Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УИХ-ын дарга агаарын бохирдлыг бууруулах технологийг судалж яван

УИХ-ын дарга З.Энхболд АНУ-д хийх айлчлалынхаа хүрээнд эрчим хүчний асуудалд нэлээд анхаарал хандуулж, ялангуяа нүүрснээс шингэн түлш боловсруулан гаргах технологийг илүүтэй сонирхож, уулзалтууд товлосон байна. Вашингтон хотод зочлох үеэрээ Нийслэлийн Засаг даргын тамгын газар АНУ-ын “Женерал электрик” компанитай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэ үеэр тэрээр “Улаанбаатарын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд байгааг шийдэх хамгийн гол арга бол түлшээ солих буюу нүүрснээс гаргасан хийгээр цахилгаантай болох. Нүүрсийг шингэрүүлэх болон хий болгох асуудлаар Америкийн компаниуд хамгийн амжилттай ажиллаж байгаа. Хамгийн анхны, хамгийн том, 40-өөд жил ажиллаж байгаа үйлдвэрийг очиж үзнэ. Магадгүй Америк Монголын хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд байгалийн хийг их хэмжээгээр үйлдвэрлэж, Хятад руу экспортлох боломж ч гарах байх. Гэхдээ юуны түрүүнд Улаанбаатарын агаарын бохирдолтой холбогдуулан цэвэр эрчим хүч үйлдвэрлэх буюу нүүрсийг цэвэрлэх энэ ажлыг хэрэгжүүлэхийн тулд анхаарал хандуулж байна” хэмээн онцолсон байна.

УИХ-ын дарга өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Хойд Дакота мужийн Бисмарк хотод ажиллах үеэрээ “Дакота Газ” үйлдвэртэй танилцсан байна. Тэрээр “Энэ үйлдвэр дэлхий даяар хаягддаг нүүрс хүчлийн хийн давхар исэл болох СО2-ыг хүртэл ашиглаж зардаг юм байна. СО2-ыг зардаг анхны компани юм байна. Энэ хийг агаарт хийсгээд дараа нь бөөн юм болдог бол энэ үйлдвэр зардаг бүтээгдэхүүн болгочихсон байна. Олон жил тогтвортой ажиллаж буй ийм компанийн туршлага бидэнд их чухал. Ойрын хэдэн жилд Монгол Улс нүүрсээ байгалийн хий болгож хувиргаад түүгээрээ халаалтын асуудлаа шийдэх юм бол хувьсгал болно гэж үзэж байгаа. Ийм үйлдвэрийг барихад хувийн компаниуд дангаараа дийлэхгүй байж магадгүй. Олон санхүүжилт хийх хэрэгтэй. Америкаас технологийг нь авлаа гэхэд энэ улсын “Эксим” банкны санхүүжилтийг авч болно. Хамгийн үнэтэй зүйл бол эрүүл мэнд учраас хэзээ өртгөө нөхөх бол гэж мөнгөний тухай бодохоос илүүтэй үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрчихээд байгаа Улаанбаатарын утааны асуудлыг шийдэх нь чухал. Цэвэр түлш гэдгээрээ чухал л даа.
Мэдээж бусад химийн бодисууд нь дагалдах бизнес нь болох байх. Ер нь хэд хэдэн цахилгаан станц барихаар төлөвлөж байгаа. Станцаа уурхайн аман дээр баривал гарах эрчим хүчний үнэ нь хямдардаг гэдгийг бид энэ үйлдвэрт ирээд харлаа” гэжээ.


З.Энхболд: Монголд бүгдээрээ ирж эвийн хэлэлцээр хий


АНУ-д албан ёсны айлчлал хийж байгаа УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнтэй уулзаж, Монгол Улс, НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын бусад асуудлаар санал солилцсон.
Уулзалтын дараа УИХ-ын дарга цөөн асуултад хариулт өгсөн байна.

-Та НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзаж, ямар асуудал хөндөж ярилцав?
-НҮБ-ын гишүүн 180 орон байдаг. Тэр дундаа Монгол Улс болон НҮБ-ын харилцаа онцлог ихтэй. Бид НҮБ-ын энхийг сахиулах хүчинд цэргийн хүч хандивладаг 10 том орны нэг нь.
Бас НҮБ-ын гишүүн олон байгууллагын амжилттай ажиллагсдын нэг нь гэж хэлж болно. Энэ мэтчилэн Монгол Улс цөөн хүн амтай гэдгээрээ бус үйл хэрэг, бодлого шийдвэрээрээ НҮБ-ын ажиллагаанд идэвхтэй оролцдог. Шууд хэлбэл байгаа хүчин чадлаасаа илүү хэмжээний оролцоотой байдаг гэж үнэлдэг учраас Монгол Улс, НҮБ-ын харилцаа харьцангуй өндөр төвшинд байдаг. Үүний нэг илрэл нь өнөөдрийн уулзалт болж байна. Уулзалтаар Суданд цэрэг, эмнэлгийн тусламж оруулсан гээд бүх зүйлийг ярилаа. Мөн ноён Бан Ги Мүн Монголд очихдоо далайд гарцгүй орнуудын судалгааны төвийг Улаанбаатарт байгуула­хаар болсон. Улсын төсөвт энэ судалгааны төвийн зарим зардал суусан.
Тэр ажлаа хурдан эхэлье. Далайд гарцгүй орнуудын хөгжил хэрхэн далайд гарцтай болох вэ, ямар зардал төлөх вэ гэдгээс хамаарч байгаа учраас Монгол Улс энэ тал дээр хамгийн их анхаарал тавьдаг. Тиймдээ ч өөрийнхөө төсвөөс тэнд ажиллах хүмүүсийн цалинг гаргаж, ажлыг нь эрчимжүүлье гэж байгаа. Түүнчлэн цэргийн хүч хандивлагч орны хувьд энгийн орнуудад монгол офицеруудаа оруулах талаар ярьсан.

-Хоёр Солонгос зөрчилд­сөөр байгаа талаар ноён Бан Ги Мүнтэй ярилцав уу?
-Хоёр Солонгостой манай улс сайн харилцаатай байдгийн хувьд үүсээд буй асуудлыг нь шийдэх боломжтой гэдгийг хэлсэн. Яагаад гэвэл зүүн хойд Азийн өөр хоорондоо асуудалтай зургаан улстай бүгдтэй нь эв найрамдалтай цорын ганц улс нь Монгол.

Тиймээс Монголын нутаг дэвсгэрт бүгдээрээ ирж эвийн хэлэлцээр хий. Бид та бүхний уулзалтын цэг больё. Та бүхэнтэй бүгдтэй чинь сайн харилцаатай байна гэдгээ илэрхийлж байгаа. Аюулгүй байдлын асуудлаа эвээр шийдчихвэл зүүн хойд Азийн хөгжил цаашид эрчимжинэ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан