Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НҮҮРС, ХИМИЙН ЦОГЦОЛБОР БАРИХ ТӨСӨЛД ХАМГИЙН ОЛОН КОМПАНИ СОНИРХЛОО ИЛЭРХИЙЛСЭН
ҮХАА-н дэд сайд Б.Цогтгэрэлээс Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор төслийн хөрөнгө оруулалтын талаар тодрууллаа.

-“Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” төслийг эхлүүлэхээр Засгийн газраас эхний ээлжийн хөрөнгө оруулалтыг шийдчихлээ. Энэхүү мөнгөөрөө хамгийн түрүүнд хийж эхлэх ажлууд гэвэл?
-Засгийн газраас Сайншандад аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг эхлүүлэхээр эхний ээлжинд 14,1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Энэ мөнгөөр юун түрүүнд суурь судалгаануудаа хийнэ. Эрчим хүч, байршил зүй, байгаль орчны судалгаануудыг эхлүүлнэ.  Мөн төслийг зохион байгуулан удирдах гадаадын томоохон туршлагатай компанийг сонгох шалгаруулалтаа хийнэ. Хуулийн томоохон фирм энэ төсөл дээр ажиллах учраас сонгон шалгаруулалт явуулах бэлтгэлээ хангаж байна.
-Тендер гэдэг багагүй цаг хугацаа шаарддаг. Бодит ажил эхлэх хугацааг хэрхэн тооцсон бэ?
-Нэн даруй тендерээ зарлах ёстой. Бидэнд хуулийн дагуу тендерт ялагчаа тодруулахад багагүй хугацаа хэрэгтэй болно. Ямар ч байсан бүх ажлаа эхлүүлэхэд дор хаяж хоёр сарын хугацаа шаардлагатай. Бидний хүсч байгаа зүйл бол мэдээж аль болох хурдан ажлаа эхлүүлэх.
-Суурь судалгааны ажлыг яг юунаас эхлүүлэхээр товлоод байна. Төр хувийг хэвшлийн хамтын ажиллагааг хангах боломжийг хэрхэн зохицуулах бол?
-Байгаль орчны судалгаа хийж, усны тогтвортой нөөцөө тодруулж байж л  дараагийн  техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлаа эхэлнэ шүү дээ. Нөгөөтэйгүүр, бидэнд  аж үйлдвэрийн ийм том хэмжээний парк байгуулсан туршлага байхгүй. Тиймээс томоохон төслийг гардан хийсэн гадаадын томоохон компаниудыг урьж оролцуулах, ажиллуулах нь тодорхой. Мөн тэрхүү компаниа Монгол Улсын  хууль тогтоомжинд нийцүүлэн, Монголын талтай харилцан ашигтай ажиллах зохицуулалтыг хийхэд хуульзүйн туршлагатай зөвлөхүүдийг ажиллуулна. Усны судалгаа бол хамгийн тэргүүнд хийгдэнэ. Дэд бүтцийн судалгааны хувьд автозам, төмөр замыг хооронд нь хэрхэн уялдуулах вэ, үйлдвэрээ хэрхэн, яаж байршуулах вэ хамгийн түрүүнд аль үйлдвэрээ байгуулах вэ гээд  Монголын төрд дарамт багатайгаар төр, хувийн хэвшлийн хамтын оролцоотойгоор энэ ажлуудыг зохион байгуулна
-Одоогоор Сайншанд төсөл дээр хамтран ажиллах саналаа илэрхийлсэн компани байна уу?
-Нүүрс химийн цогцолбор  барихаар тав, зургаан компани сонирхлоо илэрхийлсэн. Мөн төмөрлөгийн цогцолбор, цахилгаан станц барих сонирхолтой компаниуд ч байна.  Ер нь, Сайншанд манай түүхий эд экспортлох гол зангилаа төв болох учраас тэнд баригдах дэд бүтэц нь эдийн засгийн хувьд их ашигтай байж чадах юм. Тэгэхээр зөвхөн гадаадын ч гэлтгүй дотоодын томоохон компаниуд маань хөрөнгө оруулах замаар цогцолбороо бүтээн босгох боломж нээлттэй байгаа.
-Концессын гэрээгээр энэ төсөлд оролцох боломжийн талаар ярьж байсан?
-Концессын гэрээгээр барьж болно. Шууд хөрөнгө оруулалтын журмаар ч барьж байгуулах боломжтой.

Н.Бат


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан