хүн амын гурван хувиас хэтрэхгүй гадаадын иргэд ирж ажиллаж болно гэсэн заалт байдаг. Манайхан барилга болон бусад салбарт урд хөршөөс нэлээдгүй ажиллах хүч оруулж ирдэг. Үүнийг багасгана. Гэхдээ нарийн мэргэжлийн мэргэжилтэн манайд байхгүй. “Оюу толгой” болон цементийн үйлдвэрийн угсралтад ажиллах монгол хүн ховор. Тиймээс эхний ээлжинд гадаадаас хүч авахаас өөр аргагүй байна. Монгол хүн ажиллах боломжтой бүхий л салбарт иргэдийг авч ажиллуулна.

-Нарийн мэргэжлийн мэргэжилтэн дутагдалтай учраас гадаадаас ажиллах хүч авч байна гэлээ. Эдгээр мэргэжилтнийг дотооддоо бэлтгэх боломж бий юү?

-МСҮТ-д 1.5-2 жил сурч мэргэжилтэй ажилтан болчихоод үйлдвэр дээр хоёр жил ажиллаад дараагийн шатны боловсрол эзэмшиж бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн болох бололцоо бий. Тэр хэрээрээ цалин хангамж нь харилцан адилгүй байна. Тухайлбал, гагнуурчин, ажилчин хоёр зэрэг дэвээсээ хамааран  цалин нь өөр байх жишээтэй. Тэр ч утгаараа Хөдөлмөрийн яам аймгуудад ажил мэргэжлийн уралдаан зарлаж дүгнэдэг. Энэ нь иргэдэд тухайн мэргэжлийг сурталчлах давуу тал бий болгодог.

-Өнөөдрийн байдлаар ямар салбарт ажиллах хүч хамгийн их дутагдалтай байна вэ?

-Их бүтээн байгуулалтын ажил явуулж, ажлын байр нэмэгдүүлснээр ойрын гурван жилд ажиллах хүч, хүний нөөцийн дутагдалд орох байдал ажиглагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, ажилгүй иргэд дотооддоо богино хугацаанд сурч ажлын байраар хангагдсанаар зам, барилга, уурхай, бүтээн байгуулалтын ажил ид өрнөж буй манай оронд хүн хүчээ зөв хуваарилахгүй бол хомсдолд орж болзошгүй. Бид 150 мянган хүний байнгын ажлын байр бий болгох зорилт тавиад байгаа. Манайд төмөр зам, хатуу хучилттай замд ажиллах хүч хэрэгтэй байна. Одоогийн байдлаар энэ ажилд 80 мянган хүн хэрэгтэй байгаагийн 50 мянга нь ажиллаж буй учраас 30 мянган хүнийг ойрын хугацаанд нөхөх шаардлагатай байна. Тиймээс иргэд Хөдөлмөрийн биржэд хандаж, богино хугацааны сургалтад хамрагдан, цагийг зөв зохистой ашиглан, хувийн сахилга баттай байвал компаниуд хэнийг ч голохгүйгээр ажилд авдаг болсон.

-Ажилгүйчүүдийн цөөнгүй  хувийг 45-аас дээш насныхан эзэлдэг. Тэднийг ажлын байраар хангах хөтөлбөр боловсруулж байгаа гэж сонссон.

-Бид 40-өөс дээш насныхны “Хөдөлмөр эрхлэлтийн дэд хөтөлбөр”-ийг боловсруулж байна. Энэ хөтөлбөрөөр дамжуулан хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа. Хөдөө орон нутагт эзгүй талд гал түймэр гарч, уул уурхайн компаниуд хайгуул  хийж байна гээд түүх соёлын дурсгал, хиргисүүрийг ухаж төнхөх явдал бишгүй гардаг. Энэ бүхэнд орон нутгийн удирдлагууд ажилгүй байгаа 45-аас дээш насны иргэдээ татан оролцуулж ажлын байраар хангах боломжтой. Энэ ч утгаараа бид “Эзэнтэй монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо. Олон мянган га газар шатаад улсад хэдэн зуун сая төгрөгийн хохирол учирдаг. Үүнийг харж хамгаалуулах хүнтэй болгосноор энэ бүхэн багасах юм. Мод зүлгээ тариад тухайн байгууллагын гаднах  тохижилтын ажлыг 45-аас дээш насныхан ч хийх боломжтой. Зарим нэг зөвлөх үйлчилгээнүүдийг тэтгэвэрт гарсан ахмадуудаар хийлгэж, тодорхой хэмжээний урамшуулал өгч болно. Гэнэтхэн бүх юм сайн сайхан болчихгүй. Санаачлаад хийж буй ажлуудын үр дүн тодорхой хугацааны дараа үр өгөөжөө өгөх байх. Хөдөлмөр эрхлэх насны бүх хүн  ажиллаж байж Монгол Улс хөгжинө, нөгөөтэйгүүр ажилтай хүн орлоготой болно, орлоготой айл өөдлөн дэвжих учиртай. Хүн бүр хичээгээд зүтгэвэл манайд ажлын байр хангалттай бий. Гэтэл манай иргэдийн дунд голж шилэх асуудал их байна. Хүн бүр өөрийн чадах зүйлийг л хий. Үүний дараа танд дараагийн боломж гарч ирнэ шүү дээ. Тиймээс манай яам иргэдийг соён гэгээрүүлэх талаар холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна.

-Сумдад 150 сая төгрөг хуваарилсан гэж байсан. Энэ мөнгийг тухайн сум юунд зарцуулах юм бэ?

-Сум хөгжүүлэх санд орсон энэ мөнгөөр орон нутгийн удирдлагууд иргэдийнхээ хяналт дор жижиг дунд үйлдвэрийн зээл олгох, өрхийн бизнесийг дэмжихэд нь зориулах гэх мэт ажлын байр нэмэгдүүлэх чиглэлээр манай яамны салбар Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран зохион байгуулах юм.

-Алслагдсан сумдад жижиг дунд бизнес эрхлэх нөхцөл хүнд байдаг учраас тэнд ажилгүй, орлогогүй иргэд байсаар л байгааг орон нутгийн удирдлагууд хэлдэг.

-Монгол орны 14-15 орчим сумаас бусад нь эрчим хүчтэй болсон. Гэрэл цахилгаан хамгийн чухал. Ийм нөхцөл бүрдсэн үед боломжгүй гэж хэлж болохгүй. Учир нь, сумын төвд байгаа иргэд Жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас зээл аваад талх, нарийн боов, ус, ундааны цех ажиллуулж болно. Мөн тухайн сумынхаа айл өрхүүдийн хэрэглээний цагаан бүрээс, цаваг ямбуу, гэрийн модыг үйлдвэрлэж болно шүү дээ. Үйлдвэрлэлээ хөгжүүлээд, материалаа татаад явах бүрэн боломжтой. Манай суманд ЖДҮ хөгжих ямар ч боломжгүй гээд сууж байгаа Засаг дарга байвал шууд ажлаа өгөх хэрэгтэй. Мөнгийг нь өгчихлөө түүнийгээ ашигтай төсөлд зарцуулаад явах боломж байна. Аймгийн төвөөс татсан хатсан, хөгцтэй талх нарийн боов идэх үү, эсвэл тухайн суманд нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн дэлгүүрийн лангуун дээр байвал хэнд ч таатай биз дээ. Энэ бүхнийг хангахын тулд бид саяхан ЭЗХЯ, ҮХААЯ, БХБЯ-тай хамтран 168 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг орон нутаг руу явууллаа. Тэд ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх хүрээнд хаана ямар ажил эхлүүлэх шаардлагатай байгааг газар дээр нь очиж судлах юм. Өмнө нь манай суманд тийм зүйл хэрэгтэй гээд аймаг руугаа, аймаг нь Улаанбаатар руу албан бичиг явуулдаг байсан жишгийг хална. Нэг суманд мах, сүү, ноос боловсруулах болон бусад чиглэлийн үйлдвэр нэг дор байх шаардлагагүй. Өөрөөр хэлбэл, ойролцоохь таван  сум хоорондоо ярилцаж байгаад хаана нь ноос боловсруулах үйлдвэр барих эсэхээ шийдээд сум бүр нэг үйлдвэртэй болж болно. Ажлын хэсэг иргэдийн саналыг нэгтгэж, бодлого боловсруулах юм. Бодлогоо боловсруулсныхаа дараа орон нутгийн удирдлагуудыг Улаанбаатарт цуглуулж мэдээлэл өгч, яам хариуцсан мэргэжилтэн томилно. Бид алсаас хөдөө хөгжихгүй байна, орон нутагт тийм ийм ч зүйл болохгүй байна гэх явдлыг ор мөргүй арилгана. Тийм ч учраас Хөдөлмөрийн яамны ажилтнууд энэ зуны амралтаараа орон нутагт очиж ажиллана. Долоо хоногийн хугацаанд тухайн суманд ажиллаад ирэхээр түүнийг хэрхэн хөгжүүлэх чиг гараад ирнэ шүү дээ. Яамны бүх ажилтнууд 330 гаруй суманд ажиллаад бүсчилсэн сургалт зохион байгуулж, хөгжлийн бодлогоо тодорхойлно. Үүний дараа ажлуудаа явуулах юм.

-Хөдөлмөрийн тухай хуулийг шинэчлэхээр болсон гэсэн. Хуульд ямар өөрчлөлт оруулах вэ?

 -Хөдөлмөрийн хуулийг шинэчлэх ёстой. Энэ хуулийг боловсронгуй болгож, ирэх намрын чуулганаар оруулахаар төлөвлөөд байна. Өөрөөр хэлбэл, хуульд нийгмийн хариуцлагын тухай тусгах шаардлагатай байгаа. Нэг компанид ажиллаж байгаад дураараа гардаг эсвэл тухайн компани хүнийг ажиллуулж байгаад цалинг нь дутуу өгөөд явуулчихдаг. Энэ бүхнийг хуулиар зохицуулах ёстой. Мөн цалин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цагийн түр ажлын байр бий болгох, оюутнуудыг ажилд татан оролцуулах, баталгаатай ажлын байр зэргийг хуульд оруулж өгөх юм.  
0 Сэтгэгдэл
Сайхан үгээр сайн ярьдаг Эби ерөнхийлөгчөөс ард түмэнд залхсан. Яг ийм стильтэй Женко Ганбаа 2ийг аль нэгийг сонговол төр тогтворгүйдэж, Иргэний дайн ч гарч болзошгүй. Сэтгэл хөөрөл ихтэй энэ хүмүүсийг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч болгож болохгүй.
Хамгийн их уншсан