Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

СОНГУУЛИЙН ЗОЛИОС

Хамтарсан Засгийн газрын хувь заяаг Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хуралдаанаар шийдсэн өдөр 2012 оны нэгдүгээр сарын 13-ны баасан гараг байв. АН МАН-тай хамтарсан Засгийн газар энэ өдрөөс хойш “амьдарч чадахгүй” болсныг олон талаас нь тайлбарласан. Гэвч үүнийг л хүлээж байсан мэт МАН-ын ганцаарчилсан багаас бүрдсэн нэг намын Засгийн газрын балаг үүгээр хөшгөө нээв. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгууль хаяанд ирснийг сануулах мэт гурван жил таг чиг сураггүй байсан ажлууд эхлэхээр болж бүгд “хөдөлгөөнд орж” гүйлдсэн. Гэхдээ үнэхээр ажил хийхээр гүйлдээд байсан уу гэвэл эргэлзээтэй. АН-ын сайд нар Сү.Батболдын танхимыг орхин гарч явмагц ажил эхэлдэг нь сонгууль угтсан улс төр гэдэг нь хэнд ч ойлгомжтой байлаа. Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Ц.Дашдорж дөнгөж болсон даруйдаа хоёрдугаар сарын эхээр 2012 онд багтааж эхлүүлэх гурван том ажил байгааг танилцуулжээ.

Тэр дунд нь “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр байв. Хөрөнгө оруулалтыг нь Засгийн газрын төвшинд бүрэн шийдвэрлэх боломжтой гэв, хэдхэн сарын “настай” сайд. Түүнийг ингэж мэдэгдсэнээс хойш жилийн зургаан хувийн хүүтэй, Засгийн газрын хөтөлбөрийн тухай амнаас ам дамжсаар иргэдэд бага ч болов итгэл төрүүлж орхисон. Энэ сургаар үл хөдлөх хөрөнгөгүй гэсэн лавлагааны алгын чинээ цаас авахаар хүмүүс Улсын бүртгэлийн ерөнхий газрыг оочер дарааллаар нураах шахав. Ямар нэг байдлаар үл хөдлөх хөрөнгө хамтран  эзэмшдэг гэж лавлагааны хуудсанд гарч ирсэн бол нэрээ хасуулахаас эхлээд ажил ар араасаа ундарсан. Бага хүүтэй зээл төлж, орон сууцтай болох гэсэн монголчуудын эмзэг цэгийг тэд яахын аргагүй олж чадсаан. Эргэлзээ байсан ч яаран сандран зарласан хөтөлбөрийн ирээдүйд авчрах үр дүнг тооцоолох сөхөө байсангүй.

МАН, АН-ын хамтарсан Засгийн газрын үед баталсан ч хэрэгжиж эхлээгүй байсан “100 айлын орон сууц” хөтөлбөр Сү.Батболдын шинээр эмхэлсэн Ардын намынхны Засгийн газрын үед ингэж эхлэв. Яг л жилийн өмнөх үйл явдал юмдаг. Хэрэгжүүлэгчээр арилжааны банкуудыг сонгоно гэж байсан ч зөвхөн Төрийн банкинд бүх эрх мэдлийг олгосон нь дараагийн нүүдлээ тооцоолсон мэт. Төрийн банкны ТУЗ-ийн гишүүн байсан Сангийн яам, ХЗДХЯ-ны холбогдох есөн  албан тушаалтан ашиг, орон сууцны дэмжлэг гэж нийтдээ хоёр тэрбум төгрөг авсан нь тодорхой болов. Хөтөлбөрийн санхүүжилт хийгдэлгүй гэж хэдэн сараар сунжирч, иргэдийг чирэгдүүлдэг Төрийн банк ТУЗ-ийнхөө гишүүдэд ашигтай ажилласны хувь тараагаад сууж байсан гашуун үнэн саяхан илчлэгдлээ. Албан тушаал, танил талаа харж зээл олгодог гэдэг Төрийн банк  хөтөлбөр бүтэлгүйтсэний гол буруутан. Эцэст нь зээлээ авч чадаагүй ч орон сууц нь ашиглалтад орж, барилгын компанидаа алданги төлж, хадны завсар хавчуулагдсан хохирогчид өлсгөлөндөө тулаад буй. Харин ийм ээдрээтэй байдалд оруулснаа умартсан хэсэг бүлэг хүмүүс хохирогчдын өлсгөлөнгөөр далимдуулж улс төр хийх нь хамгийн эмгэнэлтэй. Орон сууцны хөтөлбөрийг зарласан Сү.Батболдын Засгийн газарт Гадаад харилцааны сайд байсан Г.Занданшатараар манлайлуулсан МАН-ынхан уржигдар Сүхбаатарын талбайд буй хохирогчидтой уулзав. Бидний эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэхгүй юм бол Ерөнхий сайд Н.Алтанхуяг огцор” гэчихээд яваад өгнө билээ. Энд нэг зүйл сануулах нь зөв байх. МАН-ынхан орон сууцны хөтөлбөрөөр барьцаа хийж, сонгуулийн шоугаа амжилттай эхлүүлсэн ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. Тийм болохоор энэ дөрвөн жилийн турш АН, МАХН, МҮАН, ИЗНН-ын хамтарсан Засгийн газрыг унагана гэж айлгах хөзрөө нэг нэгээр нь дэлгэж эхэлсэн бололтой. Сүрхий ажил эхлүүлсэн мэт заавал үргэлжлүүл гэж тулгах. Тэртээ тэргүй  эл орон сууцны хөтөлбөр хангалттай олон баримтаар сонгуулийн шоу байсан нь харагдаад байгаа. Бидний ажлыг үргэлжлүүлж чадаагүйгээс болж хүмүүс хохирч өлсгөлөн зарлаад байна гэж ярилцлага телевизээр гарч, улаан цайм шоудаж буйд иргэд дургүйцэнэ. Өвөрхангайн хоёр нэр дэвшигчийнхээ төлөө УИХ-ын чуулганы танхимын үүдийг буйдангаар таглаж суулт зарлаж, талбай дээр жагсаал хийсэн шигээ сүр дуулиантайгаар өмгөөлөхгүй нь ойлгомжтой.

ЗТБХБ-ын сайд асан  Ц.Дашдоржийн хэлсэнчлэн “Хөгжлийн банк” хөрөнгө оруулалтыг найдвартай авч явахаа илэрхийлсэн” гэдэг үг худал байв уу. Төрийн сайд хүн худлаа ярьж болдог байх нь. Тэгвэл шинэчлэл хийхээр гарсан Засгийн газар энэ алдаатай шийдвэрийн шийдлийг олж, гарц хайхаа амласан. Орон сууцны нэг  ам.метрийн үнийг нэг сая төгрөгт багтаана гэсэн амлалт хэзээ хэрэгжих вэ, Ерөнхий сайд аа. 2008 оны сонгуулиар нэг, 1,5 сая төгрөгийн амлалт өгч сонгогдож байсан эрхмүүдийн ээлжит балаг одоо болтол өр зээл, дарамт болсоор. 

Өмнө нь мөнгөн амлалтаар молиго үмхүүлдэг байсан улстөрчдийн ээлжит шоу иргэдийнхээ хурааж, хуримтлуулсан хэдийг нь үрэн таран хийж, өрөнд унагааж, заримыг нь орон гэр ч үгүй болголоо. Сонгуулийн шоуны ээлжит золиос болсон хөөрхий иргэд хаврын хавсарганаар Сүхбаатарын талбайд хэвтэж байна. Гацаанаас гарах арга замыг нь олж, шийдэхээс илүү урдуур хойгуур гүйж, хохирогч өлсөгчдөөр фона хийж, ярилцлага өгч, улс төржүүлэхгүй байх хүн чанарын хэлтэрхий үлдээ байгаа даа, улстөрчдөд.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан