Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхийлөгч гэр хорооллын иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн бямба гарагт Баянзүрх дүүргийн захын буюу 23 дугаар хорооны иргэдтэй уулзаж, саналыг  сонслоо. Уулзалтын үеэр иргэд хүүхдийн сургууль, цэцэрлэг хүрэлцээгүйг онцлон дурдаж, Улиастай, Хужирбулан, Гачууртын дунд өвчтөн хэвтэж эмчлүүлэх эмнэлэгтэй болох, зам засварын ажлыг нөхөөс төдий хийдэг нь ганцхан жилийн дотор эргэж ховхордог, автобусны зарим буудлын байршил оновчгүй, газрын зөвшөөрөлгүй, гэрэл цахилгаангүй айл өрх олон, ажилгүйдэл их, хорооны нутаг дэвсгэрийн заагийг нарийн тогтоож өгөх шаардлагатай, хүүхэд, залуус тоглох талбай, иргэдэд үйлчилдэг соёлын төв хэрэгтэй байгаа талаар саналаа хэлэв. Ерөнхийлөгч “Тамхины эсрэг хууль сайн хэрэгжиж эхэлж байгаад баяртай байна. Одоо архины эсрэг ийм хатуу хууль гаргах шаардлагатай байна” гэж хэлж байлаа. Дүүргээс нь УИХ-д сонгогдсон гишүүд иргэд сонгогчидтойгоо уулздаггүй талаар иргэд Төрийн тэргүүндээ дуулгаж байсан юм.

Ерөнхийлөгч иргэдийн байр суурь, саналыг сонсч, тэдний олон асуултад хариулт өгөхийн зэрэгцээ “Баянзүрх дүүрэг бол 280 мянган хүн амтай Монгол Улсын хамгийн том засаг захиргааны нэгж. Монгол Улсын 2,8 сая хүн амын 10 хувь нь тус дүүрэгт амьдарч байна. Баянзүрх дүүрэгт орон нутгийн хөгжлийн сангаас 4,4 тэрбум төгрөг хуваарилсан. Үүнийг иргэдийнхээ оролцоо, саналыг үндэслэн юунд зарцуулахаа шийдэх ёстой. Иргэд санаачилгатай байж өөрийнхөө амьдралыг дээшлүүлэхийг зорьж ажилламаар байна. Цаашид халамжийг хавтгайд нь биш, тэтгэврийнхэн, хүүхэд, оюутан, хөдөлмөрлөх чадвараа алдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 20-40 насны залуу ээжүүд гэсэн  таван бүлэг хүмүүст чиглүүлэх бодолтой байгаа” гэж онцлов.
Ингээд алслагдсан гэр хорооллын зарим иргэн ажил, амьдралынхаа талаар Төрийн тэргүүнд ийн ярилаа.

Иргэн В.Намхай­ням­буу:
-Би МоАХ, МоАН-ын анхдагч гишүүний нэг. Хууль, цаг­­даагийн байгууллага шу­дар­га иргэнийг үзэхгүй бай­на. Анхан шатанд сонгох, сонгог­­­­дох эрх зөрчигдөж байна.
 Иргэн Д.Бямбасүрэн:
-23 дугаар хороо 15600 хүн амтай, 11 хэсэгтэй. Хороонд хүүхдийн цэцэрлэг  хэрэгтэй байна. Ойрын хугацаанд цэцэрлэг бариулах хэрэгтэй байна. ХААН, Хадгаламж банкны аль нэгийг Улиастайд байрлуулж өгөх хэрэгтэй байна. Горхины ард 280-300 нэн ядуу, эмзэг бүлгийн хүн амьдарч байгаа. Газрын зөвшөөрөлгүй, тогтой, тоггүй өрх олон байна. Тэдний газрын зөвшөөрлийг нь шийдвэрлэж өгвөл сайн л байна.  
 Иргэн Х.Оргой:
-Эрэгтэй дүүг минь Монголд эмчлэх боломжгүй гэсэн. Зүрхний хүнд хагалгаа хийлгэх ёстой. Өртөг нь маш өндөр. Новосибирскт хийлгэвэл арай дээр юм уу гэж бид бодож байгаа. 35 сая төгрөг шаардлагатай байна. Үүрэн телефоны оператор дөрвөн компанид хандаж, хандивын данс нээлгэх гэхээр дөрөвдүгээр сар гарахаас нааш боломжгүй гэсэн. Цаашид ч бусад хүнд ийм асуудал тохиолдоно. Монгол Улс өвчтэй хүнээ аврахын төлөө яах вэ гэж асууж, санал оруулмаар байна. Мөн Шар дэлгүүрийн буудал дахь автобусны буудлын байршил оновчгүй байгааг шийдүүлмээр байна.
 Иргэн Х.Ичинхорлоо:
-23 дугаар хороонд ардчилсан Ерөнхийлөгч ирж ард түмний санал бодлыг сонсч уулзаж байгаад баяртай байна.
Дарга цэрэг гэлгүй ингэж уулзаж санал бодлоо солилцож ажил төрлөө явуулбал улс нийгэм амархан хөгжинө гэж баярлаж суудаг. Би хөгшинтэйгөө 1989 оноос ардчиллыг дэмжиж, Бат-Үүл дарга, ардчиллын алтан хараацайнууд өлсгөлөн зарлаж байхад очиж ямар учиртайг нь ойлгож мэдэж байсан. Түүнээс хойш 20-иод жил АН-ын гишүүн явж байна. 1990 онд авсан Элбэгдорж даргын гарын үсэгтэй үнэмлэх одоо ч байгаа. Одоо хөгшинтэйгөө хоёулаа тэтгэвэрт.
Улиастайн аманд, Баатархайрханы бэлд 500 чацаргана, хүнсний ногоо тарьж байгаа. Гэтэл улаан шугаманд орсон гээд газрын гэрчилгээ өгөхгүй байна. Тэнд 285 айл байна. Бүгд тоггүй, газрын гэрчилгээгүй, зам нь намагтай. Тог, замын асуудлыг шийдэж өгөөч. Заавал засмал гэхгүй хайрган зам ч болтугай тавьж өгмөөр байна.
 Иргэн И.Чойжилжав:
-Хорооны дэд бүтцийг сайжруулах, инженерийн шугамтай болгох хүсэлт байна. Өндөр настны иж бүрэн эмнэлэг хэрэгтэй байна. 1950-иад онд барьсан 10 дугаар байрыг засч янзлах бүлэг байгуулаад байгаа. Үүнд дэмжлэг хэрэгтэй байна.
Иргэн Д.Дамдинсүрэн:
-УИХ-ын 76-д хэлмээр юм байна. Тэд яагаад Ерөнхийлөгчийн үгийг шигшиж аваад хэрэгжүүлдэггүй юм бэ. Ерөнхийлөгчийг ард түмэн сонгосон шүү. Тэднийг хэдхэн хүн сонгосон шүү. Үүнийг бодмоор юм. Тамхины хуулийг манай иргэд, залуучууд маш их сонор хүлээж авсан. Маргааш нь биелүүлж эхэлсэн. Ажил зохиовол ард түмэн хүлээж авахад бэлэн байгаа шүү, Ерөнхийлөгч өө.
Иргэн Ц.Цэрэнжав:
-Хорооны нутаг дэвсгэрийн зааг, хязгаарыг тодотгох шаардлагатай байна. Голын ай сав дотор дөрвөн хорооны иргэд нийлээд аль нь хаанахынх нь мэдэгдэхгүй шахам амьдардаг.
Булагаас хойш буусан айлуудын дэд бүтцийг хөгжүүлэх, газрын асуудлыг шийдэх асуудал байна. Хуучин цэргийн анги байхад соёлын хоёр сайхан төв байсан. Одоо хаана, хэний мэдэлд байгаа нь мэдэгдэхээ больсон. 350 хүний суудалтай клуб байна. Нийслэлийн Соёлын газрын мэдэлд байдаг гэдэг ч эзэмшил тодорхой биш. Үүнийг цэгцэлж иргэдэд үйлчилдэг Соёлын төвтэй болох хэрэгтэй байна.
 Иргэн Ц.Нандинцэцэг:
-Хүүхдийн цэцэрлэгийн асуудал хүнд байдаг. Шинэ эцэст газар авсан ч цэцэрлэгээ бариагүй. Хуучин эцсийн цэцэрлэг нэг ангидаа 60-70 хүүхэдтэй. Залуучууд ажил хийе гэхээр хүүхдээ хараад гэртээ суухаас өөр аргагүй. Олон хүүхэдтэй гэр бүлд төрийн бодлогыг чиглүүлмээр байна. Гэр хорооллын хүүхдэд тоглох талбай алга. Хороо бүрт хүүхэд, залуус тоглодог хөгжлийн төвтэй баймаар байна.
Хогны асуудал хүнд. Нэг хороо ганц машинтай. Хогоо ачиж дийлдэггүй. Хороонд дор хаяж 4-5 машин байлгамаар байна. Дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд иргэдтэйгээ ирж уулзахгүй байна. Д.Ганхуяг, Д.Арвин, Ж.Батзандан нар сайхан үг хэлж УИХ-д гарч ирээд иргэдтэйгээ уулзахгүй байна. Золбин нохой их. Устгахгүй байна. Тамхины хууль шиг Архины хууль гаргавал архидалт багасана.
 Иргэн Г.Цэвэлмаа:
-Хүүхэд, залуучуудын хүмүүжил, улсын төсвийн зарцуулалт, утаа гуравт ихээхэн анхаарах хэрэгтэй байна. Нөөцийн махыг хэдэн тэрбум төгрөгөөр бэлтгэлээ гэж дуулддаг. Гэтэл нэг тэрбум төгрөгийн үнэтэй мах муутгаж хаялаа гэж дуулдсан. Гэтэл юу ч үгүй ард түмэн олон л байна.
Төсвөөс хэдэн тэрбум төгрөг зарж чанаргүй мах бэлтгэж цөөхөн хүн дундаас нь завшдаг байдал өмнө нь гарч байсан. Үүнд хяналт шалгалт хэрэгтэй. Ардчиллын баатар Бат-Үүл утааны асуудалд л сайн анхаарч, тэмцэх хэрэгтэй. Шантрах хэрэггүй.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан