Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаврын эмгэг
Хаврыг хүмүүс янз бүрээр мэдэрдэг байх. Хүн бүр гэхээсээ илүү улс орнууд өөр өөрийн онцлогоор мэдэрдэг. Хамгийн ойрын жишээ л гэхэд арлын Япончууд сакура цэцэглэхээр хавар ирлээ хэмээн бэлгэшээдэг байх юм. Харин манайд бол мод гөлөглөж, ичигсэд хөдөллөө хэмээн бэлшээдэг байсан цаг ард үлдсэн. Одоо харин жагсаал цуглаан эхлэхээр л хавар боллоо гэдгийг бүрэн утгаар нь мэдэрдэг болж. Үүнийгээ бид хаврын эмгэг гэж нэрлээд ч мөн багагүй хугацааг үдэж шүү. Яагаад гэвэл Үйлдвэрчний эвлэлийн Ганбаа, Гол нууруудын нэгдсэн холбоо, Анодын хохирогчид, Хадгаламж зээлийн хоршоодын жагсаалаар сэрсэн хаврыг тоолбол урт дараалал үүсэх байлгүй.
Энэ хаврын эмгэгийн тухайд эмэгтэйчүүдийн цуглаанаар эхлэв. МАХН-ын захиалгаар “Эхчүүдийн их хуралдай” гэх 1000 ээжийн цуглааныг АСА циркт зохион байгуулав. Мэдээж ээжүүд МАХН-ын дарга Н.Энхбаярыг хэлмэгдүүлж байна, ялаас чөлөөлж, шоронгоос суллахыг шаардав. Хуралдайгаас гарсан шийдвэрээ Ерөнхий сайд болон Ерөнхийлөгчид хүргүүлж шахалт үзүүлнэ гэхчлэн үлгэрийн сайхан зүйл ярьсан. Гэхдээ манайхан хуралдсан хуйвалдсан болгоноо хуралдай хэмээн нэрийдээд байгаа болохоос жинхэнэ хуралдай гэж юу эсэхийг хэн ч хэлж өгөөгүй л байна. Хаврын эмгэгийн эхний шинж тэмдэг энэ байлаа.
Тэгвэл хаврыг жинхэнэ мэдрүүлсэн жагсаал бол 100 мянган айлын орон сууц хөтөлбөрийн хохирогчид байв. Тэд Хамтарсан Засгийн газрын үед эл хөтөлбөрт хамрагдаж орон сууцтай болох гэж хашаа байшин, машин тэргээ зарж байрны урьдчилгаа өгчээ. Ингээд бүтэн нэг жил болоход байр ч үгүй хоцорч, даранчгүй дээрээс алданг төлж эхэлсэн болохоор ийн бухимдлаа илэрхийлж талбай дээр гарсных учир энэ. Жагсахаас өлсөхийг илүүд үзсэн иргэд Сүх жанжны талбайд гэр барихаар зүтгэсэн ч хагас дутуухан хэрэгждэг хуультай юм болохоор тэдний хүслээр болоогүй. Жагсаал хийсэн иргэдийн хувьд Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуягийг энэ хөтөлбөрийг үргэлжүүлж иргэдийг хохиролгүй болго гэсэн шаардлага тавьж байв.
Ер нь, ямар нэгэн жагсаал цуглааныг улс төрийн аль нэг нам дэмжиж, тус намын төлөөлөл нь гудамжинд гарахаараа улам л гоё болгож, чимдэг “дүрэмтэй”. Түүний нэгэн адилаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар болон УИХ-ын гишүүн асан Д.Очирбатыг нарыг хэн ч дуудаагүй байхад орон сууцтай болохоор тэмцэж байгаа иргэдийг дэмжиж Тусгаар тогтнолын ордноосоо Сүхбаатарын талбайд гарч ирэв. Тэднийг харах бүрт хавар иржээ гэдгийг мэдэрсэн. Учир нь, жагсаал цуглаан ямар нэгэн болохгүй зүйлийн эсрэг байдаг бол түүгээр нь дамилдуулж шоу хийхийг л хаврын эмгэг буюу Монгол орны хавар гэж нэрлэх гээд байгаа юм шүү дээ.
Өмнөх жилүүдэд ч ийм л байдлаар хавар ирсэн. Ард түмний их хуралдай гээчийг төрийн бус байгууллагынхан цуглан хуралдуулж, Онги голын Мөнхбаяр хаваржаагаа андуурч Сүхбаатарын талбайд ирж бууж билээ. Түүнийг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр болон одоогийн УИХ-ын гишүүн Г.Уянга, Д.Батцогт тэргүүтнүүд дэмжиж “урин хаврыг” авчирч байлаа.  
Иргэдийн эхлүүлж, МАН-ын удирдлагуудын түрсэн хаврын эмгэгийн халдвар Баянзүрх дүүргийн иргэдэд салхиар туугдан хүрчээ. Тэд өнөөдөр дүүргийнхээ Тамгын газрын үүдэнд жагсч, дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдавааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв.
Шалтгаан нь, ердөө л Засаг дарга Д.Пүрэвдавааг хууль биелүүлэхгүй байна гэж үзжээ. Тиймээс хотын мээр Э.Бат-Үүлд хандаж, “Төрийн албанд ажиллаж үзээгүй, туршлагагүй хүнээ Засаг даргын хариуцлагатай ажлаас татаж ав. Мөн Д.Пүрэвдаваа даргыг хууль биелүүлэл” гэхчлэн шаардлага тавьж. Ийм л байдлаар эх орны нийслэл Улаанбаатар хотод хаврын урь оров. Ханш нээгдэж, жагсагчид ичээнээсээ хөдөлж байгаагийн цондон юм байлгүй дээ.

Г.Даваа
0 Сэтгэгдэл
нээрээ тийм байна
Хамгийн их уншсан